“ХҮРЭЭ МАЙДАР СОЁЛЫН ТӨВ” ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ХАМТРАН АЖИЛЛАНА

Богд Хаант Монгол Улсын нийслэл Их хүрээний төв болох Зүүн Хүрээ буюу одоогийн Улаанбаатар хотын бага тойруугийн хойд хэсэгт орших V Богд Живзундамба хутагт Богд гэгээний зарлигаар Их хүрээний Хамбо номун хан Агваанхайдав тэргүүлж, Монгол түмэн олноороо оролцож, 130-аад оны дунд үед Майдар бурхныг дуганы хамт бүтээсэн. Тухайн үед уг бурханыг наян тохой өндөр бүтээсэн талаар сурвалж бичгүүдэд дурдсан байдаг.

Тус урлагийн бүтээлийг 1940-өөд оны үед устаж алга болгосон бөгөөд Зүүн Хүрээ Дайшчойлин хийдийн захиргааны зүгээс уг бурхан болон сүмийг сэргээн барих ажлыг “Хүрээ Майдар соёлын төв” нэртэйгээр 2017 оны 05 дугаар сараас эхлэн гүйцэтгэж, одоогоор барилга угсралтын карказ цутгалт, фасад, шилэн хана, дээвэр, цонх зэрэг ажлуудыг бүрэн хийж дуусгаад байна.


Тус соёлын төв нь иргэд олон нийтийн Буддын шашны сургаалаар соён гэгээрүүлэх, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, соёлын өвийг сурталчлан таниулах зорилгоор ресторан, кофе шоп, мини театр, шилэн гүүр, цахилгаан шат зэрэг орчин үеийн энтертайнмент хэлбэрээр үйл ажиллагаа явуулахаар төлөвлөжээ.

Өнөөдөр тус соёлын төвд Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн ажиллаж, дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах гарц шийдлийн талаар болон Нийслэлийн 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусган ажиллахаар ярилцлаа.

“УРЛАГИЙН ХОТ УЛААНБААТАР” АЯНЫГ ӨРНҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

Нийслэлийн Соёл, урлагийн газрaaс “Урлагийн хот Улаанбаатар” аяныг өрнүүлж олон нийтэд дүрслэх урлагийн бүтээл туурвидаг уран бүтээлчдийг таниулах, дэмжин ажиллах зорилгоор Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Энх тайвны өргөн чөлөө, нийтийн эзэмшлийн (хуучнаар Ахмадын холбооны) талбайд орчин үeийн контемпорари бүтээлүүдийг цувралаар байрлуулах юм.

Монголын Урчуудын эвлэлийн хорооны дэргэдэх “Бий Контемпорари” арт галларейн уран бүтээлчидтэй хамтран 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн МУЭ-ийн шагналт, МУУГЗ, Олон Улсын “Норд арт” фестивалийн Гран при шагналт, уран барималч Аюурзанын Очирболдын “Ухамсар” хэмээх бүтээлээр аяныг эхлүүлж байна.

Уран барималч А.Очирболд нь “Амур”, “Буур Жамьян”, “Дэмүүл Арслан”, “Хотгойдын ван Чингүнжав”, “Мандухай сэцэн хатан” зэрэг алдартай баримлуудыг бүтээсэн уран бүтээлч бөгөөд нарны гэрлийг дагаж хөдөлснөөр цаг хугацааг илэрхийлж буй “Ухамсар” нэртэй уг бүтээл нь дэлхийн 192 орны бүтээлүүдээс сонгогдон Нэгдсэн Үндэстний Байгууллага /НҮБ/-ын төв байрны цэцэрлэгт хүрээлэнд байрлуулагдсан бүтээл юм.

Иргэд та бүхнийг халдвар хамгааллын дэглэмээ баримтлан тус урлагийн бүтээлийг үзэж, сонирхохыг урьж байна.

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

ДАМБАДАРЖААЛИН ХИЙДИЙГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАХ АСУУДЛААР АЖИЛЛАЛАА

Нийслэл Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дэх түүхэн дурсгалт барилга болох Дамбадаржаалин хийдийг Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хүрээнд сэргээн засварлах, шаардагдах зураг төсвийг боловсруулах талаар холбогдох албаны хүмүүс ажиллалаа.

Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 1.1.2 дахь “Нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа түүх, соёлын дурсгалт зүйлсийг хамгаалалтад авч сэргээн засварласан байна” заалт, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.6.7 дахь “Улс, нийслэл, дүүргийн хамгаалалтад байх түүх, соёлын дурсгалт газар, барилга байгууламжийг бүсчлэн хувааж аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгоно” гэж тусгасны дагуу Сүхбаатар дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Энхболд, Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн, Нийслэлийн Засаг даргын дэргэдэх соёлын өвийн зөвлөлийн гишүүн, Доктор, Архитектор З.Оюунбилэг, Соёлын өвийн үндэсний төвийн мэргэжилтэн болон бусад албаны төлөөлөл өнөөдөр Дамбадаржаалин хийдэд ажиллалаа.

Тус хийд нь Богдын Хүрээнээс үлдсэн хамгийн эртний архитектурын дурсгал бөгөөд тус хийдийг Манжийн хааны зарлигаар II Богд Жавзандамба хутагтын дурсгалд зориулан 1761-1765 онд баруун, зүүн Сэлбэ голын уулзварт байгуулжээ. Хийд нь ерөнхий төлөвлөлт, хийц, өнгө будаг, чимэглэлийн хувьд Амарбаясгалант хийдтэй адил бөгөөд боржин чулуу, хөх тоосго, хөх ваар, мод зэрэг нь барилгын үндсэн материал болдогоороо онцлогтой.

Сүхбаатар дүүргийн зүгээс Зонхов уулыг тахих, орчны тохижилт үйлчилгээг сайжруулах, Нийслэлийн зүгээс сэргээн засварлах зураг, төсвийг гаргуулах, өмчлөл болон хамгаалалтын бүс, газрын асуудлыг шийдэх тал дээр хамтран ажиллахаар ярилцлаа.

САЛБАРЫН АЛБАН ХААГЧДЫГ ШАГНАЖ, УРАМШУУЛЛАА

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 172 дугаар тогтоолоор батлагдсан “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх журам”-ын дагуу жил бүрийн 9 дүгээр сарын 2 дахь долоо хоногийн Ням гарагийг “Соёл, урлагийн ажилтны баяр” болгон тэмдэглэдэг уламжлалтай.

Шинэ төрлийн коронавирусын цар тахлын нөхцөл байдлаас хамааран энэхүү баярыг тэмдэглэхгүй хэдий ч соёл, урлагийн салбарт үр бүтээлтэй ажиллаж, хувь нэмрээ оруулсан хүмүүсийг шагнаж урамшууллаа.

Нийт шагнагдсан албан хаагчид, уран бүтээлчиддээ цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье.

УЛААНБААТАР ХОТЫН ХАМГИЙН АНХНЫ ХИЙД ДАНБАДАРЖАЙЛАН

Нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах 256 жилийн түүхт Данбадаржайлан хийдийн нөхцөл байдалтай Нийслэлийн Засаг даргын хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ж.Сандагсүрэн, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү, Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн, НЗДТГ, НСУГ-ын мэргэжилтнүүд 2021 оны 08 дугаар сарын 08-ны өдөр газар дээр нь очиж танилцлаа.

Улсын хамгаалалтын зэрэглэлтэй Дамбадаржаалан хийдийн хадгалалт хамгаалалт, цаашид сэргээн засварлах, орчин нөхцөлийг сайжруулах талаар төсөл боловсруулж нийслэлийн төсөв болон төсөл хөтөлбөрийн хүрээнд шийдвэрлэх боломжийг судлах чиглэлийг Нийслэлийн Засаг даргын орлогчийн зүгээс өглөө.

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

ХҮННҮГИЙН ЯЗГУУРТНЫ БУЛШНЫ АРХЕОЛОГИЙН СУДАЛГААНЫ ТӨСЛИЙН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

Нийсэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр Нийслэлийн Соёл, урлагийн газар, ШУА-ийн Археологийн хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын Бэлхийн амны Хүннүгийн язгууртны булшны археологийн судалгаа” төслийн явцтай Нийслэлийн Засаг даргын хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариусан орлогч Ж.Сандагсүрэн, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариусан орлогч М.Алтангэрэл, Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн, Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны Засаг дарга, НЗДТГ, НСУГ-ын мэрэгжилтнүүд 2021 оны 08 дугаар сарын 08-ны өдөр газар дээр нь очиж танилцлаа.

