Нийслэлийн Соёл, урлагийн газрын 2023 онд хийж хэрэгжүүлсэн ОНЦЛОХ 13 ажлыг танилцуулж байна.

  1. “Улаанбаатарын хаврын баяр-2023” соёл, урлагийн сургуулиуд, сургалтын төвүүдийн нэгдсэн өдөрлөгийг зохион байгууллаа.

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй Соёл, урлагийн сургуулиуд болон мэргэжлийн сургалтын төвүүдийн нэгдсэн өдөрлөг  2023 оны 04 сарын 12-ны өдөр Д.Сүхбаатарын талбайд “Улаанбаатарын хаврын баяр 2023”-ын хүрээнд зохион байгуулагдлаа.

“Улаанбаатарын хаврын баяр-2023” соёл, урлагийн байгууллагуудын нэгдсэн өдөрлөг “Улаанбаатарын хаврын баяр-2023” соёл, урлагийн байгууллагуудын нэгдсэн өдөрлөгийг 2023 оны 04 дүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд жанжин Д.Сүхбаатарын талбайд Улаанбааатар хотод соёл, урлагийн үйл ажиллагаа эрхэлж буй 27 байгууллагуудыг хамруулан зохион байгуулав.

2. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан нийслэлийн Засаг даргын 2023 оны 05 сарын 05-ны өдрийн А/448 тоот захирамжаар батлагдсан  ажлын хэсгийн өргөтгөсөн хурлыг 2 удаа, дэд ажлын хэсгийн хуралд 8 удаа оролцож  баярын зохион байгуулалт, тайз, урлагийн тоглолт, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулав.

Монгол хүүхдүүдийн оюун санаа, бие бялдар, бодох сэтгэх онцлогт нийцсэн Оньсон наадгай, Шагайн наадгай, Хөлөгт наадгай, Ээдрээ тайлах наадгай, Өрж эвлүүлэх наадгай, Эрийн гурван наадгай  гэх мэт Монголын уламжлалт 15 төрлийн 3000 гаруй зүйлийн тоглоом наадгайг энэ цагийн хүүхэд багачууд, эцэг эхчүүдэд сурталчлан таниулсан, тоглож наадуулсан, худалдаалсан хэлбэрээр зохион байгуулж байгаагаараа онцгой ач холбогдолтой юм.

3. “Asia folk 2023” азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадам

Ази тивийн хамгийн өргөн цар хүрээтэй, Азийн орнууд тэр дундаа хотуудын ардын урлаг, гар урлалыг сурталчлахад онцгой ач холбогдол бүхий соёлын үйлдвэрлэл, соёлын аялал жуулчлалын эвентүүдийн нэг болгох, нөгөө талаар гадаадын жуулчдыг татах зорилгоор жил бүр Нийслэлийн Засаг даргын ивээл дор тогтмол зохион байгуулагддаг, Монгол Улсын нэрийн хуудас болсон брэнд арга хэмжээ болгох зорилготой “Asia Folk-2023” Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадмыг 2023 оны 06  дугаар сарын 15-20-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Монгол, БНХАУ, ОХУ, БНСУ, Индонези, Малайз, Филиппин, Энэтхэг, Япон, Иран, Тайланд, Польш зэрэг 22 орноос 160 уран бүтээлч Улаанбаатар хотод хүрэлцэн ирж, цахимаар 120 уран бүтээлч оролцож байгаа юм. Мөн наадамд зургаан улсын 20 гаруй, Монголын 300 гаруй гар урлаач оролцож, Сүхбаатарын талбайд бүтээлээ дэлгэн үзүүллээ.

Монгол Улсын төв цэг Сүхбаатарын талбай дээр зохион байгуулагдсан “ASIA FOLK 2023” Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадмын албан ёсны хаалтын ажиллагаа 2023 оны 06 дугаар сарын 20 ны өдөр ёслол төгөлдөр болж өндөрлөлөө. Наадмын шүүгчид Азийн хотуудын ардын урлагийн уран бүтээлчдийн шилдгийг шалгаруулж, шилдгээр шалгарсан уран бүтээлчдэд Нийслэлийн хамтрагч байгууллагууд болон “АРТЛАР СОЁЛ УРЛАГ” ТББ-ын төлөөллүүд шагналыг гардууллаа.

   Энэ оны гранпри шагналаар БНХАУ-ын ӨМӨЗО-ны уран бүтээлч дуучин Дэлхий шалгарч “АЛТАН ЦОМ”-ын эзэн боллоо.

