УЛААНБААТАР ХОТЫН СОЁЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛ, СОЁЛЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЦАХИМ ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Улаанбаатар хотын соёлын үйлдвэрлэл, соёлын аялал жуулчлалын өнөөгийн байдал, нийгэм эдийн засагт гүйцэтгэх үүрэг, цаашдын хөгжлийн чиг хандлага, бодлого, төлөвлөлтийн талаар хэлэлцсэн цахим форум “Улаанбаатар хотын соёл үйлдвэрлэл- түншлэл”, “Улаанбаатар хотын соёлын аялал жуулчлал-түншлэл”, “CREATE 2030” хэсгүүдтэйгээр өнөөдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа.

“Улаанбаатар хотын соёл үйлдвэрлэл- түншлэл” хэсгийг Бүтээлч үйлдвэрлэл инновацийн төвийн захирал, доктор дэд профессор Ж.Эрхэмтөгс удирдаж Бүтээлч үйлдвэрлэл инновацийн төвийн захирал, доктор дэд профессор Ж.Эрхэмтөгс “Соёлын үйлдвэрлэлийн Нийслэлийн нийгэм, эдийн засагт гүйцэтгэх үүрэг” сэдвээр, СЭЗИС-ийн багш, доктор Ч.Энхболд “Соёлын үйлдвэрлэл ба Ковид 19” сэдвээр, Нийслэлийн Соёл, урлагийн газрын Соёлын хэлтсийн дарга С.Дэлгэрмаа “Нийслэлийн соёлын үйлдвэрлэлийн талаар баримталж буй бодлого түүний хэрэгжит” сэдвээр тус тус илтгэл тавилаа.

“Улаанбаатар хотын соёлын аялал жуулчлал-түншлэл” хэсгийг Монголын соёлын аялал жуулчлалын холбооны тэргүүн, доктор Б.Мөнхбадрал удирдаж, СУИС, Соёлын сургуулийн ССССПБ-ын дэд профессор, доктор Ч.Мөнхжаргал “Соёлын аялал жуулчлал: Улаанбаатар хотын өнөөгийн байдал, чиг хандлага” сэдвээр, Тогтвортой аялал жуулчлалын хөгжлийн төвийн ТУЗ-ийн дарга Д.Гансүх “Соёлын аялал жуулчлал ба гар урлал, бэлэг дурсгалын сэдэв сонголт” сэдвээр илтгэл тавьж форумд оролцогчидтой хэлэлцүүлэг өрнүүллээ.

“CREATE 2030” хэсэгт Монголын соёлын аялал жуулчлалын холбооны тэргүүн, доктор Б.Мөнхбадрал “Алсын хараа-2050 дахь соёлын үйлдвэрлэл, соёлын аялал жуулчлалын агуулга” сэдвээр илтгэл тавьж форумд оролцогчидтой хэлэлцүүлэг өрнүүллээ.

Форумын зохион байгуулагчаар Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар ажилласан бөгөөд хамтран зохион байгуулагч, дэмжигч байгууллагаар Соёлын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газар, Монголын аялал жуулчлалын холбоо, Монголын соёлын аялал жуулчлалын холбоо, Бүтээлч үйлдвэрлэл, инновацын төв зэрэг байгууллагууд ороцлоо.

Форумыг нээж Нийслэлийн Засаг даргын тамгын газрын дарга Ц.Уртнасан үг хэлсэн бол, Монгол Улсын Соёлын яамны сайд С.Чулуун мэндчилгээ дэвшүүлж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Н.Нацагдолгор, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга С.Ганзориг, Аялал жуулчлалын хөгжлийн төвийн захирал Б.Баттулга, Аялал жуулчлалын мэргэжлийн холбоодын зөвлөлийн тэргүүн Н.Эрдэнэбат, Монголын зочид буудлуудын холбооны ерөнхийлөгч С.Мөнхбат, Аялал жуулчлалын боловсрол, хөгжлийн нийгэмлэгийн ТУЗ-ын дарга, Дисковери Монголиа ХХК-ын захирал Б.Барсболд, Аялал жуулчлалын боловсрол, хөгжлийн нийгэмлэгийн ТУЗ-ын гишүүн, Онцын тасархай ХХК-ын захирал Ж.Батсүх, Аялал жуулчлал, газарзүйн нэрт судлаач, профессор О.Сүхбаатар нарын төрийн болон төрийн бус байгууллагуудын удирдлагууд, эрдэмтэн судлаачид оролцлоо.

