Skip to content

ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ЧИГЛЭЛЭЭР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ

Хүүхдийн эрхийг хамгаалах, аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр  нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан албан даалгавар гаргаж холбогдох албаныханд үүрэг чиглэл  өглөө.

Тэрбээр гэр бүлийн хүчирхийлэл, зам тээврийн ослоос үүдэж хүүхдийн эрх зөрчигдөх явдал ихэссэн учраас, аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авах арга хэмжээг эрчимжүүлж ажиллахыг төрийн болон нутгийн захиргааны байгууллагын бүх албан хаагчдад даалгасан юм. Хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдэд ээлтэй Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд “Би хариуцлагатай аав ээж” аяныг үргэлжлүүлэх, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор хөдөлгөөний ачаалал ихтэй хэсэгт олон нийтийн цагдааг эргүүл хийлгэж ажиллуулах чиглэлийг нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүргийн Засаг дарга нар, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт өглөө.

Мөн угаарын хийнээс сэргийлэх зорилгоор ажиллаж буй “Тавантолгой түлш” компанийн 1000 гаруй хяналтын ажилтнууд болон орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор  ажиллаж буй 1700 олон нийтийн цагдааг хүүхдийн эрхийг хамгаалах, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хороо, дүүрэг, хэсэгтээ давхар хяналт тавьж ажиллуулах үүргийг өгсөн юм.

Хүүхдүүд тоглоомын талбайд гэмтэж бэртэх тохиолдол багагүй гарч байгаагаас үүдэж хүүхдийн тоглоомын талбайн MNS 6751:2019 стандартын хэрэгжилтийг хангуулах, аюулгүй орчинг бий болгох, өдөр өнжүүлэх, хүүхэд харах үйлчилгээний төв, сургууль цэцэрлэгийн орчинд байнгын хяналт  тавьж ажиллахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт үүрэг болголоо.

Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан хэлэхдээ “Сүүлийн үед хүүхдийн эрх зөрчигдөх, гэр бүлийн хүчирхийлэлд өртөх, аюулгүй амьдрах орчин нөхцлийн улбаатайгаар үр хүүхдүүд хохирох явдал ихэсч дэндлээ. Хүүхдийн эрхийн төлөө дор бүрнээ хариуцлагатай байж, аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлцгээе” хэмээлээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Видео

Санал асуулга

Нийслэлийн Соёл урлагийн газрын үйл ажиллагаа танд нээлттэй байна уу?

View Results

Loading ... Loading ...