Тус төслийн хүрээнд Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дэх Бэлхийн амны Хүннүгийн язгууртны булш, оршуулга бүхий томоохон дурсгалт газрыг малтан судлаж, онцлог, он цагийн хамаарлыг тогтоон, соёлын өв, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох олон талт ажлыг хэрэгжүүлэх зорилготой судалгааны ажил 70 хувийн хэрэгжилттэй явагдаж байна.

Монгол-Унгарын хамтарсан судалгааны хүрээнд Н.Сэр-Оджав, Т.Хорватын нарын удирлага дор язгууртны булшны гурван дагуул булшинд 1961 онд гүймэг малтлага судалгааг гүйцэтгэж зарим морины тоног хэрэгсэл, зэр зэвсгийн үлдэгдэл, хүний ясны хэсгүүдийг олж илрүүлсэн бөгөөд түүнээс хойш өнөөг хүртэл уг дурсгалын бүтэц, он цаг, соёлын хамаарлыг тогтоох нарийвчилсан археологийн малтлага, судалгааны ажил хийгдээгүй байсан юм.

Судалгааны баг дурсгалын агаарын зургийг авч, нарийвчилсан хэмжилт, тодорхойлолтыг хийж, D GPS багажийн тусламжтай нийт 6 язгууртны булш, 4 дагуул булшны дэвсгэр зураг хийх ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд судалгааны үр дүнд одоогийн байдлаар баруун урагш чиглэсэн 4м урт үүдэвчтэй, 6,5 х 5м хэмжээтэй тэгш өнцөгт дөрвөлжин хэлбэрийн оршуулгын нүх, 3,5м гүнд язгууртны хэрэглэж байсан тэрэгний эд ангиуд болох хүрэл тоноглолын хэсгүүд илэрсэн ба язгууртан, ихэс дээдсийн талаарх олон талт мэдээллийг өгөх олдвор хэрэглэгдэхүүн, он цаг тогтоох материал цаашид илэрч олдох магадлал өндөр байна.

Уг дурсгалт газрыг соёлын өв, аялал жуулчлал бүтээгдэхүүн болгох үүднээс малтлага, судалгаа огт хийгдээгүй, хамгийн том хэмжээтэй 1-р булшийг цаашид ил үзмэр болгохоор төлөвлөж байгаа бөгөөд энэ удаад уг булшны гаднах нүсэр бүтэцтэй чулуун хүрээний баруун урд хэсгийг цэвэрлэх ажлыг гүйцэтгэж байна. 

Нийслэлийн Засаг даргын дэргэдэх ажлын хэсгийн хүрээнд уг дурсгалын хамгаалалтын бүсийг тогтоосон бөгөөд дурсгалын хадгалалт хамгаалалт, ил үзмэр, мэдээллийн төв, үйлчилгээний хэсгийг харуулсан төлөвлөлт бүхий аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох урьдчилсан төлөвлөлтийн зураг хийхээр боллоо.

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

НИЙСЛЭЛИЙН УДИРДЛАГУУД “ТУУЛЫН ХАР ТҮНЭ” АРХЕОЛОГИЙН СУДАЛГААНЫ ТӨСЛИЙН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

Нийсэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр Нийслэлийн Соёл, урлагийн газар, ШУА-ийн археологийн хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлж буй “Туулын хар түнэ” археологийн судалгааны төслийн явцтай Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ж.Сандагсүрэн, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү, Хан-уул дүүргийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин нийслэлийн Соёл, урлагийн газрын Соёлын хэлтсийн дарга С.Дэлгэрмаа, НЗДТГ, НСУГ-ын мэрэгжилтнүүд 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр газар дээр нь очиж танилцлаа.

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт орших түргэний голын киданы үеийн балгас буюу судлаачдын үзэж буйгаар “Ван хааны туулын хар түнийн орд” нь дундад зууны үеийн археологийн дурсгал бөгөөд уг дурсгалыг малтан судалснаар архитектурын онцлог, он цаг, хамрах хүрээг тогтоон, хамгаалах арга зүйг боловсруулж, соёлын өв, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох олон талт ажлыг хэрэгжүүлэх зорилготой юм.  Тус судалгааны ажил 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр эхэлсэн бөгөөд одоогоор 70 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байна.

