“POP OPERA LIVE CONCERT” ТОГЛОГДОНО

Монголын сонгодог урлаг тэр дундаа поп опера төрлийн урлагийн тод төлөөлөл болсон хамтлагууд болон сонгодог урлагийн сор болсон дуучдын хамтарсан “Pop Opera Live Concert” 07 дугаар сарын 13-ны өдрийн 19:00 цагт ДБЭТ-ын тайзнаа тоглогдоно.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газраас Улаанбаатар хотыг “Зүүн хойд Азийн бизнес, соёл, санхүү, аялал жуулчлалын төв” болгох зорилтыг дэвшүүлэн дотоод, гадаадын иргэд, жуулчдад зориулсан олон талт арга хэмжээг зохион байгуулдаг. Энэхүү зорилтын хүрээнд жил бүр уламжлал болгон зохиогддог томоохон үйл ажиллагаануудын нэг нь “Best Of Classics” буюу сонгодог урлагийн тоглолт юм. Энэ жилийн хувьд тус тоглолтыг поп опера хэлбэрээр зохион байгуулж байгаа бөгөөд поп опера урлагийн тод төлөөлөл болсон Нюанс, Увертюра, Консонанс хамтлагууд болон сонгодог урлагийн сор болсон дуучин МУГЖ Ө.Уянга, МУСТА Т.Энхбат, МУСТА Б.Батжаргал, МУСТА Э.Анхбаяр, Э.Адъяасүрэн, Г.Энхнаран нар оролцоно.

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Ардын хувьсгалын 98 жил, Нийслэл Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны 380 жилийн ойд зориулан зохион байгуулж буй тус тоглолтыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан УДБЭТ, “Удиртгал хөгжим” ТББ, Анир студи, “D Lights” ХХК-тай хамтран зохион байгуулж байна.

Энд дашрамд дуулгахад Монгол Улсын Засгийн газраас баталсан “Сонгодог урлаг III” үндэсний хөтөлбөрийн хүрээнд нутгийн өөрөө удирдах байгууллагаас санаачилга гаргаж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор “Best Of Classics” буюу сонгодог урлагийн тоглолтыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн билээ.

IMG_3181

ЯПОН УЛСЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАВ

Япон Улсын “Япон Монголын бизнесийг дэмжих төв” ТББ-ын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хамтран ажиллах асуудлуудыг хэлэлцэж цаашид хэрэгжүүлэх боломжтой хоёр ажилд санал солилцов. Монгол Улсад зохиогчийн эрхийг хамгаалах, уран бүтээлчдийг дэмжих чиглэлээр караоке үйлчилгээнд тоолуур бүхий шинэ систем нэвтрүүлэх, Улаанбаатар хотын музейн барилгын сэргээн засварлалт, музейн өргөтгөлийн талаар талууд санал солилцов.

2 5

НАЛАЙХ ДҮҮРЭГТ МУЗЕЙ БАЙГУУЛНА

Монгол Улс, Бүгд найрамдах Турк улсын хооронд дипломат харилцаа тогтсоны 50 жилийн ой өчигдөр тохиов. Турк улсын ЭСЯ-аас энэ хугацаанд хоёр улсын хооронд явагдсан ажлуудыг танилцууллаа.

Соёлын харилцааны хүрээнд МУИС-д Түрэг судлалын хүрээлэн байгуулж соёл, түүхийн салбарын судалгаа шинжилгээг эрчимжүүлэх зорилготой байгаа аж. Мөн МУИС-ийн оюутнуудад бакалавр, магистрийн зэргийн тэтгэлэгт хөтөлбөрүүдийг зарлахаас гадна Турк судлалын ангид шинээр элсэх 15 оюутныг тус улсад үнэ төлбөргүй тэтгэлгээр сургахаар болжээ. Уг хөтөлбөр цаашид тогтмол хэрэгжих юм.

Туркийн Тика байгууллагаас өнгөрсөн хугацаанд Монгол Улсад 640 гаруй хөтөлбөр хэрэгжүүлсэн бөгөөд энэ жил 60 гаруй төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Төсөл хөтөлбөрөөс онцолбол, Налайхын мэргэн Тоньюкукийн гэрэлт хөшөөний орчимд музей байгуулахаар 2-3 сая ам.долларын санхүүжилт хийхээр тооцоолжээ. Түүнчлэн 2018 онд хоёр улсын гадаад худалдаа 43-44 сая ам доллар байсан. Үүний ихэнх хувь нь Турк улсаас Монгол улсад оруулж буй импорт эзэлжээ.

1

“УЛААНБААТАР ЭДИЙН ЗАСАГ ФОРУМ” ИРЭХ БААСАН ГАРИГТ ЭХЭЛНЭ

“Улаанбаатар эдийн засаг форум” нь 2015 оноос хойш жил бүр “Улаанбаатар хөрөнгө оруулалт” нэрийн дор зохион байгуулагдаж ирсэн. Энэ жилийн хувьд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, “Улаанбаатар  хөгжлийн корпораци” ХК, Улаанбаатар хотын Худалдааны танхим, “Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежментийн компани” ХХК хамтран энэ сарын 28-нд буюу ирэх баасан гаригт “Блю Скай” зочид буудалд зохион байгуулна.