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

“УЛААНБААТАР ФЕСТИВАЛЬ ОРКЕСТР 2020” СОНГОДОГ УРЛАГИЙН ТОГЛОЛТ БОЛНО

“Festival Orchestra” /баярын найрал хөгжим/ дэлхийн олон улс орнуудад бий болсон байдаг ба олон орноос цугларсан шилдэг хөгжимчдөөс бүрэлдэн, хоорондоо туршлага солилцох сонгодог хөгжмийн хөгжлийг хил хязгааргүй тэлэх, бүх нийтэд сонгодог урлагийн боловсрол олгох зэрэг зорилгын дор жил бүр тогтмол зохион байгуулагддаг.

Монгол Улс дахь анхны баярын найрал хөгжим болох “UB Festival Orchestra”-ын эхний тоглолт 2020 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 17:00 цагт “Хүн” театр-т болох юм.

“Улаанбаатар Фестиваль оркестр” нь НЗДТГ, НСУГ-ын дэмжлэгтэйгээр сонгодог урлагийн мэргэжлийн хөгжимчид сайн дурын үндсэн дээр өөрсдийн хүсэл эрмэлзлэлээр хамтран нэгдэж буй фестиваль найрал хөгжим юм. Тус найрал хөгжим нь БНХАУ-ын Кумин хотын олон улсын филармоны гоцлол хөгжимчин Т.Хуяг болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Урлагийн Их Сургуулийн багш удирдаач Б.Лхагвасүрэн, УДБЭТ-ын гоцлол хөгжимчин, Концертмейстр МУУГЗ Д.Азбилэг нараар ахлуулсан Монгол Улсын Коисерватори болон олон улсын симфони оркестрт ажиллаж буй хөгжимчид, гадаадын Их дээд сургуулиудад суралцаж байгаа оюутан залуучуудаас бүрдсэн 60 хүний бүрэлдэхүүнтэйгээр “Улаанбаатар Фестиваль оркестр 2020”-д оролцож байна.

“НОМЫН БАЯР” ХАН-УУЛ ДҮҮРЭГТ БОЛЛОО.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны “Номын баярын өдөр тэмдэглэх” тухай 158 дугаар зарлигийн дагуу “Номын баяр” арга хэмжээг 09 дүгээр сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн “Шинэ хаус” цэцэрлэгт хүрээлэнд “Номын баяр- Танай дүүрэгт- Таны дэргэд” уриан дор зохион байгуулагдлаа.

“НОМЫН БАЯР 2020” Д.СҮХБААТАРЫН ТАЛБАЙД БОЛЛОО

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны “Номын баярын өдөр тэмдэглэх” тухай 158 дугаар зарлигийн дагуу “Номын баяр 2020” арга хэмжээг 09 дүгээр сарын 18-наас 09 дүгээр сарын 20-ний өдрүүдэд “Хязгаар үгүй-НОМ-сэтгэлгээний эрх чөлөө” уриан дор 28 дахь удаагаа Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдлаа.

Нээлтийн үйл ажиллагаанд Улсын их хурлын дарга Г.Занданшатар, Соёлын сайд С.Чулуун, ЗГХА, Соёл, урлагийн газрын дарга Ц.Нацагдолгор болон Ардын уран зохиолчид, МЗЭ-ийн шагналт, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолчид оролцлоо.

“Номын баяр”-т 100 гаруй аж ахуйн нэгж, 300 гаруй зохиолч, хэвлэн нийтлэгчид оролцсон бөгөөд өөрсдийн ном, бүтээлийг 20-50%-ийн хөнгөлөлттэй үнээр худалдаалснаас гадна ард иргэд, хүүхэд залуучуудыг номтой нөхөрлүүлэх, эерэг хандлагыг бий болгох, ном хэвлэлийн салбарын үйл ажиллагааг сурталчлах, нийтийн уншлагыг дэмжих зорилгоор ‘Ном бид хоёр’ бүх нийтийн хөдөлгөөн, ном солилцоо,  зохиолч уншигчдын уулзалт, сургалт лекц, хүүхдэд зориулсан хөтөлбөр, шинэ номын танилцуулга, уран уншлага, хуучин болон ховор номын худалдаа, номын баатруудын театрчилсан тоглолт, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан брайл номын үйлчилгээ, мөн ном, хэвлэлийн салбарын өнөөгийн байдал, ирээдүйн хөгжлийн асуудлаар болон утга, зохиол шүүмж судлалыг хөгжүүлэх чиглэлээр нэвтрүүлэг, хэлэлцүүлэг зэрэг олон талт үйл ажиллагаануудыг зохион байгууллаа.