4. Төрийн хүндэтгэлийн тоглолт

Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын төрийн хүндэтгэлийн тоглолтын Ерөнхий найруулагчаар Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, Төрийн хошой шагналт Н.Жанцанноров ажилласан.

“Эх орон” сэдвийн хүрээнд Монгол Улсын 21 аймгийн үндэсний бахархал, өв соёл, онцлогийг агуулсан найруулгатайгаар зохион байгуулсан. Соёлын төв өргөө, мэргэжлийн урлагийн байгууллагуудын 500 гаруй уран бүтээлчид оролцож 5000 гаруй хүн иргэд жуулчид үзэж сонирхсон.

5.Улаанбаатарын үдэш шоу тоглолт

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2023 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн 04 тогтоолын дагуу “Улаанбаатарын үдэш” арга хэмжээний гүйцэтгэх продюсерээр газрын дарга Э.Цэнд-Аюуш ажиллаж  “Эх орон” дуугаараа Төрийн соёрхол хүртсэн “Хурд” хамтлаг жанжин Д.Сүхбаатарын талбайд тоглолтоо зохион байгуулж найруулагчаар Хурд хамтлагийн продюсер МУГЖ Д.Отгонбаяр ажилласан.

Тоглолтод Хурд хамтлаг, Чоно хамтлаг, Андууд хамтлаг, S4 хамтлаг, Drumstik хамтлаг, Уухай хамтлаг, R&N хамтлаг, Voice шоуны шилдэг оролцогчид, дуучин Э.Агиймаа, Т.Цогсогмаа, И.Мишээл нар оролцож Фантастик продакшны жүжигчин, кино зохиолч, продюсер СТА Б.Барслхагва, жүжигчин СТА Э.Одбаяр нар хөтлөгчөөр ажилласан.

Тоглолтод 60 гаруй уран бүтээлчид оролцож 10000 гаруй иргэд, жуулчид үзэж, UBS телевизээр шууд дамжуулсан.

6. Даншиг наадам-Хүрээ цам

Монголын соёл, шашны зан үйл, өв уламжлалыг хадгалсан, өвөрмөц онцлогтой  “Даншиг наадам-Хүрээ цам 2023” наадмыг соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газраас Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран долоо дах удаагаа зохион байгууллаа.

Энэ жил наадмыг “City Of Nomads” уриан дор зохион байгуулж, Буриад, Өвөрмонгол, Халимаг, Тува, Дээд Монголоос эрдэмтэн судлаачид, зочид, төлөөлөгчид, уран бүтээлчид, үндэсний спортын тамирчдыг урин оролцуулж, шашин, соёл, уламжлалын өвөрмөц онцлогийг харуулсан тоглолт, уралдаан, гэрэл зургийн үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал зэрэг олон төрлийн арга хэмжээг зохион байгуулж буйгаараа онцлог болсон.

7. Нүүдэлчин дэлхийн соёлын фестивалийг 3 дах жилдээ зохион байгуулав.

Нүүдэлчин дэлхийн соёлын фестиваль 3 дах удаагаа 2023 оны 08 дугаар сарын 18-20-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Фестивалийн хүрээнд нийслэл аймгийн чуулга, хамтлагууд өдөрт 6 удаа отогийн тоглолт, 1 удаа нэгдсэн тайзан дээр  тоглолт хийсэн. Мөн морин хуур, икэл, домбор, товшуур, цуур хөгжмийн 7 өвлөн уламжлагч 512 ардын хөгжмийн  их найралд оролцлоо. Удирдамжийн дагуу үзэсгэлэнгийн гэр барьсан бөгөөд  шилдэг гар урлалын өвлөн уламжлагчид өөрийн гараар урласан гэрт бүтээлийн үзэсгэлэн гаргаж оролцлоо. Нийт өвлөн уламжлагчдын жендэрийн хувьд 19 эрэгтэй, 19 эмэгтэй байсан бөгөөд эх хэл аман уламжлалын төрөлд 1, ардын язгуур урлагийн төрөлд 32, уламжлалт арга ухааны төрөлд 1, уламжлалт гар урлалын төрөлд 1 буюу нийт 4 ай савын 17 төрлөөр амжилттай оролцлоо.

8. Хүүхдийн найрал дууны 29 дэх удаагийн наадам

Д.Лувсаншаравын нэрэмжит Хүүхдийн найрал дууны 29 дэх удаагийн наадмын гала тоглолт 10 дугаар сарын 26-нд боллоо. Наадмын анхан шатны шалгаруулалтад нийслэлийн найман дүүргийн 75 сургуулийн 5100 гаруй сурагч оролцсон бол хоёрдугаар шатанд 20 сургуулийн 1200 орчим хүүхэд оролцож, шилдгүүдээ тодруулав.

