“НИЙТИЙН ЦЭНГЭЭНТ БҮЖГИЙН ШИЛДЭГ ХОС ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН” өндөрлөлөө

Нийслэлийн 375 жилийн ойг угтан, Нийтийн цэнгээнт бүжгийн “Шилдэг хос” шалгаруулах тэмцээнийг 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар чуулгын байранд амжилттай зохион байгууллаа. Уг тэмцээнд Нийслэлийн 9 дүүргийн 1-р шатны шалгаруулалтаас шалгарсан 27 хос оролцож, амжилттай болж өндөрлөлөө. Хамгийн ахмад оролцогч Сүхбаатар дүүргийн бүжигчин 82 настай Д.Баатар, 81 настай Ж.Долгорсүрэн нар байлаа.

Тэмцээнд бүжигчид нийт 3 бүжгээр оролцсон ба заавал бүжиглэх бүжгээр вальс бүжиг, бусад 2 бүжгийг заавал сурах 10 бүжгээс сонгож бүжиглэсэн юм. Вальс бүжгийг нэрт хөгжмийн зохиолч, вальсын хаан Б.Түмэнжаргал агсны “Дурлалын вальс” аялгуун дээр бүжиглэсэн нь тэмцээний онцлог байлаа.

Тэмцээний тэргүүн байрын шагналыг Чингэлтэй дүүргийн бүжигчин Цэдэндамба, Гүндэгмаа нар, 2-р байрын шагналыг Сонгинохайрхан дүүргийн бүжигчин Л.Мандахцолмон, Г.Бадмаараг нар, 3-р байрын шагналыг Налайх дүүргийн бүжигчин Ч.Гаанжуур, Б.Буян-Арвижих нар тус тус эзэллээ.

Тэмцээний шүүгчээр Монгол Улсын Гавъяат Багш, Монголын Бүжгийн Спортын Холбооны Хүндэт Ерөнхийлөгч, Улаанбаатар хотын Бүжгийн Спортын Холбооны дэд ерөнхийлөгч, Бүжгийн Авъяас Төвийн тэргүүн, Нийтийн Цэнгээнт Бүжгийн Холбооны тэргүүн Ч.Жаргалсайхан, БНСУ-ын Инчеон хотод болсон Азийн аварга шалгаруулах бүжгийн спортын тэмцээний аварга, “Хаврын баяр-2008” цэнгээнт бүжгийн улсын уралдааны Хаан өргөмжлөлт, Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан Б.Булганбаяр, үндэсний дуу бүжгийн “Түмэн эх” чуулгын дарга, уран сайхны удирдаач  Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Т.Отгонсүрэн нар ажиллалаа.

Цаашид уг тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулах бөгөөд иргэдийн талархалыг хүлээсэн, хүсэн хүлээдэг тэмцээнүүдийн нэг болгохоор, вальсын хаан Б.Түмэнжаргал агсны нэрэмжит болгон жил бүр уламжлал болгон зохион байуулах болно.

Б.Батцэнгэл: Улс төр хөгшрөх тусам туршлага суудаг бол урлаг залуужих тусам шинэчлэгддэг онцгой салбар

Нийслэлийн Соёлын Газрын дарга Б.Батцэнгэл буюу реппер Quiza -тай ярилцлаа. 