Энэ жилийн форумын онцлог нь нийслэлийн харьяа байгууллагуудын хийсэн хотын нийгэм, эдийн засгийн судалгаа, тооцооллын үн дүнг олон нийтэд анх удаагаа нээлттэй танилцуулна. Түүнчлэн эрдэм шинжилгээний байгууллагуудаас хийсэн шинжлэх ухааны үндэслэлтэй тооцоо судалгаанд суурилсан, нийгмийн өндөр үр өгөөж бүхий төслүүдийг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн эдийн засгийн үр өгөөжтэй, бизнесийн харилцан ашигтай хамтын ажиллагааны зарчмаар хэрэгжүүлэх боломжийг танилцуулах зорилгоор илтгэл болон хэлэлцүүлэг гэсэн үндсэн хоёр хэсэгт хуваан “Залуусын хот”, “Хотын хөдөлгөөн, тээврийн шинэчлэл”, “Хотын хэрэглээ”, “Хотын эдийн засаг” гэсэн дөрвөн сэдвийн хүрээнд явагдах юм гэж Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

1

ГАДААД ИРГЭДИЙН ДУНД “БЭСРЭГ НААДАМ” ЗОХИОН БАЙГУУЛНА

Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын Хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг угтан “MNB WORLD” суваг нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран “AIM, WRESTLE, RACE” бэсрэг наадмыг гадаадын иргэдийн дунд анх удаа зохион байгуулах гэж байна.

Тус наадам нь эрийн гурван наадмын үүх түүх, ёс заншил, дэг жаягийг гадаадын иргэд, жуулчдад сурталчлан нүүдэлчин ард түмний соёлтой танилцуулах зорилготой бөгөөд наадмын үеэр гадаад оролцогчид бөх барилдан, морь уралдуулж, нум сум харван наадамлаж хотол олныг баясгана. Мөн “Сондор” хамтлагийн үндэсний урлагийн тоглолт, Монголын кино орлон тоглогчдын “Mongol stunt” нэгдсэн холбооны үзүүлбэр, гадаад эрэгтэй оролцогчдийн дунд сээр цохих тэмцээн, хүүхдүүдийн дунд модон морины уралдаан болно.

Бэсрэг наадам энэ сарын 29-ний бямба гаригийн 13:00 цагт “Монгол Номадик” цогцолборт эхэлнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг 99765362, 88835280 утсаар лавлана уу.

“MNB WORLD” суваг нь Монгол Улсаа дэлхий дахинд сурталчлан таниулах зорилгоор өнгөрсөн оноос эхлэн Монголын түүх соёл, өв уламжлал, эдийн засаг, аялал жуулчлал, боловсрол, урлаг, спорт зэрэг нийгмийн бүхий л салбарыг хамарсан мэдээ, нэвтрүүлгийг англи хэлээр түгээж эхэлсэн бөгөөд та бүхэн кабелийн 68 дугаар сувгаар үзэх боломжтой гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

ДҮҮРГҮҮДИЙН СОЁЛЫН ОРДНЫ ДУГУЙЛАНГИЙН БАГШ НАРЫН СУРГАЛТ ӨНӨӨДРӨӨС ЭХЭЛНЭ

Нийслэлийн Соёл, урлагийн газраас харьяа байгууллагууд тэр дундаа нийслэлийн дүүргүүдийн соёлын ордны дуу, бүжиг, хөгжмийн дугуйлангийн багш нарт зориулсан вакумжуулсан сургалтыг СУИС-тай хамтран тус сургуулийн харьяа “Эгшиглэн” зуны сургалтын төвд 6-р сарын 25-наас 28-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа билээ.

Дүүргүүдийн соёлын ордны багш нарын чадавхийг сайжруулах, туршлага солилцуулах зорилготой тус сургалтад нийслэлийн 7 дүүргийн соёлын орднуудын 25 багшийг хамруулж байгаа бөгөөд сургалт өнөөдрөөс эхэлж байна. Энэ дашрамд дуулгахад нийслэлийн соёл, урлагийн салбарын ажилтан, албан хаагчид, уран бүтээлчдийг чадавхижуулах сургалтуудыг мэргэжлийн төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран тогтмол зохион байгуулахаар төлөвлөж байна.

28684D94-FB6B-46DF-9FA8-080CC295456A

УЛААНБААТАР ХОТЫН МУЗЕЙГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАНА

Нийслэлийн нутаг дэвсгэр дэх 100 ба түүнээс дээш жилийн насжилттай түүх, соёлын дурсгалт барилга, байшинг сэргээн засварлах, хадгалж хамгаалах “Соёлын өвд ээлтэй Улаанбаатар” аяныг хэрэгжүүлж эхлээд байна. Улаанбаатар хотын 380 жилийн ойг тохиолдуулан Энэ аяны хүрээнд 1919 онд баригдсан Улаанбаатар хотын музейн түүхэн дурсгалт барилгыг сэргээн засварлах, музейн барилгын өргөтгөлийн зураг төсөл хийх хөрөнгийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар баталлаа.