Наадмын 2 шатанд давхардсан тоогоор 95 сургуулийн 6300 хүүхэд оролцож бөгөөд Гала тоглолтыг MNB2  сувгаар шууд дамжуулан үзүүлж, тоглолтыг 3000 гаруй хүн урилгаар үзэж сонирхсон байна.  Нийт 95 сургуулийн 6300 хүүхэд оролцож, 3000 хүн урилгаар үзэж, нийт 9300 хүн оролцсон байна.

9. Үндэсний бичиг соёл,номын өдрүүд-2023

Улсын Их хурлын даргын ивээл дор жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг 33,34 дэх номын баяр  “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2023” арга хэмжээг  Соёлын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Номын соёлт ертөнц” ТББ хамтран зохион байгуулж, хавар, намрын номын баярт нийт 486,978 хүн оролцож, ном худалдан авах, номоо сурталчлах, бусад соёл, урлагийн үйлчилгээнд хамрагдав.

10. Соёлын бүтээлч сар аяны хүрээнд “Соёлын эрхийн бичгийн тандалт судалагаа”-ны ажлыг зохион байгуулан нийслэлийн ЕБС-иудын ахлах ангийн 22,552 сурагчдыг хамруулав.

Соёлын бүтээлч үйлдвэрлэл II, Бүх нийтийн соёлын боловсрол, Монгол ба дэлхий дахин хөтөлбөр  арга хэмжээний хэрэгжилтийг нийслэлд эрчимжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулагдсан “Соёлын эрхийн бичиг”-ийн тандалт судалгааны ажлыг сарын турш өрнүүлсэн бөгөөд энэхүү үйл ажиллагаанд Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн 22,552 сурагчид 13 мэргэжлийн урлагийн байгууллагын 82 удаагийн арга хэмжээ, үзвэр үйлчилгээнд  хамрагдсан.

11. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 384 жилийн ой

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 384 жилийн ойн хүндэтгэлийн концерт нийслэлийн Соёлын төв өргөөнд зохион байгуулагдлаа. Концертыг нийслэлийн үе үеийн удирдлагууд, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд, харьяа байгууллагууд, дүүрэг, хороодын удирдлагууд, албан хаагчид, нийслэлийн иргэд  нийт 1700 зочид урилгаар үзсэн.

Нийслэлийн ойд зориулсан хүндэтгэлийн концертыг нүүдлийн болон суурин соёлтой, дөрвөн улиралтай хотын ондоошлыг илтгэн харуулах өвөрмөц онцлогтойгоор зохион байгуулсан.

12. Улаанбаатар хот ЮНЕСКО-ийн “Бүтээлч хотуудын сүлжээ”-нд нэгдлээ.

Улаанбаатар хотыг ЮНЕСКО-ийн “Бүтээлч хотуудын сүлжээ” буюу дэлхийн 80 гаруй улсын 355 гаруй хот нэгдэн орсон сүлжээнд “Ардын урлаг ба гар урлал”-ын төрөлд нэр дэвшүүлэх ажлыг Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвтэй хамтран хэрэгжүүлж, 2023 оны 06 дугаар сард хүсэлт, материалаа хүргүүлсэн бөгөөд 2023 оны 09 дүгээр сард урьдчилсан хэлэлцүүлгээр дэмжигдсэн. ЮНЕСКО-оос 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр буюу “Дэлхийн хотуудын өдөр”-өөр “Бүтээлч хотуудын сүлжээ”-нд нэгдсэн дэлхийн хотуудыг зарласан бөгөөд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот нь гар урлал, ардын урлагаар тус сүлжээнд нэгдэн, дэлхийн бүтээлч 355 хотын нэг боллоо.

13. Улаанбаатарын мөнгөн шөнө-2023 шинэ жилийн баярын үйл ажиллагааг зохион байгуулав.

Шинэ жилийн баярыг угтан Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Соёл урлагийн газар хамтран “My UB-Бид хамтдаа Улаанбаатарыг бүтээнэ” уриан дор “Улаанбаатарын мөнгөн үдэш” арга хэмжээг 24-30-ны өдрүүдэд зохион байгуулж 12-р сарын 31-ний 21:00-00:00 цагт “Улаанбаатарын мөнгөн шөнө-2023” арга хэмжээг Д.Сүхбаатарын талбайд зохион байгууллаа.