Номын баярын ерөнхий зохион байгуулагчаар: Соёлын яам, ЗГХА, Соёл Урлагийн Газар, нийслэлийн Засаг даргын даргын Тамгын газар, Нийслэлийн соёл, урлагийн газар, “Номын соёлт ертөнц” ТББ, Хамтран зохион байгуулагчаар: Монгол улсын Үндэсний номын сан, Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, Монголын Зохиолчдын Эвлэл, Хүүхдийн төв номын сан, их дээд болон ерөнхий боловсрол, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, хэвлэх үйлдвэрүүдийн холбоо ажиллалаа.

Мөн Соёлын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулж буй “Соёлын цаг” аяны хүрээнд “Номын баяр-Танай дүүрэгт-Таны дэргэд” уриан дор нийслэлийн 9 дүүрэгт номын баярын үйл ажиллагаа 9 дүгээр  сарын 21, 22-ны  өдрүүдэд хуваарийн дагуу үргэлжилж байна.

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

“НОМЫН БАЯР 2020” АРГА ХЭМЖЭЭНИЙ НЭЭЛТ Д.СҮХБААТАРЫН ТАЛБАЙД БОЛНО

Монгол Улсын ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар “Номын баярын өдөр тэмдэглэх” тухай зарлигийн дагуу “Номын баяр 2020” арга хэмжээг 09 дүгээр сарын 19-нөөс 10 дугаар сарын 4-ний өдрүүдэд “Хязгаар үгүй-НОМ-сэтгэлгээний эрх чөлөө” уриан дор Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.

Мөн Соёлын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулж буй “Соёлын цаг” аяны хүрээнд “Номын баяр-Танай дүүрэгт-Таны дэргэд” уриан дор нийслэлийн 9 дүүрэгт номын баярын үйл ажиллагаа үргэлжилж байна.

Ерөнхий зохион байгуулагчаар Соёлын яам, ЗГХА, Соёл Урлагийн Газар, нийслэлийн Засаг даргын даргын Тамгын газар, Нийслэлийн соёл, урлагийн газар, хамтран зохион байгуулагчаар Монгол улсын Үндэсний болон хотын төв номын сан, “Номын соёлт ертөнц” ТББ, Монголын Зохиолчдын Эвлэл, Хүүхдийн төв номын сан, их дээд болон ерөнхий боловсрол, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, хэвлэх үйлдвэрүүдийн холбоо ажиллаж байна.

“Номын баяр”-ын нээлтийн үйл ажиллагаа 9 дүгээр сарын 19-ний Бямба гарагт 11 цагаас нийслэл, аймаг орон нутагт нэгэн зэрэг эхэлнэ.  

  “Номын баяр 2020”  арга хэмжээний хүрээнд ард иргэд, хүүхэд залуучуудыг номтой нөхөрлүүлэх, эерэг хандлагыг бий болгох, ном хэвлэлийн салбарын үйл ажиллагааг сурталчлах, нийтийн уншлагыг дэмжих зорилгоор номын үзэсгэлэн худалдаа, ‘Ном бид 2’ бүх нийтийн хөдөлгөөн, ном солилцоо,  зохиолч уншигчдын уулзалт, сургалт лекц, хүүхдэд зориулсан хөтөлбөр, шинэ номын танилцуулга, уран уншлага, хуучин болон ховор номын худалдаа, номын баатруудын театрчилсан тоглолт, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан брайл номын үйлчилгээ, мөн ном, хэвлэлийн салбарын өнөөгийн байдал, ирээдүйн хөгжлийн асуудлаар болон утга, зохиол шүүмж судлалыг хөгжүүлэх чиглэлээр Монголын зохиолчдын эвлэлтэй хамтран нэвтрүүлэг, хэлэлцүүлэг зэрэг олон талт үйл ажиллагаанууд явагдана.  

Мөн Улсын болон орон нутгийн онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас гаргасан коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлын тархалтаас сэргийлэх шийдвэр, журам, зөвлөмжийн дагуу анхааруулга санамжийг өгч ажиллаж байна.

