Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан 2017 оны 1 дүгээр сараас эхэлж “Номоо солилцъё” өдөрлөгийг сар бүр Д.Сүхбаатарын талбайд 2 жилийн хугацаанд тогтмол зохион байгуулж ирсэн.

Энэхүү арга хэмжээг улам өргөжүүлж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2019 оны 1 дүгээр сараас ”Номоо солилцъё” бичил номын сангийн үйл ажиллагааг НИТХ, НЗДТГ, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Боловсролын газар, Д.Нацагдоржийн нэрэмжит хотын төв номын сан, JCI Grand зэрэг байгууллагуудтай хамтран НИТХ-ын Нийгмийн хөгжлийн хорооноос хэрэгжүүлж буй “УНШЛАГЫГ ДЭМЖИХ 2021” хөтөлбөр болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Тогтвортой хөгжлийн зорилго #4 Чанартай боловсролыг дэмжих хүрээнд ажиллаж байна.

Бичил номын санг EБС, ИДС, Төрийн байгууллага, хувийн хэвшил, эмнэлэг, цэцэрлэгүүдэд байрлуулах бөгөөд зөвхөн төрийн оролцоотой бус төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд энэхүү төсөл цаашид үргэлжлэх юм.

“Номоо солилцъё” хөтөлбөрийн дүрэм энгийн – Нэг ном өгөөд, нэг ном авах. Өөрөө өөртөө үйлчлэх бичил номын санг тодорхой цэгүүдэд байршуулснаар хүүхдийн болон иргэдийн ном унших дадал зуршлыг нэмэгдүүлэх, өөрийнхөө уншсан номыг бусдад уншуулах, нийтээрээ номонд хайртай байх, үнэнч шударга байх зан төлөвийг суулгах зэрэг тал бүрийн эерэг хандлага, давуу тал бий болох юм.

“Номоо солилцъё” бичил номын сангийн төслийн нээлтийн арга хэмжээ 2019 оны 1-р сарын 25-ны 13:00 цагт “ХАНГАРЬД” ордны 1-р давхарт зохион байгуулагдана.

Төслийн анхны бичил номын сангийн нээлтэнд Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Хүндэтгэсэн,
Нийслэлийн Соёл, урлагийн газар

Recommended Posts