2024 онд соёл, урлагийн үйл ажиллагаанд хамтран ажиллах санал авч байна.

Соёлын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллах байгууллагуудын саналыг 2024 оны 01 сарын 26-ны өдөр хүртэл дараах чиглэлүүдээр хүлээн авна. Үүнд:

  • Соёл, урлагийн тоглолт үйл ажиллагааны зохион байгуулалт;
  • Лед дэлгэц, тоног төхөөрөмжийн түрээс;
  • Эх бэлтгэл, хэвлэлтийн ажлын зохион байгуулалт;
  • Асар, майхан сандал, эд хэрэглэлийн түрээс;
  • Соён гэгээрүүлэх нөлөөллийн үйл ажиллагаа;
  • Цахим контент, видео шторк бүтээх;

Хамтран ажиллах хүсэлтийн анкетийг ЭНД дарж татаж авна уу

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үйл ажиллагааны мэдээллийн ил тод байдлын талаар санал асуулга

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үйл ажиллагааны мэдээллийн ил тод байдлыг нэмэгдүүлж, иргэд олон нийтийн оролцоог хангах зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлээс хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагаанд иргэдийн санал, шүүмжлэлийг тусгаж, төрийн байгууллагын үйл ажиллагааг сайжруулах зорилгоор төрийн үйлчилгээ авч буй, иргэн хуулийн этгээдээс цахим хэлбэрээр санал асуулга тогтмол авч байна. Та бүхэн санал, хүсэлтээ гаргаарай.

АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН 6 ДАХЬ УДААГИЙН ЭЭЛЖИТ УЛСЫН ТООЛЛОГО ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 315 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/846 дугаар захирамжаар батлагдсан “Аж ахуйн нэгж байгууллагын улсын ээлжит тооллого”-ыг 2021 оны 11-р сарын 01-нээс 12-р сарын 01 хүртэл цахим хэлбэрээр зохион байгуулна.Энэ удаагийн тооллогод 2021 оны 11 сарын 01-нээс өмнө үүсгэн байгуулагдсан өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгжүүд болон хувиараа хөдөлмөр эрхлэгчид https://toollogo.1212.mn цахим хуудсаар хамрагдах юм.

АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГА – Татвар https://etax.mta.mn/, Нийгмийн даатгалын санд http://www.ndaatgal.mn/ нэвтрэх нэр, нууц үгээ ашиглана.

ХУВИАРАА ХӨДӨЛМӨР ЭРХЛЭГЧИД – https://ebarimt.mn/https://e-mongolia.mn/ цахим системд нэвтрэх эрхээрээ орж хамрагдана.

ТА БҮХЭН ТООЛЛОГОДОО ИДЭВХТЭЙ ХАМРАГДААРАЙ.

“МОНГОЛЫН ЭРТНИЙ ХОТУУД АГААРЫН ЗУРАГТ” ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТ БОЛЛОО

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, ШУА-ийн Археологийн хүрээлэн хамтран 2021 онд хэрэгжүүлсэн “Бэлхийн амны хүннүгийн язгууртны булш”, “Туулын Хар Түнэ-ордон”-ны археологийн малтлага судалгааны урьдчилсан үр дүн, олдворын дээжис болон эртний хот суурины гэрэл зургаар “Монголын эртний хотууд агаарын зурагт” үзэсгэлэнгийн нээлт боллоо.

Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ж.Сандагсүрэн, Шинжлэх Ухааны Академийн дэд ерөнхийлөгч, Академич Г.Чулуунбаатар болон бусад албаны төлөөлөл, иргэд оролцлоо.

Тус үзэсгэлэн нь Монгол нутагт оршин байсан нүүдэлчдийн эртний хот, суурины талаарх мэдээлэл, агаарын зураглал бүхий гэрэл зургийн үзэсгэлэн болон “Бэлхийн амны хүннүгийн язгууртны булш”, “Туулын Хар Түнэ-ордон”-ны археологийн малтлагаас илрүүлсэн зарим олдврорыг дээжлэн хүргэж байгаагаараа онцлог юм.

Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн Соёл, урлагийн газар, Шинжлэх Ухааны Академийн Археологийн хүрээлэнтэй хамтран цаашид Улаанбаатар хот орчмын соёлын өвийн малтлага, судалгаа, түүх соёлын өвийн сэргээн засварлалтын асуудлаар хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар албаны төлөөлөл онцлон тэмдэглэсэн.

