СОЁЛ, УРЛАГИЙН АЛИВАА ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАХЫГ ТҮР ХОРИГЛОСОН ТУХАЙ НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛИЙГ ТАНИЛЦУУЛЪЯ

Нийслэлийн Онцгой комиссын 01 дүгээр сарын 25-ны өдрийн хурлын тэмдэглэлийг бүрэн эхээр нь хүргэж байна. Тус хурлын тэмдэглэлд тусгаснаар томуу, томуу төст өвчний өвчлөл, тархалт болон шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах үүднээс нийслэлийн нутаг дэвсгэрт олон нийтийг хамарсан хурал цуглаан, сургалт, спортын тэмцээн уралдаан, аялал зугаалга, соёл, урлагийн бүхий л үйл ажиллагаа, кино театруудын үзвэр үйлчилгээ, PC тоглоомын газрууд, аливаа сургалтын төвүүдийн үйл ажиллагааг 03 сарын 02-ны өдрийг хүртэл хязгаарлахаар болсон байна.

Үүнтэй холбоотойгоор дээрх ажлыг хариуцан ажиллах тусгай Ажлын хэсгийг Нийслэлийн Онцгой комиссын даргын 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 01 тоот тушаалаар байгуулан Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор ахлан ажиллаж байна.

Нийслэлийн Соёл, урлагийн газар, харьяа байгууллагуудын албан хаагчдад зориулсан сургалт боллоо

Нийслэлийн Соёл, урлагийн газраас харьяа соёл, урлагийн байгууллагуудын албан хаагчдад зориулан “Төрийн байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах арга зүй” сэдвээр болон Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комисстой хамтран “Хүний эрх”, “Жендэр”, “Хүний соёлын эрхийг хангахад соёл, урлагийн салбарын төрийн байгууллагын үүрэг оролцоо” сэдвээр сургалтыг 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн байранд зохион байгууллаа

НИЙСЛЭЛЧҮҮД ТА БҮХНИЙГ “УЛААНБААТАРЫН МӨНГӨН ШӨНӨ” БАЯРЫН ЦЭНГҮҮНД ХҮРЭЛЦЭН ИРЭХИЙГ УРЬЖ БАЙНА


Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас иргэддээ зориулан арванхоёрдугаар сарын 31-нд “Улаанбаатарын мөнгөн шөнө” шинэ жилийн цэнгүүнийг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн хувьд 2020 оныг угтах шинэ жилийн арга хэмжээг өргөн хүрээнд тэмдэглэхээр болжээ. Тухайлбал, баярын цэнгүүн Д.Сүхбаатарын талбайд 17.00 цагт дэлхийн оддын дуулсан цаг үеийн дуу хуураар эхэлж тусгайлан бэлдсэн дижи хөгжмөөр Монголын дижи холбооны шилдэг дижи нар өөрсдийн уран бүтээлийг хүргэх юм. Дараагаар нь 18.30 цагт Мөсөн талбайд УДЭТ-ын залуу уран бүтээлчид хүүхэлдэйн баг хувцас өмсөж тусгай үзүүлбэр үзүүлж, СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн оюутнууд хүүхэлдэйн киноны хэсгүүдийг мюзикл хэлбэрээр олон нийтэд толилуулах аж.

Үргэлжлүүлэн 20.00 цагт нийтийн бүжгийн холбоотой хамтарсан “Хаан вальс” үзүүлбэр, 20.55 цагт 3D интро лазер шоу үзүүлбэрүүд эхэлж, төв талбайд хүрэлцэн ирсэн иргэд зочид төлөөлөгчдийн нүдийг баясгаж хөгжилдөн өнгөрүүлнэ.

