БНСУ-ын Намянжy хот, Монгол Улсын Нийслэл Улаанбаатар хот хооронд найрамдалт харилцаа тогтоосны 20 жилийн ой энэ онд тохиож байна. 2 хот соёл урлаг болон бусад салбарт 20 жилийн турш хамтын ажиллагаатай явж ирсэн түүхтэй. Намянжу хотод манай улсын соёл урлагийг сурталчилсан соёлын хотхон байдаг байна. Уг хотхонд жил бүр Монголоос уран бүтээлчид очиж, урлагийн тоглолт хийдэг уламжлалтай аж. Энэ жилийн тоглолтод оролцох уран бүтээлчдийн сонгон шалгаруулалт маргааш эхлэх гэж байна. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр Намянжу хот, Улаанбаатар хот болон UBS телевиз гэсэн 3 тал хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.

Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн хэлэхдээ “Нийслэлийн соёл урлагийн газраас зарласан энэ удаагийн сонгон шалгаруулалтад нийт 120 гаруй уран бүтээлч бүртгүүлээд байна. Үүн дотор Намянжу хотод өмнөх жилүүдэд болсон тоглолтод оролцож байсан уран бүтээлчид бий, анх удаа бүртгүүлсэн хүн ч олон бий. Бид сонгон шалгаруулалт зарлахдаа төрөл заагаагүй. Үндэсний хөгжмийн бүх төрлөөр бүртгэсэн. Дээр нь Намянжү хотод байдаг соёлын хотхонд зөвхөн хөгжимчдийн уран бүтээл тавигддаггүй. Морин үзүүлбэр бас бий. Тиймээс 10 гаруй уран бүтээлчтэй морин циркийн үзүүлбэр үзүүлнэ. Энэ жил бид шүүгчдийн бүрэлдэхүүнээ мэргэжлийн багш, судлаач, хөгжмийн зохиолчдоор бүрдүүлсэн. 3 дугаар сарын 15, 16-ны өдөр Соёлын төв өргөөнд сонгон шалгаруулалт явагдана ” гэж ярьсан бол Намянжу хотын Соёл, аялал жуулчлалын газрын дарга Жон Хэ Гён хэлэхдээ “Манай хотод байрладаг Монголын соёлын хотхонд Чингис хаанаас эхлээд Монголын хаад, үндэстэн угсаатны зан заншил, түүхийг харуулсан үзэсгэлэнгийн танхим байдаг. Үүнээс гадна монгол ардын дуу, бүжиг, хөгжим зэргийг үзүүлдэг язгуур урлагийн тоглолтыг жил бүр тогтмол 8 сарын хугацаанд явуулдаг. Энэ жилийн тоглолт 4 дүгээр сарын дундаас 11 дүгээр сарыг дуустал явагдана.” хэмээн ярилаа.

Recommended Posts