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 5 ДУГААР ХОРООНЫ АЙЛ ӨРХҮҮДИЙН САЙЖРУУЛСАН ТҮЛШ, ЗУУХНЫ БҮРЭН БҮТЭН БАЙДАЛД ХЯНАЛТ ТАВИН АЖИЛЛАСАН ТАЛААР ИЛТГЭХ ХУУДАС

Нийслэлийн Засаг даргын 2020 оны “Өвөлжилтийн бэлтгэл ажил хангах тухай” А/1036 дугаар захирамжийн хүрээнд 2020 оны 09 дүгээр сарын 16-ний өдөр Нийслэлийн Соёл, урлагийн газрын 9 ажилтан, хариуцсан хороо буюу Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны 16 албан хаагчтай хамтран ажиллаа.

Тус ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонд 1451 айл өрх оршин суудгаас нийт 92 хувь буюу 1335 айл өрх тус бүрээр орж пийшин зуух, угаарын хийн мэдрэгчийн бүрэн бүтэн байдал, сайжруулсан түлшний хэрэглээг жигд хүртээмжтэй хангах, сайн картны ашиглалтын байдалд хяналт тавилаа.

Хяналт тавьж ажиллахдаа айл өрхүүдийн угаарын хийн мэдрэгчний цэнэг дууссан, гэмтсэн эсэхийг шалгаж, угаартуулах эрсдэлтэй зуух, пийшинг засах, яндангийн хаалт хэрэглэхгүй байх, агааржуулалтын талаарх заавар, зөвлөмжийг тухай бүрт нь өгч ажиллаа.

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

ЭМГЭНЭЛ

ЦЭВЭЭНДОРЖИЙН ДЭЛГЭР

(1956-2020)

Монгол Улсын Гавьяат багш, СУИС-ийн Хүндэт профессор, сурган хүмүүжүүлэгч,  Монгол уртын дууны дэг сургалтыг өвлүүлэн уламжлуулагч, нэрт уртын дууч Цэвээндоржийн Дэлгэр 2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр таалал төгсч, бид бүхэнд хүнд гарз тохиолоо.

  Ц.Дэлгэр нь 1956 онд Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төржээ. Тэрээр 1985 онд Улсын багшийн дээд сургуулийн Дуулаачийн ангийг Зууны манлай уртын дуучин Н.Норовбанзадын удирдлага дор суралцаж төгссөн анхны дээд боловсролтой уртын дуучдын нэг байсан.

 Ц.Дэлгэр уртын дууны намба төрх, дуулах ур зүйг бүрэн эзэмшсэн, нандин цохилготой, уянгалаг нарийн цээл хоолойтой манлай дуучин байсан бөгөөд Төв халх аялгуугаар “Эртний сайхан”, “Өвгөн шувуу хоёр”,  Баянбараат аялгуугаар “Цэцэн хааны хүлэг”, Боржигон аялгуугаар “Жаргалтайн дэлгэр” зэрэг уртын дуунуудыг дуулж, радиогийн алтан сан хөмрөгт мөнхлөн үлджээ.

1985-1995 онд Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт гоцлол дуучнаар ажиллах хугацаандаа Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурьд 428 удаа дуулсан байдаг.

 Ц.Дэлгэр 1996 оноос өнөөг хүртэл Соёл урлагийн их сургуулийн Дуулах урлагийн тэнхимд багшлахдаа уртын дууны олон арга барилыг шавь нартаа эзэмшүүлж, өвлүүлэн үлдээсэн сурган хүмүүжүүлэгч байсан бөгөөд “Баянбараат дэг аялгуугаар дуулах арга барил”, “Боржигон найрын дэг”, “Багшийг шүтэх ёсон” зэрэг судалгааны өгүүллийг нийтлүүлэн, эрдэм шинжилгээний хуралд олон арван илтгэл хэлэлцүүлсэн юм.

Ц.Дэлгэрийн хөдөлмөр, бүтээлийг төр, засгаас өндрөөр үнэлж, 1998 онд “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдэг, 2001 онд “Хөдөлмөрийн хүндэт” медаль, 2004 онд “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдэг, 2012 онд “Монгол Улсын “Гавьяат багш” цол хүртжээ.