“Улаанбаатарын мөнгөн шөнө” шинэ жилийн цэнгүүнд рок попын одод, хип хоп хамтлагууд ая дуугаа өргөхөөс гадна “Улаан бүч” найрал дуучид, Төрийн шагналт Ж.Чулуун “Уран хас” вальс болон Яг түүн шиг шоуны хэсгээс үзэгч олон түмэнд хүргэнэ. Энэ үеэр урлагийн тоглолт бүжгийн хэсгүүдээс бүрдсэн үзүүлбэрүүд төв талбайд тасралтгүй тоглогдох  учраас иргэд та бүхэн шинэ оноо хамтдаа төв талбайдаа урлаг соёлын одууд, нийслэлийн удирдлагуудтайгаа хамт  угтахыг урьж байна.

Баярын цэнгүүний үеэр 18 чиглэлд их багтаамжийн автобус төв талбайн хойд, урд, баруун зүгээс 12.30 цагаас 02 цаг хүртэл иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэнэ.

Нийслэлийн иргэд та бүхнийг баярын өдрүүдэд гэр бүл, найз нөхөд, хамт олноороо сайхан баярлахын зэрэгцээ хуучин оноо үдэж, шинэ оноо угтах төв талбайн үйл ажиллагаанд хүрэлцэн ирэхийг урьж байна.

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

“Улаанбаатарын мөнгөн шөнө” шинэ жилийн цэнгүүний үеэр ажиллах нийтийн тээврийн үйлчилгээний төлөвлөлт

Нийслэлийн шинэ жилийн баярын үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хүрээнд 12 дугаар сарын 31-ний өдөр “Шинэ жилийн баярын цэнгүүн”-ийг Сүхбаатарын талбайд зохион байгуулах ба олон нийтийг хамарсан ёслолын арга хэмжээний дараа иргэдийг нийтийн тээврийн үйлчилгээгээр хангахаар дараах төлөвлөлтийг нийслэлийн Тээврийн үйлчилгээний газраас хийгээд байна.

“Шинэ жилийн баярын цэнгүүн” нэгдсэн үйл ажиллагаа өндөрлөхөд их багтаамжийн автобусны 18 чиглэлд 18 автобус Сүхбаатарын талбайн баруун, зүүн болон урд зогсоол буюу зурагт тэмдэглэсэн “А”, “B”, “С”  зогсоолоос суурьшлын цэгүүд рүү үнэ төлбөргүй үйлчлэхээр төлөвлөөд байна.

Үйлчлэх чиглэл болон зогсоолын мэдээлэл:

НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР

ТӨВ ТАЛБАЙН СҮЛД МОДНЫ ГЭРЭЛ АСААХ ЁСЛОЛ БОЛЛОО

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан хэрэгжүүлж буй “Цэвэр Агаартай хот” аяны хүрээнд хийгдэж буй Мөсөн хотхоны нээлт өнөөдөр боллоо. Нээлтийн арга хэмжээний үеэр төв талбайн сүлд модны гэрэл асаах ёслол болсон юм. Арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, НЗДТГ-ын дарга Э.Содномжамц болон бусад холбогдох албаны хүмүүс, урлаг соёлын төлөөллүүд, иргэд олон нийт оролцов.

Нээлтийн үеэр 100 гаруй авъяаслаг залуус нэгдэж, “Цэвэр агаартай хот”-ын төлөө иргэн бүр нэгдэж, агаар орчны бохирдлын эсрэг хүчээ нэгтгэхийг уриалж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг залуусын дуу хоолойг нэмэгдүүлэх зорилгоор флаш моб толилуулсан нь олны анхаарлыг татсан юм. Мөн жанжин Сүхбаатарын талбайн мөсөн гулгуур нээлтээ хийж, тэшүүрийн тамирчид уран гулгалтын сонирхолтой үзүүлбэрүүдийг үзүүлж, урлаг соёлын салбарынхан уран бүтээлээ хүргэлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Өнөөдөр бид нийслэлийнхээ төв талбайд сүндэрлүүлэн зассан Сүлд модныхоо гэрлийг асааж, мөсөн гулгуурын талбайн үйл ажиллагаагаа нээж байна. Мөсөн хотхоныг нийслэлийнхээ иргэд болон дотоод, гадаадын жуулчдад зориулан байгуулж байгаагаараа онцлог юм. Улаанбаатарчууд төдийгүй гадны зочин, төлөөлөгчид, жуулчдад өвлийн улиралд үзэх, харах зүйл, амарч зугаалах орчныг нэгээр нэмж өглөө. Мөн энэхүү мөсөн тайз, мөсөн хотхоныг ашиглан ирэх гуравдугаар сарын 01 хүртэл нийслэлийн агентлагууд, харьяа байгууллагууд цуврал өдөрлөгөө зохион байгуулахаар төлөвлөсөн. Төв талбайд хуран цугласан, цэнхэр дэлгэцээр энэхүү үйл ажиллагааг үзэн суугаа Та бүхэндээ ирж буй 2020 ондоо аз жаргал, эрүүл энх, амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе” хэмээлээ.