-Нэг сая хүн амтай нийслэл хотын урлаг, соёлын асуудлыг ахлаж ажиллана  гэдэг өндөр үүрэг,  хариуцлага. Энэ ажилд хэрхэн томилогдов? 
-Нийслэлийн соёл урлагийн газар нь  дүүргүүдийн  соёлын ордон болон Улаанбаатар хотын музей, Улаанбаатар номын сан, СТӨ, Улаанбаатар чуулгыг хариуцан ажилладаг. Соёл урлагийн бодлого чиглэлийг баримтлан ажилладаг Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг. Ажлын тухайд бол өөрөө сонирхоод төрийн албан хаагчийн анкет бөглөж, шалгалт өгч, төлөвлөгөө гаргаж Засаг даргад танилцуулаад сонгогдсон.
-Багаа хэрхэн бүрдүүлсэн бэ?
-Урлаг соёлын салбарын давуу тал бол хүмүүс нь жинхэнэ халуун сэтгэл зүрхээрээ ажилладаг. Би тогтчихсон сайн баг дээр ирсэн. Соёлын байгууллага дээр аливаа улс төрийн нөлөө болон халаа сэлгээний асуудал байдаггүй.
-Хүмүүс Нийслэлийн соёл урлагийн газрын дарга Ц.Батцэнгэл гэхээр тэр бүр Куйзаг гэж мэддэггүй байх…?
-Миний олон жил сонирхсон ажил. Соёл урлагийн салбар хэдийгээр онцгой төсөв тавьж өөд нь татъя гэсэн тэргүүн эгнээнд байхгүй ч нөлөөллөөр асар хүчтэй. Ялангуяа соёлын бодлого чиглэл ямар байж нийслэлийн иргэнийг хэрхэн хүмүүжүүлж дархлаажуулах вэ гэдэг асуудал их чухал. Энэ нь миний ажлын онцлог. Төрийн байгууллага цалин бага, цаг наргүй, ачаалал өндөр гэж ярьдаг. Миний хувьд насны хувьд болоод  ч, гэр бүлийн тухайд  ч энэ ажлыг хийх болсон гэж боддог. Тэгээд л бүх чадлаа ажилдаа зориулан явж байна даа.
-Соёл урлагаар дархлаажуулна гэхээр нэг л сонин сонсогдоод байна?
-Нийгэм гэдэг нийтийн харилцаан дээр хотын соёл бэхжиж дархлаажигдан явдаг. Нийтийн харилцааг ямар үед ухамсарладаг вэ гэхээр соёл урлагийн үйлчилгээгээр би хотын иргэн, олон нийтийн дунд амьдардаг, өөрийнхөө үүрэг хариуцлагыг хүлээж эрхээ эдлэх ёстой гэсэн ухамсрыг дархлаажуулж өгдөг. Ерөөсөө нийгмийн харилцаанд оролцохгүй урлаг соёлын үйлчилгээ авахгүй бол  бүдүүлэг хэлбэрт шилжинэ. Тэгэхээр  соёл урлагийн ажлыг ихээр хийж байх нь хотын соёлын асуулдалд том дэвшил хамгаалалт болох юм.
-Танай үндсэн үйл ажиллагааны чиглэл юу вэ?
-Бид босоо тогтолцоогоор ажилладаг. ССАЖЯ-наас баримталдаг бодлого болох  морин хуур, хөөмий, бие биелгээ, соёлын өвийн хөтөлбөрийг манайх дэд хөтөлбөрөө болгон хэрэгжүүлдэг. Мөн Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр нийгэм эдийн засгийн зорилтод орсон соёл урлагийн ажлыг хэрэгжүүлнэ. Тэгээд нийслэлийн хэмжээнд тэмдэглэгддэг соёл урлагийн арга хэмжээг зохион байгуулж ажилладаг. Үндэсний баяр наадам, шинэ жил, хүүхдийн баяр, нийслэлийн ой гэх мэт. Садар самуунтэй тэмцэх, оюуны өмчийг хамгаалах хуулийн  хэрэгжилт талаас нь анхаарна. Соёлын үйлчилгээний стандарт болон тусгай зөвшөөрлийг манайх олгодог.
Ойрын үед анхаарлаа хандуулж буй гол ажил гэвэл?
-Нийслэл хотын 375 жилийн ойн хүрээнд хийгдэх маш олон ажлыг салбарын хувьд ахлан хийж байна. Хүүхдийн баярын төсөл дээр ажиллаж байна. Илүү гоё хийхийн тулд уран бүтээлчид хувийн хэвшил ТББ-ын саналыг цуглуулж явна.
-Хувийн уран бүтээлийн тухайд?
-13 дуу бэлэн байгаа. Хүнд хүргэж цацна гэдэг хөрөнгө мөнгө, цаг зав шаардсан ажил. Тийм учраас түр зуур хойш тавиад цаг нь болохоор интернэтэд байрлуулан хүргэнэ гэж бодож байна.
-Энд тэнд дуулж байна уу ?