            Судалгааны үр дүнд дурсгалын агаарын зургийг авч, нарийвчилсан хэмжилт, хотын туурийн хэрэм болон түүний дотор орших төв барилга, жижиг барилга байгууламжуудын бүтэц, рельефийг харуулсан дэвсгэр зургийг хийж, хотын хэрэмний хэсэгт бүтэц, он цагийг тодорхойлох зорилгоор 2 х 26 м сувгийн малтлага гүйцэтгэж, 4 м өргөн, 70 см өндөр шавар үелэн дагтаршуулсан шороон хэрэм, түүний гадна талаар 4 м өргөн, 60 см гүн сувагтай байгааг тогтоосон байна. Уг сувгийг ус нэвчихээс сэргийлэн улаан өнгийн шавраар нямбайлан доторлосон нь хэрмийн гадуур ус зайлуулах суваг зориуд хийсэн инженерийн байгууламж болохыг илтгэж байна. Хэрмийн дотор талд мал, амьтны ясны хаягдал бүхий нүх илэрсэн нь лабораторийн нарийвчилсан шинжилгээ хийх, хэрмийн он цагийг баттай тогтоох чухал хэрэглэгдэхүүн болж байна .

Уг ордны туурь нь шороон хэрэмний ерөнхий тэг, чиглэлтэй давхцахгүй байгаа нь өөр цаг үед холбогдохыг шууд илэрхийлж байна.

 Ордныг байгуулсан шороон суурь нь 34 х 18.5 м хэмжээтэй, тэгш өнцөгт хэлбэртэй бөгөөд цайвар өнгийн шавар дагтаршуулан дэлдэж 2.5 м өндөр шороон тавцан үүсгэн, шатаасан тоосгоор нямбайлан шалласан болохыг тодорхойлсон байна.

Шалны тоосгон өрлөгөөс үзэхэд уг барилга нь үүдний угтах хэсэг болон хэд хэдэн томоохон тасалгаанаас бүрдэх бөгөөд барилгын материал болох дээврийн ваар, нүүр ваар, тоосго, барилгын гоёл чимэглэл багагүй илэрч байгаа нь нарийн мэргэжлийн урчуудын оролцоотой, инженерийн хэмжилт тооцоо, төлөвлөлтийн дагуу баригдсан архитекторын уран тансаг шийдэлтэй, гоёмсог хийцтэй ордон байсныг илэрхийлж байна.

 Малтлагын явцад ордны шалыг тоосгоор шахаж хийснээс гадна хээ чимэглэл бүхий шигтгэмэл (мозаика) шалны арга зүйгээр үйлдсэн болохыг анх удаа илрүүлсэн нь эрдэм шинжилгээний хувьд ховор тохиолдох баримт хэрэглэгдэхүүн болж байна. Мөн ордны суурийн зүсэлтийн малтлагаар он цаг тогтоох модон байгууламжийн үлдэгдэл илэрч, олдоод байна.

Ордны туурийн орчимд барилгын материалын үлдэгдэл ихээр илэрч буй бөгөөд тэдгээрийн дотор 1000° дээш хэмд хэт шатаасан тоосго, дээврийн ваар зэрэг үйлдвэрлэлийн хаягдал цөөнгүй олдож байгаа нь ордноос холгүй, туул голын савд орон нутгийн түүхий эд ашиглан барилгын материалын үйлдвэрлэл явуулж байсныг шууд гэрчилж байна хэмээн ШУА-ын Археологийн хүрээлэнгийн удирдлага,  судалгааны ажлын багийн зүгээс танилцууллаа.

  Судалгааны ажлын үр дүн ач холбогдолтой танилцсан Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэнгийн зүгээс түүхэн ач холбогдол бүхий тус дурсгалын судалгааны ажлыг цаашид үргэлжлүүлэн хийх, нийслэл орчмын түүх соёлын дурсгалуудыг мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллагын судалгаа шинжилгээн дээр үндэслэн сэргээн засварлаж, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгож эдийн засгийн эргэлтэд оруулах талаар онцгойлон анхаарч, ажлын хэсэг байгуулан нарийвчилсан төлөвлөлт бүхий төслийг ойрын хугацаанд хийж нийслэлийн төсөв болон гадаад, дотоодын төсөл арга хэмжээний  хүрээнд шийдвэрлэх боломжийг судлах талаар холбогдох байгууллагуудад чиглэл өглөө.