Ц.Дэлгэр багшийн эх орондоо хайртай, хүнлэг эрхэм чанар, ёс уламжлалаа дээдэлсэн эрхэмсэг намба төрх, уртын дуугаа өвлүүлэн үлдээсэн гавьяат үйлс  бидний сэтгэл зүрхэнд мөнхөд орших болно. 

МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ЯАМ

“СОЁЛЫН ЦАГ” АЯНД “ХӨХ НАР” МОНГОЛЫН КОНТЕМПОРАРИ УРЛАГИЙН ТӨВ НЭГДЛЭЭ.

Иргэдэд соёл, урлагийн үйлчилгээг ойртуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, соёл урлагийн байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлах, уран бүтээлчдээр дамжуулан цар тахлаас урьдчилан сэргийлэх уриалгыг иргэдэд хүргэх зорилгоор Соёлын яам, НЗДТГ-тай хамтран “Соёлын цаг” аяныг нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс эхлүүлэн өрнүүлж байгаа. Тэгвэл тус аянд “Хөх нар” монголын контемпорари урлагийн төв түүний гишүүн уран бүтээлчид нэгдэж “Land Art” /газар орон зайн урлаг/, “Installation” /өрөг байршлын урлаг/, “Performance” /үйл хөдлөлийн урлаг/, “Dijital art” /Видео, дижитал, фото урлаг/, “Sound art” /Дуу авианы урлаг/, “Poem” /яруу найраг/, “Мusic and song” /Дуу, хөгжим/, “Public and Street art” /Гудам орон зайд нийттэй харилцах урлаг/ зэрэг төрлүүдээр Улаанбаатар хотноо үзэсгэлэн гарган оролцохоор боллоо.Хөтөлбөрийн хүрээнд хотын алслагдан дүүргүүд болох Багануур, Багахангай, Налайх дүүргүүдэд 09 дүгээр сарын 16-20-ны өдрүүдэд өрөг урлаг, үйл хөдлөлийн урлаг, медиа урлаг, хөгжим, дуу, зэрэг паблик олон нийттэй харилцах орчин урлагаар үйлчлэх хөтөлбөрт мэргэжлийн 12 уран бүтээлч уран бүтээлээ хүргэнэ. Үүнд:1. “Хөх Нар” МКУ-ын төв Галерейд- /2020.09.10-2020.11.10/2. “Вlack box” театрт- /2020.09.15-2020.11.15/3. Монголын урлагийн зөвлөлийн Галерейд- /2020.11.15-2020.11.25/4. Багануур дүүрэгт /2020.09.17/5. Багахангай дүүрэгт /2020.09.18/6. Налайх дүүрэгт /2020.09.19/ тус тус олон нийтэд үзэсгэлэн, үзүүлбэрүүдээ нээн үзүүлнэ.

М Э Н Д Ч И Л Г Э Э

Соёл, урлагийн салбарт мэргэжил, ур чадвар, оюун сэтгэлээ зориулж хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа нийт уран бүтээлчид, ажилтан албан хаагчид, үе үеийн ахмадууддаа   “СОЁЛ, УРЛАГИЙН АЖИЛТНЫ ӨДӨР”-ийн  баярын мэнд дэвшүүлье.

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны долоодугаар сарын 7-ны өдрийн 172 дугаар тогтоолоор баталсан “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх журам”-ын 4.1.27-д заасны дагуу жил бүрийн есдүгээр сарын хоёр дахь ням гарагт Соёл, урлагийн ажилтны өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг  уламжлалтай.

Шинээр байгуулагдсан Улсын их хурал, Засгийн газраас  онцгойлон анхаарч  бие даасан Соёлын яам байгуулж салбарын бодлого, чиглэл шинэ шатанд тодорхойлогдож ард иргэдээ соён гэгээрүүлэх бидний үйлс нэгдсэн бодлого төлөвлөлттэй, эх орныхоо хөгжил цэцэглэлтийг тодорхойлох тэргүүлэх салбар болон хөгжих боломж бүрдэж буй сайхан цаг үе тохиож байна.

Мөн дэлхий даяар тархсан аюулт тахлыг эх орондоо тархаалгүй барьж, ард олныхоо оюун сэтгэлгээг гэгээрүүлэх, сэтгэлийн дэм хайрлах ”Соёлын цаг” аяныг хэрэгжүүлэхэд чин сэтгэлээс хүчин зүтгэж буй та бүхэндээ дахин дахин талархлаа илэрхийлье.

