Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд АНУ-ын Филадельфийн Симфони найрал хөгжмийн чуулга Монгол Улсад 2017 оны 06 дугаар сарын 1-4-ний хооронд нийт 18 хөгжимчдийн бүрэлдэхүүнтэй айлчилж, симфони найрал хөгжмийн гайхамшгийг Монголын ард түмэнд толилууллаа. Дэлхийн томоохон бас гайхалтай оркеструудын нэг Монгол улсын Улаанбаатар хотноо айлчилж мастер класс хичээл хоёр удаа, лекц нэг удаа, тоглолт гурван удаа хийсэн юм. Мастер класс хичээлийг Батлан хамгаалахын их сургууль, Хөгжим бүжгийн коллежийн багш оюутнуудтай хамтран хийж өөрсдийн туршлагаасаа солилцож, мэргэжлийн зөвлөгөөг өгсөн билээ. Сонгодог урлагийн гайхамшгийг таниулах, мэдрүүлэх зорилгоор үнэгүй тоглолтыг Улаанбаатар хотын алслагдсан дүүргийн хүүхдүүдэд зориулан Монголын хүүхдийн ордны тайзнаа хийж Баянзүрх, Баянгол, Багануур, Сүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргүүдийн нийт 150 гаруй хүүхэд багачууд үзэж сонирхлоо. Тус чуулгын үлээвэр хөгжмийн квинтет Битлзийн хөшөөний урд ил тоглолтыг хийж мөн үндсэн бүрэлдэхүүнээрээ Монгол Улсын Филармоны тайзнаа тоглож “Итгэл” чуулгатай хамтран “Уран хас”-ыг тоглосон нь гэнэтийн бөгөөд гайхалтай бэлэг болж Монголчуудын төдийгүй гаднынхны сэтгэл зүрхийг хөдөлгөсөн тоглолт боллоо. Тус чуулгын дэд ерөнхийлөгч Райн Флёр “Урлагийн удирдлага” сэдэвтэй лекцийг Дүүргүүдийн соёлын асуудал хариуцсан мэргэжилтэн, Соёлын ордон, мэргэжлийн урлагийн байгууллагуудын менежер, удирдлагуудад зориулан хийсэн нь дэлхийн томоохон чуулгуудын нэг урлагийн менежментээ хэрхэн явуулдаг талаарх танин мэдэхүйн чухал ач холбогдолтой арга хэмжээ болсон юм.

 

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

Recommended Posts