Өвлийн улиралд зориулсан “Цэвэр агаартай хот” аянд зориулан мөсөн хотхон байгуулж байгаа нь олон давуу талыг бий болгож байна. Тухайлбал, нийслэлийн иргэд өвлийн улиралд хотоосоо “дайжиж”, тодорхой зайд гарч цэвэр агаар амьсгалдаг байсан бол энэ жил Улаанбаатар хотын агаарын бохирдол 50 доошгүй хувиар буурсан учраас нийслэлийнхээ төв талбайд гэр бүлээрээ мөсөн хотхонд чөлөөт цагаа өнгөрүүлэх, биеийн тамир спортоор хичээллэх, өвлийн спортыг хөгжүүлэх, сурталчлах, цаашлаад өвлийн аялал жуулчлалыг тодорхой хэмжээнд нэмэгдүүлэх боломж бий болж байна.

Мөсөн хотхон нь насанд хүрэгсэд болон хүүхэд гулгах зориулалттай мөсөн гулгуурын талбай, гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэл бүхий өвлийн олимпийн болон чөлөөт сэдэвт мөсөн баримлуудаас бүрдэж байгаа бөгөөд 12 дугаар сарын 31 хүртэл орой бүр 3D лазер шоуны үзүүлбэр толилуулагдхаар төлөвлөгдсөн.

Энэ үеэр нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал хэлсэн үгэндээ “Энэ жил нийслэлчүүд бид санал санаачлага, итгэл сэтгэл нэгдэж, хүн бүр оролцоогоо бий болгон хамтран ажилласны үр дүнд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг төлөвлөсөн түвшиндээ хүртэл бууруулж чадлаа. Өнгөрөгч нэг жилийн хугацаанд “Цэвэр агаартай хот” аяны хүрээнд бид иргэдэд чиглэсэн, хүн бүрийн оролцоог бий болгож, мэдлэг мэдээллийг хүргэсэн олон ажлыг зохион байгуулж ажилласан. Үүний үр дүнд нийслэлд 60 уурын зуухыг төвлөрсөн дулаанд, тусгай зөвшөөрөлтэй 400 хэрэглэгчийг цахилгаан хангамжид, 1740 халаалтын зуухыг сайжруулсан түлшээр, 226 аж ахуйн нэгжийн 507 халаалтын зууханд утаа шүүгч, 248 зуухыг цахилгаан халаалтад шилжүүлж, нийт 700 гаруй зуух янданг буулгаж, 78.348.00 тонн түүхий нүүрсний бодит хэрэглээг зогсоож чадлаа. Мөн Агаарын, хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлэх, байгальд ээлтэй дэвшилтэт технологийг танилцуулах, автомашины утааны хор уршгийг таниулах зорилгоор улирал тутам “Цэвэр агаартай хот” өдөрлөг, автомашингүй өдрийг зохион байгуулдаг болсон ба энэ удаа өвлийн улиралд зориулсан гурван сарын аян эхэлж байна” гэв.

Өвөрмөц шинэлэг шийдэлтэй энэхүү мөсөн хотхоныг зураач, мөсөн гоёл урлаач, Д.Цэрэнбат нарын уран бүтээлчид бүтээсэн бөгөөд сар шинийн баяр хүртэл Улаанбаатар хотын төв талбайг чимэх юм.

 Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Д.СҮХБААТАРЫН ТАЛБАЙД МӨСӨН ХОТХОН БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

Нийслэлийн иргэд тэр дундаа хүүхэд, залуучууддаа зориулан Д.Сүхбаатарын талбайд “Бидний хот” сэдэвт мөсөн хотхон байгуулах ажил ийнхүү эхэллээ.

Энэ жилийн Д.Сүхбаатарын талбайн мөсөн хотхон байгуулах ажлыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар, хэдхэн хоногийн өмнө ОХУ-ын Якут хотод зохион байгуулагдсан мөсөн барималын уралдаанд Тэргүүн байр эзэлсэн Д.Цэрэнбат тэргүүтэй Монголын шилдэг барималчид гүйцэтгэж байна.

Талбайн мөсөн хотхоны хувьд “Мөсөн коток”, “Мөсөн гулгуур”, “Мөсөн тайз”, “Мөсөн барималууд” зэргээс бүрдэх бөгөөд 12 дугаар сардаа багтаан нээлтээ хийж 2020 оны 03 дугаар сар хүртэл ажиллах юм.

Энэ дашрамд нийслэлийн иргэдийн хүүхэд насны гэгээн дурсамжид тодоос тод үлдсэн талбайн мөсөн хотхоныг байгуулах шийдвэрийг гаргасан Нийслэлийн удирдлагууддаа талархал илэрхийлье.

“ХУУРТАЙ МӨНХРӨХ АЯЛГУУ 2019” УРТЫН ДУУЧДЫН УРАЛДААН БОЛЛОО

2007 оноос хойш Налайх дүүргийн Соёлын ордны санаачилгаар Нийслэлийн Соёл, урлагийн газрын дэмжлэгтэйгээр жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хууртай мөнхрөх аялгуу-2019” уртын дууны уралдааныг 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Налайх дүүргийн Соёлын ордонд зохион байгууллаа.

Энэ удаагийн уралдааныг Төв халхын алдарт уртын дуучин, Соёлын тэргүүний ажилтан Чойжилын Намжилын нэрэмжит болгон гурван насны ангилалаар зохион байгуулав. Уралдаанд нийт 33 уртын дуучид оролцосноос

Гран-При шагнал                   А.Дуламсүрэн / Хан-Уул дүүрэг/

Бага насны ангилалд:

I байр                                      Ц.Анужин /Чингэлтэй дүүрэг/

II байр                                     Х.Нарангарав /Налайх дүүрэг/

III байр                                    Б.Дашцэцэг /Чингэлтэй дүүрэг/

Тусгай байр                            М.Марал / Налайх дүүрэг/

Тусгай байр                           Ч.Нандин-Эрдэнэ /Чингэлтэй дүүрэг/

Дунд насны ангилалд:

I байр                                      Э.Хандсүрэн /Баянзүрх дүүрэг/

II байр                                     Д.Энхтайван  /Баянхонгор аймаг/

III байр                                    Б.Гантуул /Баянгол дүүрэг /

Тусгай байр                           З.Мийгар  /Баянзүрх дүүрэг/

Тусгай байр                           Э.Эрдмаа /Баянхонгор аймаг/

Ахлах насны ангилалд:

I байр                                      Ц.Мөнхбаяр /Сонгинохайрхан дүүрэг/

II байр                                     Г.Тамир /Баянгол дүүрэг/

III байр                                    Д.Дагдан /Баянзүрх дүүрэг/

Тусгай байр                           С.Мажигжаргал / Хан-Уул дүүрэг/

Тусгай байр                           Ц.Болормаа /Баянзүрх дүүрэг/ нар тус тус шагналт байранд шалгарав.

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

Д.Сүхбаатарын талбайд мөсөн хотхон байгуулах уралдаан зарлагдлаа

Нийслэлийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн А/1210 тоот Захирамжийн дагуу Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан Д.Сүхбаатарын талбайд “Бидний хот” сэдэвт мөсөн хотхон байгуулах уралдаан зарлалаа.