Тус үзэсгэлэнг Нийслэлийн 382 жилийн ойд зориулан 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг дуустал Монголын Үндэсний Музейд зохион байгуулагдана.  

НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТЫН АНХНЫ ШАВ ТАВЬСАН “МЭЛХИЙТ” ХӨШӨӨ, “МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО”-НД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ, “НИЙСЛЭЛИЙН СҮЛДЭТ ХУУР” ЦЭНГҮҮЛЭХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭЛЭЛ

Одоогоос 382 жилийн тэртээ 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Их Монголын шарын шашны тэргүүнд өргөмжлөн өргөө байгуулан өгснөөр Монгол улсын нийслэлийн үүслийг тавьсан түүхтэй. Тэр цагаас хойш 28 удаа бууриа сэлгэж, 1778 онд Богдхан уулын ар, хатан Туулын хөвөө, сэрүүн Сэлбийн дэнж, Хүн чулууны хонхорт суурьшихдаа нүүдэллэн ирсний тэмдэг болгож “Хүн чулуун хөшөө”-өөр шав тавьжээ. Энэхүү түүхэн үйл явдлыг мөнхжүүлэх, хойч үедээ таниулан сурталчлах зорилгоор тус шав тавьсан газрын хойд хэсэгт 1994 онд дурсгалын “Мэлхийт” хөшөөг босгож, Нийслэлийнхээ ойгоор хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай болсон юм. Нийслэл Улаанбаатар хотын 382 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн удирдлагууд, нийслэлийн иргэд 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр анхны шав тавьсан  “Мэлхийт хөшөө”-нд уламжлал ёсоор 10:30 цагт хүндэтгэл үзүүлж, Монголын нууц товчоог залж, нийслэлийн сүлдэт хуураа цэнгүүллээ. Тус ёслолын үйл ажиллагааг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Батбаясгалан нээж үг хэлж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар мэндчилгээ дэвшүүлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Морин хуур дээдлэн, Уртын дуугаа өвлөн дэлгэрүүлэх, “Монголын нууц товчоог мөнхөд эрхэмлэн дээдлэх тухай зарлиг буулгасны дагуу Нийслэлийн Төр захиргааны байгууллагаас “Нийслэлийн Сүлдэт хуур”, “Монголын нууц товчоо”-г хүндэтгэлтэйгээр залж жил бүр Нийслэл хотынхоо төрсөн өдрөөр хүндэтгэл үзүүлдэг уламжлалаар Энэ өдөр Нийслэлийн сүлдэт хуурыг Монгол Улсын Ардын жүжигчин Ч.Батсайхан цэнгүүлж, Монгол цамын хэсгээс бүжигчид бүжиглэн, Улаанбаатар чуулгын гоцлол дуучин Монгол Улсын Гавьяат жүжигчин С.Ганзориг “Миний Улаанбаатар” дууг дуулж, Улаанбаатар чуулгын бүжигчид цамын бүжгийн хэсгээс бүжиглэв. “Мэлхийт хөшөө”, Нийслэлийн “Сүлдэт хуур”, “Монголын нууц товчоо”нд Нийслэлийн төр захиргааны байгууллагын удирдлагууд, ажилтнууд, иргэдийн төлөөлөл тойрог хэлбэрээр явж Сүлдэт хуур, Нууц товчоонд хүндэтгэл үзүүлсэн юм.

Мөн Монгол Улсын Төрийн далбаа, нийслэлийн туг мандуулах ёслол, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж үйл ажиллагаануудад нийслэл, дүүргийн удирдлагууд, Цэргийн штабын бүрэлдэхүүн, Улаанбаатар цэргийн хүрээний Хүндэт харуул, Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын хамт олон оролцлоо.

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

“МОНГОЛЫН ЭРТНИЙ ХОТУУД АГААРЫН ЗУРАГТ” ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, ШУА-ийн Археологийн хүрээлэн 2021 онд хамтран хэрэгжүүлсэн “Бэлхийн амны хүннүгийн язгууртны булш”, “Туулын Хар Түнэ-ордон”-ны археологийн малтлага судалгааны урьдчилсан үр дүн, олдворын дээжис болон эртний хот суурины гэрэл зургаар “Монголын эртний хотууд агаарын зурагт” үзэсгэлэнг  Нийслэл Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны 382 жилийн  ойд зориулан зохион байгуулж байна. Та бүхнийг хүрэлцэн ирж сонирхохыг урьж байна.