            Та бүхнийг урлагийн тэнгэр Янжинлхам бурхан ивээж, уран бүтээлийн охь ундарга нь оргилж, ажил, амьдрал нь үргэлж өөдрөг явах болтугай.

Хүндэтгэсэн:            Нийслэлийн Соёл, урлагийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч     Ч.Бат- Эрдэнэ

           

СОЁЛЫН ӨВИЙГ НЭЭЛТТЭЙ ТАНИЛЦУУЛЛАА

Өнөөдөр 12-15 цагийн хооронд УДЭТ-ийн арын талбайд Чингис хааны өв, соёлын хүрээлэн, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн судлаачид хамтран Чингис хаан музей, дундад зууны үеийн археологийн чухал олворуудыг танилцууллаа. Тус арга хэмжээг Монгол Улсын Соёлын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хэрэгжүүлж буй “Соёлын цаг” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулав.

Тус арга хэмжээнд соёл урлаг, судалгааны байгууллагын төлөөлөл, олон нийт өргөнөөр оролцсон бөгөөд Монгол Улсын Соёлын дэд сайд М.Батбаяр, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал, доктор Г.Эрэгзэн нар баяр хүргэж мэндчилгээ дэвшүүлсний дараа доктор, профессор Б.Цогтбаатар: “Түүх соёлын хосгүй өв-Рашаан хадны дурсгал” доктор, дэд профессор Э.Пүрэвжав: “Монголын нууц товчооны Монгол хөрвүүлэг, гадаад орчуулгын тухай”, доктор, профессор Ж.Базарсүрэн: “Их Монгол улсын цэрэг”, доктор Д.Болдхуяг: “Дундад зууны Монголчуудын хот суурин”, доктор С.Хүрэлсүх: “Нүүдэлчдийн өвөрмөц оршуулгын дурсгал XIII-XIV зуун” сэдвээр танилцуулга лекц хийсэн нь хурсан олны анхаарал сонирхлыг татаж байлаа.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 142 дугаар тогтоолоор байгуулагдсан Чингис хааны өв, соёлын хүрээлэнгийн үйл ажиллагаа, Чингис хаан музейн бүтээн байгуулалтын үйл явц, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн сан хөмрөг дэх ШУА-ийн Археологийн хүрээлэнгээс Сүхбаатар аймгийн Онгон сумын Таван толгойгоос олдсон XIII-XIV зууны үед холбогдох 19 төрлийн 64 ширхэг олдвороор бичил үзэсгэлэн гаргаж, 2020 онд эрхлэн хэвлүүлсэн 10 судалгааны бүтээлийг дэлгэн үзүүлсэн нь түүх соёлоо эрхэмлэн дээдэлдэг ард иргэдийн талархлыг хүлээсэн бүтээлч бөгөөд шинэлэг арга хэмжээ боллоо хэмээн хүмүүс ам сайтай байсныг дурдалтай.

Шинэ тутам байгуулагдсан Соёлын яамнаас зохион байгуулж буй “Соёлын цаг” хөтөлбөр бол урлаг уран сайхан төдийгүй өв соёл, судалгааны ололт амжилтаа олон нийтэд нээлттэй танилцуулж, ард иргэд, оюутан залуусын мэдлэгт зохих хувь нэмэр болж, соён гэгээрүүлэхийн төлөө хийж буй шинэлэг, бүтээлч арга хэмжээ болсон гэж үзэж байна.

Чингис хааны өв, соёлын хүрээлэн Монголын болон дэлхийн түүхэнд гүйцэтгэсэн Чингис хааны үүрэг, үлдээсэн өв соёл, их эзэн хааны залгамжлагчдын түүхийг гүнзгийрүүлэн судлах, сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилготой соёл, шинжлэх ухааны байгууллага бөгөөд БСШУС-ын сайдын тушаалаар Чингис хаан музейн ашиглалтын өмнөх захиргааны чиг үүргийг хариуцан ажиллаж байна. Чингис хаан музейн барилгыг олон улсын стандартад нийцсэн, орчин үеийн шийдэлтэй, 9 давхар, 20500 ам дөрвөлжин метр талбайтай байхаар төлөвлөсөн бөгөөд одоо 8 дугаар давхрын барилга угсралтын ажил төгсгөлийн шатандаа явж байна.