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

УЛААНБААТАР ХОТЫН МУЗЕЙ ОЛОН НИЙТЭД ЗОРИУЛСАН ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЦАХИМААР ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү, Нийслэлийн Соёл, урлагийн газрын Урлагийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Батчимэг тэргүүтэй холбогдох албаныхан Улаанбаатар хотын музейд ажиллалаа.

Улаанбаатар хотын музей нь 1956 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 3394 үзмэрийг хадгалан хамгаалдаг. Гэвч музейн зай талбайн хүрэлцээгүй байдлаас үүдэн нийт үзмэрийнхээ 5-8 хувийг үзвэрийн танхимд дэлгэсэн бол үлдсэн хэсгийг сан хөмрөгтөө хадгалдаг аж. Тус музейд хадгалж буй хамгийн эртний олдвор таван сая жилийн өмнөх үед холбогдох арслан зааны чулуужсан яснууд юм. Түүнчлэн чулуун зэвсгийн үе, хүрэл, төмөр зэвсгийн үе болон хүннү гүрний үед холбогдох эд өлгийн зүйл ч хадгалагддаг.

Боловсрол, Соёл шинжлэх ухааны яамны харьяанд байсан тус музей нь 2020 оноос хойш Улаанбаатар хотын харьяанд орсон юм. Тухайн жилдээ төсвийн тодотголд багтсанаар музейн үйл ажиллагаа, хадгалалт, хамгаалалт, бүтэц, зохион байгуулалтын асуудлууд тодорхой хэмжээгээр шийдэгдсэн. Тодруулбал, нийслэлийн харьяанд орсноор анх удаа музейн үзмэр хадгалж, хамгаалах төсөвтэй болжээ. Мөн 2016 оноос хойш тус музейд нэмэлтээр долоон төрлийн орон тоо шаардлагатай байсныг төсвийн тодотголд оруулж, ажилчдын цалин хөлс, ажлын ачааллыг шийдвэрлэж чаджээ. Боловсролын ажилтантай болсноор 2014 оноос эхлэн хотын түүх соёлыг түгээх, танин мэдүүлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр тогтмол ажлуудыг зохион байгуулж ирсэн байна. Тухайлбал, есөн дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудад олон улсын арга зүйд нийцсэн, сонирхолтой хичээл, лекц, үзэсгэлэн, арга хэмжээнүүдийг зохион байгуулан, мэдлэг олгох ажлыг хэрэгжүүлж иржээ.

Улаанбаатар хотын музейн захирал С.Цацралт “Улаанбаатар хотын музейг олон нийтэд илүү таниулах, энд тулгарч байгаа саад бэрхшээлийг шийдвэрлэх талаар өнөөдөр ийнхүү уулзаж, ярилцаж байгаад маш их баяртай байна. Тулгамдаж буй асуудлуудаа шийдвэрлэж чадвал хэдхэн жилийн дараа хотын түүхийг өгүүлэх, стандартад нийцсэн, түүх дурсгалаа хадгалсан байртай болно гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээн музейн үйл ажиллагаатай танилцсан албаныханд хэлж байлаа.

Харин тус музейн арга зүйч Э.Гэрэлмаа “Нийслэлийн харьяанд орсноор төсөв, санхүүгийн асуудлууд тодорхой хэмжээнд шийдэгдэж байгаа. Жишээлбэл, манай музей түүхэндээ анх удаа музейн сан хөмрөгийг нэмэгдүүлэх төсөвтэй болсон. Үүгээрээ судалгаа, шинжилгээ хийн, музейн сан хөмрөгт зайлшгүй оруулах шаардлагатай бүтээлүүдийг нэмээд явж байгаа. Хадгалалт, хамгаалалтын тал дээр ч дэвшил гарч эхний ээлжид баримт бичгийн үзмэрүүдийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулсан. Цаашид тоног төхөөрөмжийн тал дээр илүү анхаарч ажиллах шаардлагатай байна” хэмээсэн юм.

