Дэлхий нийтээрээ зохиогчийн эрх, оюуны өмчийг дээдэлдэг болсон энэ цаг үед манай улс ч мөн адил энэ тал дээр анхаарал хандуулж, олон арван ажлыг зохион байгуулсаар багагүй хугацаа өнгөрүүлсэн. Гэсэн хэдий ч манайд хэрэгжиж буй зохиогчийн эрх, оюуны өмчийн асуудлын хөгжлийн үйл явц удаашралтай, шүүмжлэл дагуулсан хэвээр байгаа билээ.

Хөгжлийн энэ цаг үед төрийн байгууллагууд зохиогчийн эрх, оюуны өмчийн асуудалд илүү ач холбогдол өгч, бодлогын төвшинд зохицуулалт хийж ажиллах хэрэгтэй хэмээн үзэж, Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан “Зохиогчийн эрх, түүнд хамаарах эрхийн тухай хууль”-ийн талаар зөвлөгөө мэдээлэл өгөх лекц, сургалтыг соёл, урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд, мэргэжлийн холбоод, аж ахуй нэгжүүд, их дээд сургуулиудад цувралаар зохион байгуулахаар төлөвлөсөн юм.

Эхний цуврал сургалтаа Соёл, урлагийн их сургуулийн бүтцийн зургаан сургуулийн төгсөх курсын оюутнуудад зориулан амжилттай зохион байгуулж дууслаа. 3 сар орчим үргэлжилсэн 10 удаагийн сургалтад СУИС-ийн бүтцийн зургаан сургуулийн 500 орчим оюутан залуус хамрагдаж зохиогчийн эрх, оюуны өмчийн хуулийн талаар зөвлөгөө, мэдээлэл аваад байна.

1

IMG_0108

Сургалтыг Өмгөөлөл, хууль зүйн үйлчилгээний “СУВД ПАРТНЕРС” ХХНөхөрлөлийн захирал, хуульч, өмгөөлөгч Э.Болорчулуун удирдан явуулсан бөгөөд сургалт бүрд оюутнуудын асуусан асуултад нээлттэй хариулан, чөлөөтэй ярилцаж, тэдэнд тохиолдсон оюуны өмчийн асуудлууд дээр ажиллан, зөвлөгөө өгч байсан нь сургалтад хамрагдсан нийт оюутнуудад маш сайн туршлага болж байлаа.

Бид цаашид соёл, урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд, мэргэжлийн холбоод, аж ахуй нэгжүүд, их дээд сургуулиуд, уран бүтээлчдэд энэхүү сургалтаа үргэлжлүүлэн зохион байгуулах юм.

8

Энэ дашрамд Өмгөөлөл, хууль зүйн үйлчилгээний “СУВД ПАРТНЕРС” ХХНөхөрлөлийн захирал, хуульч, өмгөөлөгч Э.Болорчулуун болон оюутан, сурагчдаа идэвхтэй хамруулан хамтран ажилласан “СОЁЛ УРЛАГИЙН ИХ СУРГУУЛЬ”-ийн удирдлагууд, багш ажилчид, нийт хамт олон, “ОЮУТНЫ ХӨГЖИЛ ТӨВ”-ийн Ч.Дэлгэрцэцэг,  М.Гэрэлцэцэг багш нартаа, мөн “ОЮУНЫ ӨМЧИЙН СУРГАЛТ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ” байгуулах төслийн багийн оюутнууддаа гүн талархал илэрхийлье.

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

Recommended Posts