Соёл, урлагийн байгууллагуудын “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ”-ийн нээлтийн үйл ажиллагаа Д.Сүхбаатарын талбайд 11 цагт боллоо. Нээлтийн ажиллагаанд БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг,  Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, БСШУС-ын яамны Соёл, урлагийн бодлогын газрын даргын албан үүргийг орлон гүйцэтгэгч Б.Сэргэлэн, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, Нийслэлийн Соёл, урлагийн газрын даргын албан үүргийг орлон гүйцэтгэгч Э.Цэнд-Аюуш нар оролцлоо.

Нээлттэй хаалганы өдөрлөгөөр соёл, урлагийн байгууллагуудын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор төр засгаас соёлын талаар авч хэрэгжүүлж буй бодлого, чиглэлийг таниулах мөн олон нийтэд чиглэсэн олон талт арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Уг өдөрлөгт Нийслэлийн соёл, урлагийн газар, Улсын драмын эрдмийн театр, Үндэсний урлагийн их театр, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, Улсын хүүхэлдэйн театр, Улсын филармони, Хүүхдийн төв номын сан, Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, Монголын үндэсний музей, Богд хааны ордон музей, Байгалийн түүхийн музей, Үлэг гүрвэлийн төв музей, Дүрслэх урлагийн музей, Чойжин ламын сүм музей, Театрын музей, Монгол цэргийн музей, Соёл урлагийн их сургууль, Монгол Улсын Консерватори, Уран зургийн галерей, Улаанбаатар чуулга, Түмэн эх чуулга, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга зэрэг 26 байгууллага үйл ажиллагаагаа танилцуулж байна.

Ард иргэд та бүхнийг нээлттэй хаалганы өдөрлөгт хүрэлцэн ирэхийг урьж байна.

5 3 1 2 4

Recommended Posts