Цар тахлын нөхцөл байдлаас улбаалан музейн олон нийтэд чиглэсэн биет үйл ажиллагаа зогссон хэдий ч “Хотын түүхийг анимэйшнээр” цуврал бүтээл, “Бидний хот” нэртэй хотын түүхийг хоёр минутад өгүүлэх подкаст, “Нийслэл хүрээ” комикс цуврал болон цахим үзэсгэлэнг санаачлан хэрэгжүүлж байгаа юм. Улаанбаатар хотын музейгээс зохион байгуулж буй цахим үзэсгэлэнг дараах http://www.ubmuseum.mn/ холбоосоор үзээрэй.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

“БЭЛХИЙН АМНЫ ХҮННҮГИЙН ЯЗГУУРТНЫ БУЛШ”, “ТУУЛЫН ХАР ТҮНЭ ОРДОН”-Ы АРХЕОЛОГИЙН СУДАЛГААНЫ ТӨСЛҮҮД АМЖИЛТТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 02/10 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн зорилтын хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/496 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт “Бэлхийн амны Хүннүгийн язгууртны булшны археологийн судалгаа”, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт “Туулын Хар түнэ ордон”-ы археологийн судалгаа төслүүдийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.

Нийслэлийн Соёл, урлагийн газар, Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлж буй төслүүд 2021 оны 6 дугаар сарын сүүлээр эхэлсэн ба судалгааны ажил амжилттай үргэлжилж байна.

“Бэлхийн амны Хүннүгийн язгууртны булш” 

        “Бэлхийн амны Хүннүгийн язгууртны булш”  дурсгалын агаарын зургийг авч, нарийвчилсан хэмжилт, тодорхойлолтыг хийж, D GPS багажийн тусламжтай нийт 6 язгууртны булш, 4 дагуул булшны дэвсгэр зураг хийх ажлыг гүйцэтгэж байна.

              Хүннүгийн язгууртны 3 дугаар булшийг сонгон, малтлага судалгааг гүйцэтгэхэд уг булш нь 16 метр голчтой чулуун дараастай, төв хэсэгтээ эрт үед тоногдсон болохыг гэрчлэх 2 метр гүн тонуулчдын нүхний ул мөртэй байсан ба малтлагын явцад баруун урагш чиглэсэн 4 метр урт үүдэвчтэй, 6.5х5 метр хэмжээтэй тэгш өнцөгт дөрвөлжин хэлбэрийн оршуулгын нүх, 3.5 метрийн гүнд язгууртны хэрэглэж байсан тэрэгний эд ангиуд болох хүрэл тоноглолын хэсгүүдийг илрүүлээд байна. Одоогоор булшны малтлага 5.1 метрийн гүнд үргэлжилж байна.

“Туулын Хар түнэ ордон”

                 Хотын хэрэмний хэсэгт бүтэц, он цагийг тодорхойлох зорилгоор 2х26 метр сувгийн малтлага гүйцэтгэж, 4 метр өргөн, 70 см өндөр шавраар үелэн дагтаршуулсан шороон хэрэм, гадна талаараа 4 метр өргөн, 60 см гүн сувагтай байгааг тогтоож уг сувгийг ус нэвчихээс сэргийлэн улаан өнгийн шавраар нямбайлан доторлосон нь хэрмийн гадуур ус зайлуулах суваг зориуд хийсэн инженерийн байгууламж болохыг илтгэж байна. Хэрмийн дотор талд мал, амьтны ясны хаягдал бүхий нүх илэрсэн нь лабораторийн нарийвчилсан шинжилгээ хийх, хэрмийн он цагийг баттай тогтоох чухал хэрэглэгдэхүүн болно гэж үзэж байна. 

                 Ордныг байгуулсан шороон суурь нь 34х18.5 метр хэмжээтэй, тэгш өнцөгт хэлбэртэй бөгөөд цайвар өнгийн шаварыг дагтаршуулан дэлдэж 2.5 метр өндөр шороон тавцан үүсгэж, шатаасан тоосгоор нямбайлан шалласан болохыг тодорхойлсон.  Малтлагын явцад ордны шалыг тоосгоор шахаж хийснээс гадна хээ чимэглэл бүхий шигтгэмэл (мозаика) шалны арга зүйгээр үйлдсэн болохыг анх удаа илрүүлсэн нь эрдэм шинжилгээний хувьд ховор тохиолдох баримт хэрэглэгдэхүүн болж байна.

