Skip to content

“НОМЫН БАЯР 2020” АРГА ХЭМЖЭЭНИЙ НЭЭЛТ Д.СҮХБААТАРЫН ТАЛБАЙД БОЛНО

Монгол Улсын ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар “Номын баярын өдөр тэмдэглэх” тухай зарлигийн дагуу “Номын баяр 2020” арга хэмжээг 09 дүгээр сарын 19-нөөс 10 дугаар сарын 4-ний өдрүүдэд “Хязгаар үгүй-НОМ-сэтгэлгээний эрх чөлөө” уриан дор Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.

Мөн Соёлын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулж буй “Соёлын цаг” аяны хүрээнд “Номын баяр-Танай дүүрэгт-Таны дэргэд” уриан дор нийслэлийн 9 дүүрэгт номын баярын үйл ажиллагаа үргэлжилж байна.

Ерөнхий зохион байгуулагчаар Соёлын яам, ЗГХА, Соёл Урлагийн Газар, нийслэлийн Засаг даргын даргын Тамгын газар, Нийслэлийн соёл, урлагийн газар, хамтран зохион байгуулагчаар Монгол улсын Үндэсний болон хотын төв номын сан, “Номын соёлт ертөнц” ТББ, Монголын Зохиолчдын Эвлэл, Хүүхдийн төв номын сан, их дээд болон ерөнхий боловсрол, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, хэвлэх үйлдвэрүүдийн холбоо ажиллаж байна.

“Номын баяр”-ын нээлтийн үйл ажиллагаа 9 дүгээр сарын 19-ний Бямба гарагт 11 цагаас нийслэл, аймаг орон нутагт нэгэн зэрэг эхэлнэ.  

  “Номын баяр 2020”  арга хэмжээний хүрээнд ард иргэд, хүүхэд залуучуудыг номтой нөхөрлүүлэх, эерэг хандлагыг бий болгох, ном хэвлэлийн салбарын үйл ажиллагааг сурталчлах, нийтийн уншлагыг дэмжих зорилгоор номын үзэсгэлэн худалдаа, ‘Ном бид 2’ бүх нийтийн хөдөлгөөн, ном солилцоо,  зохиолч уншигчдын уулзалт, сургалт лекц, хүүхдэд зориулсан хөтөлбөр, шинэ номын танилцуулга, уран уншлага, хуучин болон ховор номын худалдаа, номын баатруудын театрчилсан тоглолт, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан брайл номын үйлчилгээ, мөн ном, хэвлэлийн салбарын өнөөгийн байдал, ирээдүйн хөгжлийн асуудлаар болон утга, зохиол шүүмж судлалыг хөгжүүлэх чиглэлээр Монголын зохиолчдын эвлэлтэй хамтран нэвтрүүлэг, хэлэлцүүлэг зэрэг олон талт үйл ажиллагаанууд явагдана.  

Мөн Улсын болон орон нутгийн онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас гаргасан коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлын тархалтаас сэргийлэх шийдвэр, журам, зөвлөмжийн дагуу анхааруулга санамжийг өгч ажиллаж байна.

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

Видео

Санал асуулга

Нийслэлийн Соёл урлагийн газрын үйл ажиллагаа танд нээлттэй байна уу?

View Results

Loading ... Loading ...