Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.6.3 дахь “Хотын соёлыг төлөвшүүлж түгээн дэлгэрүүлэх ажлыг бүх шатанд зохион байгуулна” гэсэн заалтын хүрээнд иргэдийн нийтийн соёлыг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх “Хотын соёл” аяныг зохион байгуулах тухай Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/302 дугаар захирамж гарсан. Тус захирамжийн дагуу “Хотын соёл” аяныг “Соёлтой БолГоё” уриатайгаар өнөөдрөөс эхлүүлж байна.

Тус аянд идэвх санаачилгатай оролцож, үр дүнтэй ажлуудыг зохион байгуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн дээр Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, дүүрэг, харьяа байгууллагуудад үүрэг чиглэл өглөө. Үүнд:

  • “Хотын соёл” aяныг хэрэгжүүлэх тусгай төлөвлөгөө боловсруулан байгууллагын соёлыг төлөвшүүлэх, иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээний соёлыг дээшлүүлэх талаар олон талт ажлуудыг санаачлан хэрэгжүүлж, олон нийтэд сурталчлах,
  • Соёл, урлагийн газраас бэлтгэсэн соён гэгээрүүлэх нөлөөллийн контент, нэвтрүүлэг, зурагт хуудсыг байгууллагынхаа олон нийтийн сүлжээний цахим хуудас болон ажилтан, албан хаагч нараар сурталчлуулж давлагаалуулах,
  • Аяныг сурталчлах хэвлэмэл зурагт хуудсыг гудамжны самбар, нийтийн тээврийн хэрэгслүүд дээр байршуулах, видео шторкийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчинд түгээх ажлуудыг зохион байгуулахыг

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд, Дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, Харьяа байгууллагуудад үүрэг өгсөн бол

  • Аяны үйл ажиллагааг эрчимжүүлж сар бүрийн тайлан мэдээнд үнэлгээ хийж, холбогдох байгууллагуудад чиглэл өгч ажиллахыг НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн Соён гэгээрүүлэх тасаг, Нийслэлийн Соёл, урлагийн газарт тус тус үүрэг болголоо.

Хотын соёл хувь хүний соёл, ёс зүй, хотын иргэний хэрэгжүүлбэл зохих үүрэг хариуцлагаас хамааралтай асуудал байдаг. Тийм учраас төр захиргааны байгууллагаас уриалж хэрэгжүүлж буй энэхүү аянд иргэн бүр идэвх санаачилгатай оролцож, аж ахуйн нэгж байгууллагууд үйл ажиллагаандаа анхаарч ажиллахыг yриалж байна.

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

Recommended Posts