-Ер нь төрийн албан хаагч болсноосоо хойш дуулаагүй шүү. Хандив, буяны болон олон нийтэд хандсан ашгийн бус арга хэмжээнд оролцох санал их ирдэг. Боломжтой бол оролцоно гэж боддог.
-Өнгөрсөн найман жилийн хугацаанд та чамгүй амжилтад хүрсэн. Таны дуу хоолой нийгэмд үгүйлэгдэж байгаа болов уу?
-Би хийсэн бүтээлээрээ хоолоо олж иддэг, амьдралаа залгуулдаг, үнэлэгддэг, цэнэлэгддэг энэ тогтолцоог бий болгохын төлөө ажлаа хийж байна. Өнөөдөр би нэг дуу гаргаад тэрнээсээ  нэг  ч төгрөг олохгүй. Яахав шинэ жилээр ч юм уу нэг газар дуулаад хэдэн төгрөг олдог л доо. Гэхдээ урлаг нийтээрээ ийм байгаа учраас энэ салбарт бизнес эрхзүйн таатай орчныг бүрдүүлэхийн тулд эхний ээлжинд нийслэлийн газар нутгийн хүрээнд ажиллаж байна. Миний үгийг нь зохиож продюсерлосон ная гаруй дуу бий. Би энэ бүтээлээсээ ашгаа авдаг тэр тогтолцоог бий болгох хэрэгтэй байна. Урлагийн салбарын бизнес хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлж өгөх сонирхолтой. Урлаг гэдэг хэдийгээр төрийн нуруун дээр байх ёстой ч нийтийн дуу, рок поп хөгжим маш сайн бизнес болж байж энэ салбар хөгжинө. Хөгжөөд ирэхээр хүмүүсийн үзэх харах сонсох дуртай юмнууд ихэснэ. Урлагаар дамжуулан өгч байгаа хүмүүжил бол асар их үр дүнтэй байдаг.
-Энэ зорилгынхоо эхлэл болгож юуг хийж байна?
-Нийслэлийн хэмжээнд ажилладаг Соёлын ордон чуулгыг эхний ээлжинд хагас менежментийн тогтолцоо руу шилжүүлнэ.  Жил болгон улсаас 300 сая төгрөг авч буцаагаад гурван сая төгрөг төвлөрүүлдэг соёлын байгууллагатай байхыг хүсэхгүй байна.  Ядаж 150 сая төгрөг аваад 100 саяыг өөрсдөө олдог болгох хэрэгтэй. Тэгэхийн тулд урлагийн салбарт хөрөнгө оруулагчдын анхаарлыг татах хэрэгтэй. Анхаарлыг нь татахын тулд эрхзүйн бололцоог нь нээх хэрэгтэй. Тийм ч учраас төрийн өмчид ашгийн зорилгоор үйл ажиллагаа явуулахыг хориглоно энэ тэр гэсэн хэд хэдэн хуулийн заалтыг урлагийн салбарт түдгэлзүүлэх саналтай ажиллаж байна.
-Менежментийн хувьчлал гэж ойлгож болох уу?
-Хувьчлал гэх нь хаашаа юм. Одоогоор Соёлын ордны захирлуудтай хагас ашгийн төлөө ажилладаг болгохоор ярьж байна. Нийтийн цэнгээнт бүжиг явуулаад тасалбарынхаа орлогоор зааландаа гэрэл аваад тавьчихдаг байя. Цэнгээнт бүжиг яваад эхэлчихсэн. Хан-Уул дүүргийн Соёлын ордон гэрэл чимэглэлийн асуудлаа төсвийн бус аргаар шийдлээ. Хувийн компанитай гэрээ хийж хөрөнгө оруулалт аваад эргээд тасалбараасаа мөнгөө төлөх жишгээр явж байна. Цаашдаа Соёлын орднууд төрийн соёл урлагийн бодлого хэрэгжүүлдэг газар гэхээсээ илүү иргэдийн дуу хоолойг сонсож тэрэн дээр менежмент хийж соёлын хэрэгцээгээ хангадаг байгууллага болно.
-Урлагийн шүүмжийн хэрэгцээг та юу гэж үздэг вэ. Өнөөдөр шүүлтүүр хэрэгтэй юү?
-Дээр үед шүүдэг байсан. Одоо бол хүмүүсийн мэдрэмж, судалгаа, орлого, нэр хүндээрээ шүүгдэж байна. Урлаг өөрөө хүчтэй том шүүлтүүртэй.  