Улаанбаатар хотын музейн байшинд 1921 оны 7 дугаар сард МАН-ын Төв хороо, Ардын түр Засгийн газар, Цэргийн төв штаб, 1944-1953 онд Д.Сүхбаатарын музей, 1956 оноос хойш Улаанбаатар хотын музей байрлаж байна. Энэхүү түүхэн дурсгалт байшинд 1961 оноос хойш их засвар хийгдээгүй аж. Улаанбаатар хотын түүхийг харуулсан 3200 гаруй үзмэр уг музейд хадгалагддагаас байрны багтаамжаас шалтгаалж 100 гаруй үзмэрийг л олон нийтэд дэлгэн үзүүлдэг байна.

Улсын хамгаалалтын зэрэглэлд авсан уг байшинг сэргээн засварлаж, музейг өргөтгөснөөр Улаанбаатар хотын хөгжлийн түүхийг орчин үеийн шийдэл, загвартай танхимаар олон нийтэд сурталчлан таниулах, хотын үнэт өв болсон үзмэрүүдийг музейн стандартын дагуу хадгалж хамгаалах орчин бүрдэх ач холбогдолтой юм.

65055445_722020591564863_4603836733765713920_n_20190624090240 65383832_2391676277732714_6219541205034729472_n_20190624090243

ГАЗРЫН ДАРГЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛААР ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ХҮСЭЛТҮҮДИЙГ ХЭЛЭЛЦЭЖ ШИЙДВЭРЛЭЛЭЭ

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 35 дугаар тогтоолоор батлагдсан “Соёл, урлагийн сургалт цэнгээнт үйлчилгээний журам”-ын хэрэгжилтийг хангаж ажиллах үүднээс 2019 оны 06 дугаар сарын 06 наас 20-ны хооронд хүсэлтээ ирүүлсэн 13 аж, ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, хүсэлтийг судлан үзэж, журмын шаардлага хангасан 10 аж ахуй нэгжид тусгай зөвшөөрлийн гэрчилгээг олгохоор болсон. Түүнчлэн журмын шаардлага хангаагүй 3 аж ахуй нэгжид татгалзсан хариуг хүргүүлсэн.

2019 оны 06 дугаар сарын 06-20-ны хооронд цэнгээнт үйлчилгээний тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгогдсон аж ахуй нэгжүүдийн жагсаалт:

1. “Акаги яма” ХХК

           2. “Эрхэст загал” ХХК

           3.  “Глади” ХХК

           4. “Их Мөнгөн Завъяа” ХХК

           5. “Батсогоот” ХХК

           6. “Молор трейд” ХХК

           7. “Гэрэлт цэцэглэн гоо” ХХК

           8. “Уян хайрхан ” ХХК

           9. “Болор завъяа” ХХК

          10. “Гамба” ХХК

IMG_8256 - Copy

СОЛОНГОС УЛСЫН “КРАҮНЬ-ХЭТЭ” ГРУППЫН УДИРДЛАГУУД НСУГ-ААР ЗОЧИЛЛОО

Солонгосын Элчин сайдын яам, “Краүнь-Хэтэ” групп хамтран Рагым Солонгосын үндэсний хөгжмийн “Янжу пүнрюү” чуулгын тоглолтыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 06 сарын 19-ны өдөр ДБЭТ-ын тайзнаа амжилттай зохион байгуулсан билээ. Тэгвэл өнөөдөр тус тоглолтыг зохион байгуулсан “Краүнь-Хэтэ” групп удирдлагууд НСУГ-аар зочиллоо.

 1

Тус уулзалтын хүрээнд Солонгос Улсад ирэх 10 дугаар сард зохион байгуулагдах “Ариранг” ардын урлагийн наадамд Улаанбаатар хотоос төлөөлөл оруулцах мөн соёл, урлагийн бусад чиглэлээр цаашид хамтран ажиллах талаар санал солилцлоо.

ДҮҮРГҮҮДИЙН СОЁЛЫН ОРДНЫ ДУГУЙЛАНГИЙН БАГШ НАРЫГ СУРГАЛТАД ХАМРУУЛНА

Нийслэлийн Соёл, урлагийн газраас харьяа байгууллагууд тэр дундаа нийслэлийн дүүргүүдийн соёлын ордны дуу, бүжиг, хөгжмийн дугуйлангийн багш нарт зориулсан вакумжуулсан сургалтыг СУИС-тай хамтран тус сургуулийн харьяа “Эгшиглэн” зуны сургалтын төвд 2019 оны 6-р сарын 25-наас 28-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Дүүргүүдийн соёлын ордны багш нарын чадавхийг сайжруулах, туршлага солилцуулах зорилготой тус сургалтад нийслэлийн 7 дүүргийн соёлын орднуудын 25 багшийг хамруулж байна. Энэ дашрамд дуулгахад нийслэлийн соёл, урлагийн салбарын ажилтан, албан хаагчид, уран бүтээлчдийг чадавхижуулах тус сургалтыг мэргэжлийн төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран тогтмол зохион байгуулна.