Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүрээнд иргэд, наадамчин олондоо зориулан Жанжин Д.Сүхбаатарын талбайд урлагийн томоохон үйл ажиллагаануудыг зохион байгуулах гэж байна.

Үүнд:

∙           “Улаанбаатарын үдэш” шоу тоглолт

Иргэд наадамчин олондоо зориулан жил бүр уламжлал болгон толилуулдаг “Улаанбаатарын үдэш” роп, попын нэгдсэн тоглолтыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газраас 2017 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 21.00 цагт Жанжин Д.Сүхбаатарын талбайд ёслол төгөлдөр зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн “Улаанбаатарын үдэш” хүндэтгэлийн тоглолтын найруулагчаар “Фантастик Продакшн”-ы продюсер Ж.Алтаншагай ажиллаж байгаа бөгөөд 2017 оны трэнд урлагийн үзүүлбэрүүд, тухайлбал “Аьяаслаг монголчууд 2017” шоуны оролцогч Б.Шижирбат, О.Энх-Эрдэнэ, “Киви” хамтлагийн дуучин Ука, Люмино хамтлаг зэрэг олон арван уран бүтээлчдийг оролцуулахаар бэлтгэлээ хангаад байна. Бид энэ удаагийн тоглолтоор 2017 онд www.youtube.com сайтад иргэдийн хамгийн их хандалттай байсан дуу, хөгжим, бүжгийн тоглолтыг олон нийтэд толилуулахаар бэлтгэсэн юм. Энэ үдэш та бүхэн хамгийн дуртай дуугаа сонсож, тайз дэлгэцийн шинэлэг шийдэл, дуу хөгжмийн сонирхолтой найруулгыг үзэх боломжтойгоороо онцлог юм.

POSTER

∙           “Үндэсний бахархал” тоглолт

Үндэсний их баяр наадмын хүрээнд иргэд, наадамчин олондоо зориулан “Үндэсний бахархал” тоглолтыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Монгол Улсын Үндэсний Урлагийн Их  Театртай хамтран 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 20:00 цагт Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна. Бид энэхүү тоглолтоороо үндэсний урлагийн шилдэг үзүүлбэрүүдийг иргэд, олон нийтэд зориулан толилуулахаар бэлтгэсэн юм. “Үндэсний бахархал” тоглолт нь язгуур урлагийн үзүүлбэрүүдээс гадна дэлхийн сонгодог бүтээлүүдээс бүрдэж байгаа ба найруулагчаар ҮУИТеатрын захирал Г.Цоггэрэл ажиллаж байна. 7 Үндэсний хөгжмийн их найрлын гайхамшигт аялгуу, уран чадварлаг бүжигчдийн сэтгэл сэргэм бүжиг, их тал нутгийг сануулам уртын сайхан дуунуудаас сонсохын ялдамд мэлмий юугаа баясгаж, сэтгэл зүрхээ хөглөхийг урьж байна.

Мөн

∙           “Play Time 2017” Монголын амьд хөгжмийн наадам

Үндэсний их баяр наадмаар “Play Time 2017” амьд хөгжмийн наадмыг 16 дахь удаагаа 2017 оны 07 дугаар сарын 14, 15, 16-ны өдрүүдэд Монгол Шилтгээнд зохион байгуулах бөгөөд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын ивээл дор Нийслэлийн Соёл, урлагийн газар хамтран зохион байгуулахаар бэлтгэл ажил хангагдаад байна. Тус наадмыг зохион байгуулснаар Улаанбаатар хотын орчин үеийн хөгжмийн соёлыг хөгжүүлэх, залууст амралт чөлөөт цагаа цэвэр агаарт, байгаль орчинд ээлтэй хэлбэрээр өнгөрүүлэх, дэлхийн болон Монголын шинэ, шилдэг амьд хөгжмийн хамтлаг дуучдыг танилцуулж олон нийтийн хөгжмийн боловсролыг дээшлүүлэх зорилготойгоор зохион байгуулдаг билээ. Энэ удаагийн наадамд дэлхийд алдартай Канадын “Japandroids”, Япон улсын “The Fin”, “Сhurashima Navigator”, Швейцарийн “One Sentence. Supervisor” болон ОХУ, Өмнөд Солонгос, Монгол Улсаас олны танил, шилдэг, шинэ залуу 30 хамтлаг дуучин, уран бүтээлчид цэвэр агаарт 3 хоногийн турш “Playtime”, “Шинэ Давалгаа”, “Нааглихац” гэсэн гурван тайзаар дамжуулан өөрсдийн уран бүтээлээ хүргэхээр бэлэн болоод байна. Тус арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдах өөр нэгэн онцлог хөтөлбөр бол “Replay” хөтөлбөр бөгөөд наадмын үеэр хотын залуус хог хаягдлаа багасгах, наадмын талбайг зөв зохистой ашиглахад өөрсдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэн уралдах урлагийн хөтөлбөр тул та бүхэн наадамдаа өргөнөөр хүрэлцэн ирж идэвхтэй оролцоорой.

PLAY TIME

∙                “Их талын жазз” олон улсын наадам

“Их талын жазз” олон улсын наадмыг Нийслэлийн Соёл, урлагийн газар, “Их талын жазз” ТББ-аас 11 дэх удаагаа 2017 оны 07 дугаар сарын 9 – 14-ний хооронд “Шөнийн гудамж”-нд зохион байгуулж байна. Энэ удаагийн наадамд Бүгд Найрамдах Чех Улс, ОХУ, БНСАУ, Япон зэрэг орнуудын мэргэжлийн жазз хамтлаг, уран бүтээлчид хүрэлцэн ирж оролцож байгаа төдийгүй Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа юм. Тус наадмыг “Шөнийн гудамж”-нд хүрэлцэн ирэх иргэд, олон нийтэд зориулан толилуулах бөгөөд Үндэсний их баяр наадмын үеэр зохион байгуулагдаж байгаа бас нэгэн сонирхолтой арга хэмжээ болж байна.  Бидний энэхүү арга хэмжээ нь жазз хөгжмийн урлагийг Улаанбаатар хотын залуу иргэдэд хүргэх, Монголын жазз хөгжмийн урлагийг дэлхийн төвшинд хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ билээ.

∙                “Сайланс Вайт” электро хөгжмийн наадам

Үндэсний их баяр наадмын хүрээнд Нийслэлийн Соёл, урлагийн газрын дэмжлэгтэйгээр “Монгол Микс Прожек” ХХК 9 дэх удаагаа 2017 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Үндэсний Соёл, амралтын хүрээлэнд “Сайланс вайт” электро хөгжмийн наадмыг зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн наадмаар Монгол орны байгалийн сайхныг нийт иргэд төдийгүй гадны жуулчдад илтгэх зорилготойгоор “Ус, Агаар мэт” гэсэн агуулгын дор зохион байгуулж байна. “Сайланс вайт” электро хөгжмийн наадам нь олон нийтэд техник, технологийн шинэ шийдлүүдийг анхлан таниулж, соёлын трэнд бүтээгдэхүүнийг бий болгон бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэн зохион байгуулж байгаагаараа онцлог бүхий томоохон наадам юм.

Silence White poster

ТА БҮХЭН САЙХАН НААДААРАЙ !

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

Recommended Posts