Соёл, урлагийн салбарын ахмад ажилтан  Дондовын Мэндсайхан 2019 оны 06 дугаар сарын 28 –ны өдөр өвчний улмаас таалал төгслөө.

Д.Мэндсайхан нь 1980 онд Хөгжим бүжгийн Дунд Сургууль, 1991 онд Санктпетербург /Ленинград/ хотын ҮЭ-ийн Дээд сургууль, 1999 онд Удирдлагын  Академийг төгсөн хуучир хөгжимчин, хөгжмийн багш, соёлын ажлын арга зүйч,  Төрийн удирдлагын менежер мэргэжлийг эзэмшин, 1980-1985 онд ҮДБЭЧуулгад хөгжимчин, 1991-2004 онд МҮЭ-ийн Соёлын төв ордонд арга зүйч, хэлтсийн дарга, Уран сайхны удирдагч, Соёл уран бүтээлийн албаны дарга, 2005 оноос Нийслэлийн Соёл урлагийн газарт мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, уран сайхны удирдагчаар ажиллаж байлаа.

            Тэрээр Ардын дуу бүжгийн чуулгад /тэр үеийнхээр/ ажлын гараагаа эхэлж  Үндэсний найрал хөгжим, үндэсний цөөхүүл хөгжимчдийн бүрэлдэхүүнд орж гадаад дотоодын улс орнуудад үндэсний урлагаа сурталчлах үйлсэд хувь нэмрээ оруулж, улмаар ОХУ- Ленинград хотын  Үйлдвэрчний эвлэлийн сургуульд суралцаж ирээд МҮЭ-ийн Соёлын төв ордонд ажиллах хугацаандаа Алдарт хөгжимчин Г.Жамъянгийн нэрэмжит мэргэжлийн морин хуурчдын анхдугаар уралдаан, Ардын цөөхүүл хөгжимчдийн Улсын Анхдугаар Уралдаан, ”Морины дуу дуулаачдын анхдугаар уралдаан, ”Урт гэзэгтэй монгол бүсгүй шалгаруулах уралдаан зэрэг 20 гаруй уралдаан, “Хүчтэний дуу” бөхчүүдийн концерт, “Цагаан лавайн эгшиг” уралдаант тоглолт, “Хүртээгүй гавъяат”, ”Хамгийн хүндтэй цол” Соёлын тэргүүний ажилтнуудын тоглолт, “Усны хоёр дусал” ихрүүдийн баяр, ”Хүнд хэлээгүй үнэн” эзэнтэй дууны концерт зэрэг улс, нийслэл, олон улсын чанартай олон уралдаан, наадмыг анх санаачлан зохион байгуулсан нь иргэд олон нийтийн үзэх дуртай өгөөжтэй ажил, арга хэмжээ болж, мэргэжлийн уралдаанууд нь өргөжин тэлж уран бүтээлчдийн талархлыг зүй ёсоор хүлээн өнөөдөр уламжлал болон амжилттай зохион байгуулагдсаар байна.

Мэндсайхан нь 2005 оноос Нийслэлийн Соёл, урлагийн газарт ахлах мэрэгжилтэн, уран сайхны удирдаачаар 8 жил ажиллахдаа Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтод нийслэлээс 1000 гаруй уртын дууч, морин хуурчдыг бэлтгэн оролцуулж, БНХАУ-ын Манжуур хотод зохиогдсон Олон улсын гоо бүсгүй шалгаруулах  тэмцээнүүдэд Монголын нүүр царай болсон охид бүсгүйчүүдийг бэлтгэн оролцуулж үзэсгэлэн гоо, хатан ухааныг олон улсад сурталчилж 4 удаа тэргүүн байр эзэлж олон  шагнал хүртэж байсан нь түүний удирдан зохион байгуулах авъяас, ур чадвартай салшгүй холбоотой билээ. Д.Мэндсайханы хоёр хотын соёлын харилцааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж тус тэмцээнийг зохион Байгуулах Хорооноос 2009 онд “Гарамгай үнэт хувь нэмэр оруулагч” өргөмжлөл, 2010 онд “Шилдэг зохион байгуулагч”-ийн шагнал олгосон билээ.

Д.Мэндсайханы уйгагүй хөдөлмөр зүтгэл, удирдан зохион байгуулах чадварыг  төрөөс үнэлж Монголын Үйлдвэрчний эвлэлийн Соёлын тэргүүний ажилтан, БСШУС-ны Жуух бичиг, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, Нийслэлийн Засаг даргын жуух бичиг, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль, Нийслэлийн хүндэт тэмдэг, Нийслэлийн тэргүүний ажилтан, Хөдөлмөрийн хүндэт медаль, Монголын Урлагийн ажилтны холбооны хүндэт өргөмжлөл, Төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнасан юм.

Түүний хөдөлмөрч дайчин, эрхэмсэг хэрнээ эгэл  даруухан, найрсаг тусч зан чанар  бидний зүрхэнд үүрд дурсагдан үлдэх болно.

Ум сайн амгалан болтугай.

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР БОЛОН  ХАРЪЯА СОЁЛ, УРЛАГИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН

 УДИРДЛАГА, ҮЕ ҮЕИЙН ХАМТРАН ЗҮТГЭГЧИД, УРАН БҮТЭЭЛЧИД, НАЙЗ НӨХӨД НЬ

Recommended Posts