Тийм учраас төр оролцох шаардлагагүй. Хувь уран бүтээлчийн зүгээс би анх нийтийн дууг шүүмжилж байсан. Харин одоо нийтийн дууг бизнес болгож чадсан тэр дуучдыг магтмаар талархмаар, салбараа бизнес болгож чадахгүй яваа рок попынхонг шүүмжилмээр байна. Тэрэн дотор би өөрөө ч яваа. Асуудлыг харах өнцөг өөр болж ирлээ. Хэн хүнээс мөнгийг нь аваад бүтээлээ зарж чадаж байна, тэр л маргашгүй үнэн. Хошин урлаг, нийтийн дуу үнэхээр сайн бизнес болж чадлаа. Улаанбаатарт ирсэн иргэд “Нарантуул” орж бараагаа аваад Бөхийн өргөөнд очиж нийтийн дуучдын тоглолт, СТӨ-нд ирж хошин шогоо үздэг маршруттай болсон. Энэ маршрут  сүүлдээ нийслэлийн иргэдэд нөлөөлж эхэлсэн. Тэгэхээр бид нар урлагийг яаж хөгжүүлэх ёстой юм бэ. Ерөөсөө бид нар мянга бодлого бариад бүгдийг нь хэрэгжүүлэх  боломжгүй учраас шоу бизнесийг хөгжүүлэх, бизнес болгох талыг нь нээж өгөх ёстой. СТӨ-ний 1500 суудлыг бүтэн жил дүүрэн байлгаж чадаж байгаа нь хошин урлагийнхан. Гэтэл манайхан жилдээ 5-6 тоглолт хийдэг. Хоёр цаг хүлээлгэж байж эхэлдэг. Билетээ шахдаг, асуудал бол байна.
-Куйза миний тоглолтын тасалбар CD биш гэж дуулж байсан. Тасалбар CD хэвээрээ байгаа. Энэ юуг харуулж байна?
-Би тоглолтоо CD-гээрээ зарахгүй л гэсэн санаа, хувийн бодол. Тоглолт үзээд гарахдаа CD худалдаж авдаг энэ бол жишиг. Харин CD үзүүлээд тоглолтод орж байгаа бол хоёр том бүтээгдэхүүнийг нэгнийх нь үнээр өгчихөж байгаа байхгүй юу.
-Яагаад ийм болчихов, танайхан?
-Оюуны өмчийн хулгайн асуудал маш их нөлөөлж байна. Интернэтээр үнэгүй татаад авчихна, зах дээрээс 1000 төгрөгөөр 300 дууг MP3 болгоод авна, хүссэн дуугаа youtubе-ээр үзчихнэ. Хүн болгон ухаалаг утастай болчихсон. Техник технологийн дэвшил  маань эргээд оюуны өмч үнэтэй байх нөхцөлийг хаагаад байна. Мөн  цомог зардаг газрууд ухаалаг түвшинд очмоор байна. CD сонсдог үе өнгөрчихлөө.  Бүх бүтээл файл болчихлоо. Худалдаа болгох шийдэл нь нэвтрээгүй болохоор орлого багасаад шинэ уран бүтээл гаргахаа больчихлоо. Ингэхээр сонсогчид маань идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа руу нь л тэмүүлж байна. Энэ дээр маш том хөрөнгө оруулалт, хамтын удирдлагын хүчтэй байгууллага хэрэгтэй. Тэгээд нэгдчихвэл оюуны өмчийн асуудлыг шийдэх боломж бий. Маш олон төв холбоо байгаа ч мобиком, юнител эд нар олон газарт мөнгө төлөхөд хэцүү. Цаг үеийнхээ хөгжилтэй хөл нийлүүлэн тохирч зохирч амьдрахгүй бол болохгүй нь. CD зараад амьдарна гэдэг ойлголт ард хоцорчээ.
Танай рок попынхон  ажлын саналаар хандаж байна уу?
-Манайх хувь уран бүтээлчтэй хамтран үйл ажиллагаа явуулдаггүй. Баяр ёслолын арга хэмжээн дээр хамгийн рейтэнг өндөр яваа  хүмүүст захиалга өгч гэрээ байгуулдаг.  Найз нөхөд хэвээрээ.
-Уран бүтээлийн санал хэр ирж байна?
-Ганц нэг ирнэ ээ. Сүүлд “Свийт эмоушн” хамтлагийн  “Он цаг, орон зай, цаг хугацаа”  дууны үгэн дээр ажилласан.
-Реппер Куйзагийн үзэл бодол өдгөө өөрчлөгдсөн үү?
-DZ man “Хүн бол цаг үеийн бүтээгдэхүүн. Тухайн цаг үеэрээ л үзэл бодол нь үргэлж шинэчлэгдэн хөгжиж байдаг” гэж хэлдэг.  Би 2005 онд тухайн цаг үетэйгээ холбогдон үзэл бодлоо уран бүтээлээрээ илэрхийлж байсан бол өнөөдөр мэдээж өөрчлөгдсөн.
-“Салхины хээ”, “Монголын үнэртэй салхи” гэсэн хоцрогдсон үгтэй дуу сонсдог үе өнгөрсөн гэж та их том тайзан дээрээс  хэлж нэлээд шүүмжлүүлж байсан?  
-Миний ажилладаг урсгал бол бодит байдал энгийн үгээр амьдралыг илэрхийлэх. Энэ талаас нь хэлж байсан. Тэр үед яруулаад, найруулаад бүр дээд түвшинд хүргэсэн дууны үг их байлаа. Тэр нь залуусын амьдралд бууж өгөхгүй. Үүнийг л хэлсэн. Миний тухайн үед хийсэн зүйл бол салбартаа нөлөөлөөд бодитой зүйлийг дуулдаг болсон. Яруу найраг, хөгжим хоёр зөрчилддөг зарим үед.
-Та өнөр өтгөн айлын өрхийн тэргүүн. Хүүхдүүдээ яаж хүмүүжүүлж байна?
