Нийслэлийн Соёл, урлагийн газрын албан ёсны цахим хуудсаар зочилж буй танд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

       1937 онд үндэс суурь нь тавигдаж өдгөө 86 жилийн түүхэн замналыг туулж буй Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар нь соёлын талаарх төр, орон нутгийн бодлого, Засаг даргын соёл, урлагийн чиглэлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, иргэд болон байгууллагуудад соёл, урлагийн чиглэлийн төрийн үйлчилгээг хүргэх олон талт үүргийг гүйцэтгэдэг.

       Улаанбаатар хот олон улсын жишгээр метрополитан буюу нэг саяас дээш хүн амтай, том хотын тоонд ороод багагүй хугацаа өнгөрсөн. Өнөөдөр зөвхөн байнгын оршин суугчдын тоо 1 сая 691 мянга гаруй, түр оршин суугчид болон зорчин явагчдын тоо улирлаас хамааран 500 мянга хүртэл тоогоор нэмэгдэж, их хот маань эдийн засаг, улс төр, олон улсын харилцааны төв цэг болж, өдрөөс өдөрт хөгжин цэцэглэсээр байна.

Бид Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, Бүтээлч хотын сүлжээнд нэгдэн орох асуудлыг эн тэргүүний зорилт болгон ажиллаж байна.

Иргэн та нийслэл хотод оршин сууж буй уугуул болон суугуул гэдгээс үл хамааран, энэ цаг мөчид Улаанбаатар хотод байгаа л бол хотын соёлыг төлөвшүүлэх, иргэдийн соёлыг дээшлүүлэх, ард нийтийг соён гэгээрүүлэх ариун үйлст хүчээ нэгтгэж, хамтран зүтгэцгээе хэмээн уриалж байна.

Урлагийн тэнгэр Янжинлхам бурхан таныг өнөд ивээж явах болтугай.

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗРЫН ДАРГА

                                          ЭНХТАЙВАНЫ ЦЭНД-АЮУШ