Нийсэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр Нийслэлийн Соёл, урлагийн газар, ШУА-ийн Археологийн хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын Бэлхийн амны Хүннүгийн язгууртны булшны археологийн судалгаа” төслийн явцтай Нийслэлийн Засаг даргын хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариусан орлогч Ж.Сандагсүрэн, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариусан орлогч М.Алтангэрэл, Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн, Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны Засаг дарга, НЗДТГ, НСУГ-ын мэрэгжилтнүүд 2021 оны 08 дугаар сарын 08-ны өдөр газар дээр нь очиж танилцлаа.

Тус төслийн хүрээнд Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дэх Бэлхийн амны Хүннүгийн язгууртны булш, оршуулга бүхий томоохон дурсгалт газрыг малтан судлаж, онцлог, он цагийн хамаарлыг тогтоон, соёлын өв, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох олон талт ажлыг хэрэгжүүлэх зорилготой судалгааны ажил 70 хувийн хэрэгжилттэй явагдаж байна.

Монгол-Унгарын хамтарсан судалгааны хүрээнд Н.Сэр-Оджав, Т.Хорватын нарын удирлага дор язгууртны булшны гурван дагуул булшинд 1961 онд гүймэг малтлага судалгааг гүйцэтгэж зарим морины тоног хэрэгсэл, зэр зэвсгийн үлдэгдэл, хүний ясны хэсгүүдийг олж илрүүлсэн бөгөөд түүнээс хойш өнөөг хүртэл уг дурсгалын бүтэц, он цаг, соёлын хамаарлыг тогтоох нарийвчилсан археологийн малтлага, судалгааны ажил хийгдээгүй байсан юм.

Судалгааны баг дурсгалын агаарын зургийг авч, нарийвчилсан хэмжилт, тодорхойлолтыг хийж, D GPS багажийн тусламжтай нийт 6 язгууртны булш, 4 дагуул булшны дэвсгэр зураг хийх ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд судалгааны үр дүнд одоогийн байдлаар баруун урагш чиглэсэн 4м урт үүдэвчтэй, 6,5 х 5м хэмжээтэй тэгш өнцөгт дөрвөлжин хэлбэрийн оршуулгын нүх, 3,5м гүнд язгууртны хэрэглэж байсан тэрэгний эд ангиуд болох хүрэл тоноглолын хэсгүүд илэрсэн ба язгууртан, ихэс дээдсийн талаарх олон талт мэдээллийг өгөх олдвор хэрэглэгдэхүүн, он цаг тогтоох материал цаашид илэрч олдох магадлал өндөр байна.

Уг дурсгалт газрыг соёлын өв, аялал жуулчлал бүтээгдэхүүн болгох үүднээс малтлага, судалгаа огт хийгдээгүй, хамгийн том хэмжээтэй 1-р булшийг цаашид ил үзмэр болгохоор төлөвлөж байгаа бөгөөд энэ удаад уг булшны гаднах нүсэр бүтэцтэй чулуун хүрээний баруун урд хэсгийг цэвэрлэх ажлыг гүйцэтгэж байна. 

Нийслэлийн Засаг даргын дэргэдэх ажлын хэсгийн хүрээнд уг дурсгалын хамгаалалтын бүсийг тогтоосон бөгөөд дурсгалын хадгалалт хамгаалалт, ил үзмэр, мэдээллийн төв, үйлчилгээний хэсгийг харуулсан төлөвлөлт бүхий аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох урьдчилсан төлөвлөлтийн зураг хийхээр боллоо.

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

Recommended Posts