-Гурван охин, нэг хүүтэй. 20 хүртэлх насыг жаргалд бүү тооц гэдэг. Өөрөө хүүхэдтэй болохоороо хүний мөн чанар энэ тэрийг ойлгодог юм байна. Өөрийнхөө мэдрэмжээр л ажилладаг. Манайхны зарим нь мөнгөөр бүхнийг шийддэг. Гэтэл тийм биш юм байна аа. Хүүхдийн хүмүүжил гэдэг чинь ажил шигээ нарийн бодож төлөвлөх ёстой юм байна. Хүмүүжлийг хүн нийгмийн харилцаанаас олж авна. Тэгэхээр сургууль цэцэрлэг гээд л олны дунд байх орших нөхцөлийг нь сайн хангах хэрэгтэй. Гэхдээ маш тансаг газар байлгах дэмий. Үнэтэй цэцэрлэг сургууль гадаа тоглосон ч асран хамгаалагчтай. Хүүхдийг ингээд орчноос тусгаарлавал сөрөг дагавар ихтэй. Аль болох энгийн байлгая. Улсын сургууль цэцэрлэгт нь явуулаад л байлгавал энэ улсын иргэн болно. Маш их мөнгө зарцуулж боловсруулаад америк хүн болгож өсгөж байна ш тээ. Гэтэл эргээд тэд Монголд л амьдрах хүмүүс гэдгийг бодох хэрэгтэй.
-Сүүлийн үед хэний дууг  илүүтэй сонсож байна. Ялангуяа Монголоос хэн их таалагдаж байна вэ?
-Монголоос уу. С.Жавхлан мундаг байна.
-Анх С. Жавхланг үгүйсгэдэг байсан байх аа?  
-Тийм байсан. Дараа нь бид хоёр хамтарч дуулсан. Гоё хоолойтой, мундаг байна. Одоо харин урлагийг тэмцэл болгож хувиргах гээд байх шиг.  Урлагаараа явбал ард түмэндээ барих бэлэгтэй авьяастай залуу. Гаднаас бол  Японы жааз хип хопыг их сонсож байна.
-Урлагийн боловсролыг багаас нь олгох тухай байнга яригддаг. Гэхдээ хэрхэн яаж гэсэн төгс шийдэлд хүрээгүй л байна?
-Эдийн засаг 2014 форум дээр яагаад урлаг гэж сэдэвт семинар болсон бэ. Өндөр хөгжилтэй орнуудад хийсэн олон жилийн судалгаагаар урлагаар хөгжүүлэх нөхцөл бололцоог сайн харжээ. Хүн ажилдаа үнэн сэтгэлээрээ хандах хандлагыг урлаг соёлын хүмүүжил өгдөг аж. Боловсролын салбарт урлагийн хичээлийг хэр оруулах талаар ярьсан. Би хангалтгүй гэж боддог.
-Тэгвэл ажлаараа дамжуулаад үүнийг яаж хийх вэ?
-Бид залуучуудын хотод амьдарч байна. Гудамжны урлаг, спортыг хөгжүүлмээр байна. Электро хөгжмийн наадам хиймээр байна. Улс төр хөгшрөх тусам туршлага суудаг бол урлаг залуужих тусам шинэчлэгддэг. Ийм л онцгой салбар шүү дээ.
-Залуус залуус гэх юм. Хөгшчүүл гомдох вий дээ?
-Гэхдээ аль нэг бүлгийг орхихгүй. Долоодугаар сарын 11-ний үдэш маш гоё шоу болно. Цэнгээнт бүжгийг анхааран хөгжүүлж байна. Ирэх сарын 2-нд Монгол цэргийн жавхаа иргэн цэргийн баярын өдөр талбай дээр болно. Орой нь талбай дээр цэнгээнт бүжигтэй. Ахмадуудаа урьж байна.
-Куйза сонсогчидтойгоо хэдийд уулзах вэ?
-“Дунд голын дугуйлан” цомог бэлэн болсон. Боломж нь гарахаар хэвлүүлнэ. Айхтар ашиг олдоггүй учраас хэвлүүлэхэд хэцүү байна. Гэхдээ яахав хямдхан хэвлүүлээд интернэтээр дуунуудаа хүргэнэ гэж боддог.
-Дараагийн асуултыг танд үлдээе?
-Манайх ЗЦГ-ын гэмт хэрэгтэй урьдчилан тэмцэх хэлтэстэй санамж бичиг байгуулан хамтран ажиллахаар төлөвлөж байна. Замын хөдөлгөөнд зөв оролцвол стресс багасна. Аюулгүй явах боломжтой. Бид бүгдээрээ нэг нэгнээсээ хамааралтай нийтийн соёлын зарчим үйлчилдэг хотод амьдарч байна. Тэгэхээр миний, чиний гэх юмгүй амьдарцгаая. Street art бүтээлийг дэмжин хотоо сайхан чимнэ. Гудамжны спортыг дэмжинэ. Сургууль, цэцэрлэг орчмын гарцыг 3D  зургаар чимэглэсэн, намар дахин сайжруулна. Хүүхэд залуусын хот шүү дээ.
-Ярилцсанд баярлалаа. 

 

Спортын өдөрлөг болж өнгөрлөө

2014 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Нийслэлийн Соёл урлагийн газрын харъяа байгууллагуудын дунд анхлан Багахангай дүүргийн Соёлын ордон “Спорт өдөрлөг” нөхөрсөг тэмцээнийг Багахангай дүүргийн Биеийн тамир, Спорт хороонд зохион байгуулж, нийт 10 байгууллагын 160 гаруй соёл урлагийн ажилтан, албан хаагчид оролцон аваргуудаа шалгарууллаа.

  • “Шилжин явах цом, алтан медаль”-ийн эзнээр НСУГ-ын хамт олон
  • “Мөнгөн медаль”-ийг Сонгино хайрхан дүүргийн Соёлын ордоны хамт олон
  • “Хүрэл медаль”-ийг Багахангай дүүргийн Соёлын ордоны хамт олон хүртсэн.

Гар бөмбөгийн тэмцээнд:

  • “Алтан медаль”-ийн эзнээр НСУГ-ын баг
  • “Мөнгөн медаль”-ийг Сонгино хайрхан дүүргийн Соёлын ордоны баг
  • “Хүрэл медаль”-ийг Багахангай дүүргийн Соёлын ордоны баг хүртсэн.

Ширээний теннисийн эрэгтэй төрөлд:

  •  “Алтан медаль”-ийг Багануур дүүргийн Соёлын ордоны хөгжмийн багш Ц.Ганзоригт
  • “Мөнгөн медаль”-ийг Багахангай дүүргийн Соёлын ордоны хөгжмийн багш Д.Батбаяр
  •  “Хүрэл медаль”-ийг Улаанбаатар хотын төв номын сангийн жижүүр Б.Энхжаргал

Ширээний теннисийн эмэгтэй төрөлд:

  •  “Алтан медаль”-ийг Улаанбаатар хотын төв номын сангийн ахлах номын санч Д.Энх-Ундрал
  •  “Мөнгөн медаль”-ийг НСУГ-ын мэргэжилтэн Н.Гантуяа
  •   “Хүрэл медаль”-ийг Багануур дүүргийн Соёлын ордоны соёлын менежер Б.Мөнгөнхуяг

Дартсын эрэгтэй төрөлд:

  •  “Алтан медаль”-ийг Хан-Уул дүүргийн багш Ц.Мөнгөншагай
  •  “Мөнгөн медаль”-ийг Баянзүрх дүүргийн Соёлын ордоны техникч Э.Буянтогтох
  •  “Хүрэл медаль”-ийг Багахангай дүүргийн Соёлын ордоны кино техникийн ажилтан Р.Отгонжаргал хүртсэн.

Дартсын эмэгтэй төрөлд:

  •  “Алтан медаль”-ийг Баянзүрх дүүргийн Соёлын ордоны жижүүр Л.Даваахүү
  •  “Мөнгөн медаль”-ийг Сонгино хайрхан дүүргийн Соёлын ордоны бүжгийн багш В.Бум-Эрдэнэ
  •  “Хүрэл медаль”-ийг Хан-Уул дүүргийн Соёлын ордоны багш Н.Гүндэгмаа

Олс таталтын төрөлд:

  • “Алтан медаль”-ийг Налайх дүүргийн Соёлын ордоны баг
  • “Мөнгөн медаль”-ийг НСУГ-ын баг
  • “Хүрэль медаль”-ийг Сонгино хайрхан дүүргийн Соёлын ордоны хамт олон хүртлээ. 

     

 

 

 

 

 

 

СОЁЛЫН ТӨВ ӨРГӨӨ БАЛЕТЫН ТАЙЗТАЙ БОЛНО

Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/222 дугаар захирамжаар нийслэлийн Соёлын төв өргөөнд нэмэлт балетын тайз байгуулахыг нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Б.Батцэнгэлд үүрэг болгожээ. Нийслэл,  Монголын Балетын хөгжил сантай хамтран ажиллах санамж бичгийг өнгөрсөн онд байгуулсан бөгөөд тус сан нь олон нийтэд сонгодог бүжгийн урлагийг сурталчилж, залуу уран бүтээлчдийг бэлтгэн, дэмжиж олон улсын тэмцээн наадмыг эх орондоо зохион байгуулах зорилготой юм. Соёлын төв өргөөнд шинээр байгуулах балетын тайз болон бусад шаардлагатай тоног төхөөрөмжийг соёл урлагийг дэмжигч аж ахуйн нэгж, байгууллагуудын хандив, тусламжийн хөрөнгөөр  бий болгох юм.

Зам, барилгын бүх мэдээллийг гар утаснаасаа

Дэлхийн хамгийн анхны авто зам барилга байгууламжийн мэдээллийг гар утаснаасаа авах “UB construction” аппликэйшн бэлэн боллоо. Энэхүү аппликейшнийг “Баяжуулсан хиймэл дүрслэл” технологийг ашиглан Мобиком компани бүтээсэн бөгөөд объектын байршил, чиглэл, хүрэх алслалыг тодорхойлох боломжтой төдийгүй хэзээ ч хаанаас ч Улаанбаатар хотод баригдаж буй барилга байгууламж, орон сууц, зам засварын ажил, түүний тусгай зөвшөөрөл хууль ёсны эсэхийг иргэдэд олгох юм.

1. Барилга, замын мэдээллийн байршлыг харах

2. Барилга, замын талаар дэлгэрэнгүй мэдээлэл харах

3. Барилга, замтай холбоотой гомдол, санал хүсэлт илгээх

4. Зам засварын талаар серверээс мэдээлэл авах боломжтой Эдгээр мэдээллийг авахын тулд Иргэн тухайн баригдаж буй барилга, замын ажил /зөвхөн суурь нь тавигдсан байсан ч болно/ руу өөрийн гар утсаа хандуулж, өөрийн амьдардаг болон шинээр худалдаж авах гэж байгаа байр, орчныхоо  мэдээллийг нэг дороос иж бүрнээр нь авахаас гадна сонгосон орчныхоо 10 объектын байршлын мэдээллийг зай харгалзахгүйгээр авах боломжтой болно гэсэн үг  юм.

Аппликэйшнийг  татаж авах холбоос

iOS: https://itunes.apple.com/de/app/ub-construction/id834363464?l=en&mt=8

Андройд гар утсанд зориулсан: https://play.google.com/store/apps/details?id=com.qluedo.ub

Street art – “Эмэгтэйчүүдийн дүр төрх”

“Эмэгтэйчүүдийн дүр төрх” сэдэвт Стрийт арт–нээлтийн үйл ажиллагаа 2014  оны 03 дугаар сарын 05-ны өдөр 11:00 цагт Сансарын туннелийн зүүн талын шинэ нүхэн гарцад амжилттай боллоо.

Нээлтийн үеэр  Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Б.Батцэнгэл хүрэлцэн ирсэн залуучууддаа  хандаж гудамжны хөгжим, спорт, бүжиг, стрийт арт нь хотын соёлд  ухамсартай иргэдийг төлөвшүүлэх хүчтэй зэвсэг болдог хотын урлаг юм.

Улаанбаатар хотыг  гэрэл гэгээ, өнгө үзэмжтэй байлгахад урлагийн бүтээлээр дамжуулан бидний  өдөр тутам харьцдаг гудамжыг  эмэгтэйчүүдийн олон дүр төрхөөр гэрүүлтүүлж чадсан уран бүтээлчиддээ амжилт хүсч цаашид хамтран ажиллахад Нийслэлийн Соёл урлагийн газар нээлттэй  хэмээн үйл ажиллагааг нээж үг хэллээ.

Street Art – Артивизм бүтээлийн нээлт болно

Эмэгтэйчүүдийн эрхийн өдрийг угтан жендэрт суурилсан хүчирхийлэл гэр бүлийн хүчирхийллийн эсрэг агуулга бүхий “Эмэгтэйчүүдийн дүр төрх” сэдэвт Стрийт арт -Артивизм бүтээлийг  Хууль зүйн яамны дэмжлэгтэйгээр “Өөрчлөлтийн төлөөх Залуу эмэгтэйчүүд”  ТББ,  Нийслэлийн Соёл урлагийн газар- тай хамтран бүтээлээ. Эмэгтэйчүүдийн олон дүр төрх, амьдралыг 20 гаруй залуу уран бүтээлчид өөрсдийн уран сэтгэмжээрээ сонирхолтой, бүтээлчээр илэрхийлсэн бөгөөд уг бүтээл нь Улаанбаатар хотын орчин үеийн өнгө төрхөд давтагдашгүй нэгэн үзэмжийг нэмэх юм.

Арт- Активизм- Артивизм нь нийгмийн эерэг өөрчлөлт шаардлагатай сэдвүүдийн талаар урлаг, уран бүтээлчдээр дамжуулан нийгэмд нөлөөлөх арга бөгөөд орчин үеийн дэлхийн чиг хандлага болоод байгаа билээ.  Энэ нь орчин үеийн урлагийн нэг хэлбэр бөгөөд олон нийтийн ялангуяа залуусын анхаарал, сонирхлыг татахуйц шинэлэг илэрхийлэл болох юм. Энэ аргын онцлог нь олон нийтийн дунд шууд ярихад таагүй боловч маш чухал сэдвүүдийн талаар мэдээлэл өгч, тэдний анхаарлыг хандуулж, өөрчлөлтөд уриалдагт оршино.

Бүтээлийн нээлт 2014.03.05-ны 11 цагаас Сансрын туннелийн зүүн талын шинэ нүхэн гарцанд болно.

Багахангай дүүргийн соёлын ордон кино үзвэрийн танхимтай боллоо

Нийслэлийн алслагдсан дүүргийдийн нэг болох Багахангай дүүргийн соёлын ордонд байгуулсан жишиг кино үзвэрийн танхимыг нээх ёслолын арга хэмжээ өчигдөр боллоо.

Уг арга хэмжээнд ССАЖ-ын сайд хатагтай Ц.Оюунгэрэл, СУБХЗГ-ын дарга Н.Оргил, Багахангай дүүргийн засаг дарга С.Эрдэнэбаяр, “Синема Оф Саунд” ХХК-ийн захирал Х.Жигжидсүрэн зэрэг албаны хүмүүс оролцож, тууз хайчлах ёслолын ажиллагааг эхлүүлсэн юм.

Соёл, спорт, аялал жуулчлалын яам 2012-2013 онд “Синема оф Саунд” ХХК-тай гэрээ байгуулан Нийслэлийн 2 дүүргийн соёлын ордон, 18 сумын соёлын төвд жишиг кино үзвэрийн цэгийг байгуулж, орчин үеийн дуу, дүрсийн өндөр чанартай кино гаргалтын иж бүрэн тоног төхөөрөмж суурилуулсан нь орон нутгийн ард иргэдэд соёлын чанартай үйлчилгээ үзүүлэх, хүртээмжийг дээшлүүлэх, орчин үеийн шинэ технологитой ард иргэд, хүүхэд залуучуудыг танилцуулах, кино үзвэрийн үндэсний сүлжээг сэргээхэд бодит алхам болж байна.

Цаашид бүх сумын соёлын төвүүдэд кино үзвэрийн танхим байгуулах, орчин үеийн кино гаргалтын тоног төхөөрөмжөөр хангах, нэгдсэн сүлжээнд холбохоор төлөвлөн ажиллаж байна.

“МОНГОЛ НААДАМ” ЦОГЦОЛБОР РУУ ЖУУЛЧДЫГ ТАТАХАД ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО

Өнөөдөр “Монгол наадам” цогцолбор ОНӨТҮГ-ын дарга П.Цогтбаатар, ССАЖЯ-ны Аялал жуулчлалын үндэсний төв ТӨҮГ-ын дарга О.Цоодол нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд талууд нийслэлд аялал жуулчлалыг хөгжүүлэх “Монгол наадам” соёл урлаг, спорт, аялал жуулчлалын цогцолбор байгуулах ажлын зохион байгуулалтад хамтран ажиллах, аялал жуулчлалын эвент арга хэмжээ зохион байгуулах чиглэлээр судалгаа хийх, харилцан мэдээлэл солилцох  зэрэг чиглэлээр хамтран ажиллах юм. Түүнчлэн “Монгол наадам” цогцолборт дагалдах үйлчилгээний зохион байгуулалтыг хийх,  цогцолборт зохион байгуулж байгаа арга хэмжээний үеэр болон Улсын их баяр наадмаар жуулчны мэдээллийн түр цэг ажиллуулах, жуулчдын сонирхлыг татсан төрөл бүрийн энтертайнмент арга хэмжээг зохион байгуулах зэрэг ажлыг хамтран хэрэгжүүлэх боломжтой болж байна

НИЙСЛЭЛИЙН ЦАСНЫ БАЯРТ 4200 ГАРУЙ ХҮН ОРОЛЦЖЭЭ

Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулдаг нийслэлийн иргэдийн цасны баяр  2014 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Хандгайтын “Янзага” зусланд боллоо. Энэхүү үйл ажиллагаанд нийслэлийн 70 байгууллагын 4200 гаруй хүн оролцож амралтынхаа нэг өдрийг эрүүл агаарт идэвхитэй хөдөлгөөн хийж өнгөрүүлжээ.  Өвлийн олимп-2014 сэдвийн дор зохион байгуулсан цасны баярын  хүндэтгэлийн бамбарыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл асаасан бөгөөд уулын цанын тамирчид, агаарт уулын шүхрийн спортын тамирчид, морьт харвааны тамирчид сонирхолтой үзүүлбэр толилуулсан юм. Мөн байгууллага, иргэдийн дунд  олон сонирхолтой тэмцээн зохион байгуулснаас цасан дээрх бүжгийн тэмцээнд Монголын Хүүхдийн ордон, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2-р хэлтсийн хосууд шалгарсан бол “Өвлийн олимп-2014”, “Нийслэлийн бүтээн байгуулалт” зэрэг сэдвүүдээр зохиомжлон цасан хотхон бүтээх уралдаанд  Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2-р хэлтэс, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Халамжийн Үйлчилгээний газар, Нийслэлийн Гэрлэх ёслолын ордны бүтээл эхний 5 байрт шалгарчээ