              Нийслэлийн Засаг даргын дэргэдэх ажлын хэсгийн хүрээнд уг дурсгалуудын хамгаалалтын бүсийг тогтоосон бөгөөд дурсгалын хадгалалт хамгаалалт, ил үзмэр, мэдээллийн төв, үйлчилгээний хэсгийг харуулсан төлөвлөлт бүхий аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох урьдчилсан эскиз зураглалыг хийж байна.       Бид бүхний хамтарсан энэхүү судалгаа амжилттай хэрэгжсэнээр, археологийн малтлага судалгааг цаашид тогтмол явуулж, түүхэн дурсгалт газрыг хадгалан хамгаалж, соёлын өв, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон, олон нийтэд зөв зохистой сурталчлан таниулна гэдэгт итгэлтэй байна.

“БЭЛХИЙН АМНЫ ХҮННҮГИЙН ЯЗГУУРТНЫ БУЛШНЫ АРХЕОЛОГИЙН СУДАЛГАА” ТӨСЛИЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 02/10 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн зорилтын хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/496 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт “Бэлхийн амны Хүннүгийн язгууртны булшны археологийн судалгаа”, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт “Туулын Хар түнэ ордон”-ы археологийн судалгаа төслүүдийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.

Нийслэлийн Соёл, урлагийн газар, Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнтэй хамтран тус төслийг хэрэгжүүлэх бөгөөд  2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр төслийн нээлтийн үйл ажиллагаа боллоо.

Нээлтийн үйл ажиллагаанд ШУА-ийн Дэд ерөнхийлөгч Г.Чулуунбаатар, Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Б.Обрушанки, Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн, Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга А.Ариунгэрэл, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал Г.Эрэгзэн, эрдэмтэн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэ-Очир болон төслийг дэмжигч болон хамтран хэрэгжүүлэгч байгууллагын удирдлага, албан хаагчдын төлөөлөл оролцлоо.

Монголын эртний нүүдэлчдийн анхны төрт улс Хүннү гүрний ихэс дээдсийн булш, оршуулга бүхий Бэлхийн амны дурсгал нь Нийслэл хотын нутаг дэвсгэрт орших бөгөөд Монгол ба бүс нутгийн хүннүгийн археологийн судалгаанд томоохон байр суурийг эзэлдэг. Монголын төдийгүй дэлхийн археологийн хосгүй нандин өв болох энэхүү дурсгалыг 1998 онд Монгол Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад бүртгэсэн байдаг.

Евразийн бүс нутагт бүртгэгдсэн Хүннүгийн язгууртны оршуулгын 13 цогцолбороос 9 дурсгал Монгол Улсын нутагт илэрч мэдэгдсэн нь Хүннү гүрний төв Монгол Улсын нутаг дэвсгэр байдаг. Эдгээр 9 цогцолбороос 1 дурсгал Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт илэрсэн нь Бэлхийн амны хүннүгийн язгууртны оршуулгын дурсгал болно. 1961 онд Н.Сэр-Оджав, Т.Хорват нарын удирдсан Монгол-Унгарын хамтарсан судалгааны баг Бэлхийн амны 3 дагуул булшинд судалгаа явуулж морины тоног хэрэгсэл, зэр зэвсэг, төмөр эдлэл, антропологийн хэрэглэгдэхүүнийг илрүүлэн анх удаа эрдэм шинжилгээний эргэлтэд оруулжээ

Энэхүү хамтарсан судалгааны хүрээнд Бэлхийн амны дурсгалын бүтэц зохион байгуулалтыг тодорхойлж, олдвор эд өлгийн зүйлс, палеоанропологи, палеозоологийн хэрэглэгдэхүүнд тулгуурлан он цагийн хамаарлыг тогтоон олон чухал үр дүнг бий болгож, цаашид хадгалж хамгаалах, сурталчлан таниулах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох зэрэг олон талт үйл ажиллагааг төлөвлөж байна.

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР