Багануур дүүргийн соёлын ордон

Соёлын ордны эрхэм зорилго.         

Соёлын  талаар төрөөс баримтлах  бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх, соёл урлагийг  сурталчилах, түгээн дэлгэрүүлэх орон нутгийн онцлогт тохирсон соёл урлагийн бүтээгдэхүүнийг шинэлэг менежментээр зах зээлд борлуулах ажлыг   үр ашигтай зохион байгуулах

Соёлын ордон нь ССАЖЯ, НСУГ, Дүүргийн Засаг даргын эрхлэх  асуудлын хүрээнд Соёл урлагийн үйл ажиллагаа явуулдаг төрийн үйлчилгээний төсвийн байгууллага  юм

 Тус байгууллага нь дараах статусаар хуулийн хүрээнд ажил үйлчилгээ явуулдаг.

Манай соёлын ордон нь нийт 37 хүний бүрэлдэхүүнтэй.Үүнээс эмэгтэй 21, эрэгтэй 16, мэргэжлийн уран бүтээлч 37 багш ажилтан ажиллаж байна. Манай хамт олон “Соёл урлагийг бүтээлч сэтгэлгээгээр, ажлын хариуцлагыг үүргээ ухамсарлахаас эхлүүлье” зорилтын түвшинд ажиллагсдын мэдлэг чадварыг дээшүүлэхэд анхаарал хандуулан хүн бүр ажлын төлөвлөгөөтэй сар улирал болгон дүгнүүлэх зарчмаар ажиллаж байна.Соёлын ордон нь 2013 оны  урлаг соёлын ажлын төлөвлөгөөт арга хэмжээ, үйл ажиллагаа 186 ба цаг үеийн болон захиалгат үзвэр үйлчилгээ иргэд хөдөлмөрчдөд хүргэн ажиллаж байна. Заал танхим, өрөө тасалгааны тохижилт үйлчилгээнд анхаарч үйлчлүүлэгчид болон суралцагчдын эрэлт, хэрэгцээ, хөгжих, сэтгэл ханамжтай үйлчлүүлэх, соёлын мэдээлэл тухайн цаг үед нь авах нөхцлийг өөрсдийн нөөц бололцоогоор бүрдүүлэн ажилладаг.Манай байгууллагын үйл ажиллагаанд Их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит нийтийн номын сан ажиллаж, иргэд хөдөлмөрчдөд нэг дороос интернетийн бүх төрлийн үйлчилгээ үзүүлж, өдөрт 30-80 ирцэд 50-60 ном олголт хийгддэг. 2009 оноос орон нутаг судлах танхимаар иргэдэд үйлчилж сард давхардсан тоогоор 30 гаруй үзэгчдийг хамруулан ажилладаг. Цаашид үзмэр  баяжилт, дэглэлтийг сайжруулах орон нутгийн музейн түвшинд хүргэх асуудлыг шийдвэрлүүлэх шаардлагатай байна.Соёлын ордонд нийт 10 төрлийн хөгжүүлэх сургалт  хичээллэж 2 ээлжээр өдөрт 30 гаруй хүүхэд хамрагдаж байна. Тус ордон нь үзэгчдийн 1 танхимаар 300 үзэгчийн суудлаар үйлчилж үйл ажиллагаагаа явуулдаг. Цаашид соёлын ордноор  үйлчлүүлэх үйлчлүүлэгчдийн хамрах хүрээг өргөтгөн соёл урлагийн чиглэлээр хүүхэд багачуудын хөгжих төлөвшихөд нь хөрөнгө оруулалт хийж, соёл урлагийн мэдрэмжийг дээшлүүлэх, нийтийн соёлыг дээшлүүлэх соён гэгээрүүлэх ажлыг бүх нийтийн хэрэг болгоход иргэн бүр байгууллага аж ахуйн нэгж хамт олны  оролцоог идэвхижүүлэн нэмэгдүүлэх шинэлэг олон ажлуудыг хамтран зохион байгуулахад анхаарч байна. Соёл урлагийн чиглэлээр соёлын ордноос уламжлал болгон зохион байгуулдаг арга хэмжээнүүдээс гадна, урлагийн гадны тоглолт, кино зэрэг шинэ үзвэр, үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх түүнчлэн иргэд рүү чиглэсэн бүтээлч ажлуудыг үзэгчдэд хүргэдэг юм. Нийтийн соёлыг дээшүүлэх ажлын хүрээнд “Бид гар санаа нийлсэн эвсэг бүтээлч хамт олон”  уриалгын дор иргэд хөдөлмөрчдөд үйлчилж байна.Манай байгууллага хамт олон нь иргэдийн итгэл хүлээсэн тэднийг хөгжүүлэх, стресс тайлах, мэдээлэл авах, соёл урлагаар сэтгэл ханамжтай үйлчлүүлэх, хүмүүжүүлэх, дэмжих, сургахын төлөө ажилладаг орчин үеийн соёл урлагийн байгууллагын уран бүтээлчид, ажилтанууд юм.

Сонгинохайрхан дүүргийн соёлын ордон

Сонгинохайрхан дүүргийн Жаргалант тосгоны соёлын ордон

Соёлын ордон нь 1977 онд Улаанбаатар хотын Партизаны сангийн аж ахуйн харъяанд Монгол улсын гэгээрлийн Сайдын 1977-08-16-ны өдрийн 100 дугаар тоот тушаалаар “ Ажилчны клуб ” нэртэйгээр анх байгуулагдсан. Үйл ажиллагаа явуулж байгаад 1987 онд Соёлын төв шинээр баригдан өргөжжээ. Соёлын ордон нь байгуулагдсан цагаасаа ард иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэдэнд урлаг соёлоор үйлчлэх, уралдаан тэмцээн зохион байгуулах зэрэг бүхий л ажлыг нийгмийн бүх үе шатанд чанартай сайн хийж ирсэн.

Соёлын ордон нь өнөөдөр Р.Мөнхсүрэн захиралтай нийт 15 ажилчдын бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна. Бид жилдээ хороо тосгоны нийт иргэд, албан байгууллага, бүх аж ахуйн нэгж хэсгүүдийг хамарсан 15000 гаруй иргэдэд хүрч үйлчилж үйл ажиллагаагаа явуулдаг. Төрөл бүрийн цэнгүүн, бүжиг, караоке, АХА болон спортын уралдаан тэмцээн, урлагийн тоглолтууд, өдөрлөг, үзүүлэн сурталчилгаа, кино үзвэр гэх мэт урлаг соёлын үйл ажиллагааны бүх төрөл хэлбэрийг ашиглан ажиллаж байна.

Соёлын ордон нь Жи-Си-Эс төрийн бус байгууллагатай хамтран ард иргэд, хүүхэд залуучуудад номын сангаар үйлчлэх соён гэгээрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж, жилд давхардсан тоогоор 2000 гаруй хүнд хүрч үйлчилдэг. Соёлын ордны номын сан нь 3000 орчим номын фондтой үйл ажиллагаагаа явуулж байна.

Хан-Уул дүүргийн соёлын ордон

Хан-Уул дүүргийн соёлын ордон товч танилцуулга

Хан-Уул дүүргийн Соёлын төв 1936 онд анх Ажилчин залуусын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх клуб хэлбэрээр Ажилчны Районд “Довийн дов” хэмээх газар байгуулагдаж үндэс суурь нь тавигдсан, үүний дараа албан ёсоор “Ажилчны театр” нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаад “Ажилчны Соёлын ордон” нэртэйгээр үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн ажилласан байна. Анх “Ажилчны театр”-ыг тухайн үед олзлогдсон японы цэргүүдээр одоогийн байгаа байршилд бариулсан байна. Үүний дараагаар 1986 онд их засварт орж 2 давхар болгон өргөтгөсөн байна. Тухайн үед “-“Ажилчны Соёл”-ын ордон нь нийт 130 гаруй хүний бүрэлдхүүнтэй Монголын анхны томоохон Соёл урлагийн байгууллагуудын нэг байсан төдийгүй Монгол улсын Соёл урлагийн салбарын олон арван алдар цуутнууд тус ордоноос төрөн гарсан байдаг. Ингээд 1990 оноос хойш “Хан-Уул Соёлын төв” нэртэйгээр одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна. Тус Соёлын төв нь 2004 оныг хүртэл Улсын үйлдвэрийн төсөвт байгууллага хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулж байгаад 2004 оноос Хан-Уул Соёл менежментийн багт шилжиж 2008 оны 8 дугаар сарыг дуустал үйл ажиллагаагаа менежментийн гэрээний дагуу явуулсан бөгөөд тус менежментийн баг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй улмаас Нийслэлийн Өмч хувьчлах коммиссын 2008 оны 9- р сарын 26-ны 88 тоот тогтоолоор менежментийн гэрээ цуцлагдаж улсын үйлдвэрийн төсөвт байгууллага болсон.

Налайх дүүргийн соёлын ордон

Уурхайчдын соёлын ордноос…
Налайх дүүргийн Соёлын ордон нь 1959 онд байгуулагдсан “Уурхайчдын соёлын ордон” нэртэйгээр үүсэн байгуулагдсан бөгөөд эдүгээ 30 хүний орон тоотойгоор Налайх дүүргийн 36000 гаруй иргэдэд Соёлын олон талт үйл ажиллагааг жигд, хүртээмжтэй хүргэхээр зорин ажиллаж байна.
Үндэсний соёл, урлагийг өвлүүлэн үлдээх зорилгоор Соёлын ордонд Морин хуур, Уртын дуу, Ардын хөгжим, Бүжиг, Драм, Зураг сийлбэрийн дугуйлангууд хичээллэж байна.
Мөн долоо хоног бүрийн Баасан гарагт 19:00 цагаас Нийтийн цэнгээнт бүжиг явагдаж байна.

Нийтийн цэнгээнт бүжиг 19:00 цагаас
Мөн Налайх дүүргийн иргэдэд Орон нутаг судлах танхим, Номын сангаар үйлчилж байна.
Залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэдний авьяас чадварыг хөгжүүлэх зорилгоор “GENIUS” клубыг үүсгэн байгуулсан бөгөөд дуулах, бүжиглэх, жүжиглэх сонирхолтой хүүхэд залуучуудыг урьж байна. “GENIUS” клуб нь “Cover night” үдэшлэг зохион байгуулах, Буян Налайх телевизээр “Соёл урлагийн цаг” нэвтрүүлгийг бэлтгэн гаргах, бие биенээсээ суралцах гишүүдийн уулзалт гэх мэт маш олон үйл ажиллагаа зохион байгуулна. Хүүхэд, залуучууд та бүхнийг урьж байна.

Улаанбаатар хотын музей

Улаанбаатар хотын  музей

 

Музейн анхны суурь 1956 онд “Улаанбаатар хотын түүхийн үзэсгэлэн” нэртэйгээр байгуулагджээ. Үзэсгэлэнг анх 1956 оны 7-р сарын 9-нд нээхэд Улаанбаатар хотын захиргааны дарга Ламжав үг хэлж тууз хайчилсан бөгөөд Намын Төв хорооны дарга Дамба оролцсон байна. Үзэсгэлэнг анх байгуулах үед даргаар Рагчаасүрэн, коминдатаар Даш гэсэн хоёр хүний орон тоотойгоор ажиллаж эхэлжээ.

МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны 1960 оны 4-р сарын 11-ний өдрийн 106-р тогтоолоор “Хотын түүхийн үзэсгэлэн”-г “Улаанбаатар хотын Түүх, Шинэчлэн байгуулалтын музей” болгон өргөтгөн зохион байгуулсан.

Музейн нэр хүнд, байр суурийг нийгэмд бэхжүүлэх зорилгоор “музейн нэрийг өөрчлөх тухай” саналыг холбогдох газруудад уламжилснаар Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 157 дугаар тогтоолоор тус музейн нэрийг “Улаанбаатар хотын музей” гэж өөрчилсөн.

Музей бүтэц, орон тоо, зохион байгуулалтын хувьд захирал, бүртгэл мэдээллийн санч-дотоод ажил хариуцсан мэргэжилтэн, эрдэм шинжилгээний ажилтан – тайлбарлагч, сан хөмрөгч, зохион байгуулагч, нягтлан бодогч, үйлчлэгч, дөрвөн  жижүүр нийт 12 орон тоотойгоор ажиллаж байна.

Хотын төв номын сан

Д.НАЦАГДОРЖИЙН НЭРЭМЖИТ УЛААНБААТАР ХОТЫН

НИЙТИЙН ТӨВ НОМЫН САН

Тус номын сан нь хуучнаар ЗХУ-ын тусламжаар баригдсан номын сангийн зориулалтын байранд 1980 оны 10 дугаар сарын 05-ны өдөр анх үйл ажиллагаагаа эхлүүлсэн байдаг. БНМАУ-ын АИХТ-дийн 1986 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 207 тоот зарлигаар их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 80 жилийн ойгоор түүний нэрэмжит номын сан болгосон.

1999 онд Нийслэлийн Засаг даргын А/20 захирамжаар Чингэлтэй дүүргийн Горькийн нэрэмжит 1 дүгээр, Хан-Уул дүүргийн 2 дугаар, Баянзүрх дүүргийн 3 дугаар, Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр номын сангуудын байрыг Д.Нацагдоржийн нэрэмжит Хотын төв номын санд балансаас балансад шилжүүлсэн нь номын сангийн материаллаг баазыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болсон юм. Номын сангийн үйлчилгээг автоматжуулах ажлыг 1998 оноос эхэлж дотоод сүлжээг байгуулан Австралийн Softlink компанийн “Alice for Windows программыг үйлчилгээндээ нэвтрүүлж уншигчийн болон номын мэдээллийн санг байгуулан электрон каталог зохион байгуулж, үйлчилгээндээ шинэ техник технологийг нэвтрүүлж эхэлсэн. АНУ-ын ЭСЯ-ны Олон Нийтийн Мэдээллийн төвтэй хамтран сүүлийн үеийн техник, тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон Америкийн Соёл Мэдээллийн Төвийг 2004 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс нээн ажиллуулж байна.  2009 онд Хотын нийтийн төв номын сангийн үйлчилгээг камерийн системд суурилсан Чөлөөт сонголттой болгож, монголын анхны чөлөөт сонголттой үйлчилгээтэй номын сан болсон юм. Өнөөдрийн байдлаар тус номын сан нь 4 салбар номын сан / Чингэлтэй, Хан-Уул, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт/, 3 тасагтай, 80 гаруй ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Эрхэм зорилго: Нийслэлийн хүн амын боловсрол, соёл, мэдээлэл, чөлөөт цагийн эрэлт хэрэгцээг хангахад чиглэгдсэн номын сан, номзүйн үйлчилгээг үзүүлж, бие хүнийг бүтээлчээр хөгжүүлэхэд оршино.

Уншлага үйлчилгээ:  2011 онд нийслэлийн нийтийн номын сангуудын үйлчилгээний үнэ тарифыг хямдруулж, төв болон салбар номын сангууд үйлчилгээндээ мөрдөх болсноор уншигч хэрэглэгчдийн тоо өссөн. 2011 онд 60,000 байнгын уншигч хэрэглэгч, 210,000 ирэгсдэд, 585000 боть ном, тогтмол хэвлэл бусад материал олгож үйлчлэх төлөвлөгөөтэйгээс 66309 байнгын уншигч  хэрэглэгч, 230846 ирэгсдэд, 605286 боть ном хэвлэл, бусад материал мэдээллүүдийг олгож үйлчилсэн байна.

Номын сан хөмрөг: Улаанбаатар хотын нийтийн номын сангуудын  нийт фонд нь 450,000 орчим монгол, орос, англи  хэл дээрх ном болон судар, брайль, том үсэгтэй ном, газрын зураг, 1000 орчим аудио видео СД материал болон электрон мэдээллийн нөөцүүдтэй, 70 гаруй нэр төрлийн монгол, гадаад хэл дээрх тогтмол хэвлэлүүдтэй.

Соёл танин мэдэхүйн ажил: Соён гэгээрүүлэх чиглэлээр төвлөрсөн номын сангийн хэмжээнд уулзалт, лекц, шинэ номын танилцуулга, нээлт, сургалт зөвлөгөө, уралдаан тэмцээнүүдийг тогтмол зохион байгуулдаг болно.

Соёлын төв өргөө

 

Соёлын Төв Өргөө

Соёлын Төв Өргөөний барилгыг анх Шинжлэх ухаан, техник, соёлын ордон нэртэйгээр Зөвлөлтийн ард түмэн барьж, 1988 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Монголчуудад бэлэглэсэн бөгөөд ашиглалтанд орсон цагаас хойш өнөөг хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулсаар ирсэн Соёлын томоохон цогцолбор юм.

Нийт 15000 ам. дөр. метр талбайтай. Цогцолбор нь 1325, 280, 150 хүний суудалтай хурал, концерт, кино, лекцийн танхим, номын сан, музей, үзэсгэлэнгийн танхим, 12давхар захиргааны барилга зэргээс бүрддэг.

Уг цогцолборт Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Монголын Урлагийн Ажилтны Холбоо, Соёл урлагийн хороо,Хүүхдийн номын ордон, Сөүлийн соёл мэдээллийн төв, Уран зургийн галерей, Соёлын өвийн төв, Театрын музей, Нийслэлийн Соёл Урлагийн Газар, Улсын филармони, Морин хуурын чуулга, “Баянмонгол” чуулга, “Соёл-Эрдэнэ” хамтлаг, Хошин урлагийн “Х-түц”хамтлаг,“Хувьсал” продакшн зэрэг шинжлэх ухаан, соёл урлагийн салбарын төрийн ба төрийн бус олон нийтийн байгууллага, хувийн хэвшлийн 100 гаруй аж ахуйн нэгж төвлөрч үйл ажиллагаагаа явуулж байна.

Тус ордонд жилд ойролцоогоор 300 орчимнийтийг хамарсан урлаг соёлын олон талт арга хэмжээ зохиогдож, давхардсан тоогоор 350-400гаруй мянган үзэгчдэд хүрч үйлчилдэг.

Соёлын Төв Өргөөний үндсэн бүрэлдэхүүн нь өнөөгийн байдлаар 80 гаруй ажиллагсадтай,

  • Санхүүжилт менежментийн алба
  • Уран бүтээл, техникийн алба
  • Инженер техникийн алба
  • Маркетинг үйлчилгээний алба
  • “Соёл-Эрдэнэ” хамтлаг гэсэн 5 үндсэн албатайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Эрхэм зорилго:

СТӨ-ний эрхэм зорилго нь үзэгч үйлчлүүлэгчдэд соёлтой шуурхай үйлчлэхэд чиглэсэн бодлого явуулж,үзвэр үйлчилгээний цар хүрээг өргөжүүлэн, нийслэлийн өмчийн байрны ашиглалт, засвар үйлчилгээг хариуцаж, барилга байгууламж, эд хөрөнгийг холбогдох хууль тогтоомжийн дагуу аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд түрээслүүлэх болон аж ахуйн бусад үйл ажиллагаа явуулахад оршино.

Баянзүрх дүүргийн соёлын ордон

Соёлын ордон нь 500 хүний суудал бүхий үзвэрийн танхим, номын сан, орчин үеийн техник тоног төхөөрөмж бүхий хөгжим, кино проектор, үндэсний хөгжмийн иж бүрдэлтэйгээр ажиллах аж. Түүнчлэн тус соёлын ордны дэргэд хүүхэд залуучуудын авьяас чадварыг нээн илрүүлэх, хөгжүүлэх зорилготой дуу, бүжиг, хөгжмийн төрлөөр хичээллэдэг дуу бүжгийн “Их Монгол” хамтлаг дугуйлан 15 дахь жилдээ хичээллэж байна.

Мөн дүүргийн хороодын ардын авьяастнуудын дунд урлагийн наадам, Ардын богино дууны наадам, сургуулийн сурагчдын дунд “Нарны инээд” эстрадын дууны уралдаан, Ардын бүжгийн тэмцээн, Их дээд сургуулиудын дунд “Байгаль эко соёл” Дэвжээ тэмцээн, “Архигүй, Тамхигүй Монголын төлөө хамтдаа” цуврал сургалт хичээл болон төрөл бүрийн уралдаан тэмцээнийг зохион байгуулан явуулдаг юм.

Багахангай дүүргийн соёлын ордон

Багахангай дүүргийн

Соёлын ордны танилцуулга

            Багахангай дүүргийн Соёлын ордон нь 1997 онд “Залуучуудын Соёлын төв ” нэртэйгээр үүсгэн байгуулагдаж анхны эрхлэгчээр нь ЗДТГазрын НХХ-ийн хэлтсийн дарга Ц. Дэнсмаа хавсран ажиллаж байв. 2001онд нийслэлийн хөрөнгө оруулалтаар их засвар хийж өөрийн байраа бүрэн хүчин чадлаар нь ашиглах боломжтой болсон. Захирлаар нь Ж. Баярбаатар 2001.12.16- ны өдрийн засаг даргын захирамжаар томилогдон, захирал, зохион байгуулагч, үйлчлэгч ба сахиул гэсэн орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байв.

2006 оны 1-р сараас Соёлын ордны захиралаар П. Нямжав томилогдон ажиллаж байна. БСШУ-ны сайдын 83-р, НСУГазрын даргын 16 тоот тушаалыг мөрдөж Захирал, Соёлын менежер, арга зүйч зохион байгуулагч, хөгжмийн багш, дууны багш, уртын дууны багш, морин хуурын багш, бүжгийн багш, кино техникийн ажилтан, номын санч мэдээллийн  ажилтан, архив, бичиг хэрэг, ня-бо, касс нярав, цахилгаанчин сантехникч, тайзны ажилтан, үйлчлэгч гэсэн 16 орон тоотойгоор Багахангай дүүргийн 1,2-р хорооны 3500  орчим хүн амын дунд соёл урлаг, чөлөөт цагийн эрэлт хэрэгцээг хангах, тэдний хүсэл сонирхол насны онцлогт тохируулан соёл хүмүүжил олгох авьяас билгийг нээн илрүүлэх, хөгжүүлэх зорилго тавин үйл ажиллагаа явуулж байна.

Тус ордон нь 140433.2 сая төгрөгийн үндсэн хөрөнгөтэй, 24432.2 сая төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэй, жилдээ  123856,2 мянган төгрөгийн төсөвтэй, 3.0 сая төгрөгийн үндсэн үйл ажиллагааны орлоготой ажиллаж байна.

Тус ордон нь иргэдэд соёл урлагийн үйлчилгээг үзүүлэх сургах, хөгжүүлэх, чөлөөт цагаа зөв үр ашигтай өнгөрөөх, тэдэнд дэмжлэг туслалцаа үзүүлэх, тэдний авьяасыг нээн илрүүлэх, иргэдийн нийтийн соёлыг дээшлүүлэх соён гэгээрүүлэх, чанартай уран бүтээл хийх, үндэсний болон дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангах, ардын авъяастнуудыг үйл ажиллагаандаа оролцуулах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж ирлээ.

Ардын ёс заншлын танхим, дуу бичлэгийн студи, бичил номын сан байгуулж  3500 номын фондтой болж уншлагын танхимаар иргэдэд үйлчилж байна.

Соёлын ордны дэргэд амьд хөгжмийн “Play” хамтлаг “Дэлбээ” бүжгийн хамтлаг, “Хөх Монгол” дууны хамтлаг байгуулагдан алслагдсан цэг хэсэг хороодын иргэдэд соёл урлагийн үйлчилгээгээр тогтмол үйлчилж байна.

Ардын болон харилцаа дуу, зохиолын дуу, төрөл бүрийн цэнгүүн, наадам, танин мэдэхүйн цэнгээнт болон асуулт хариултын уралдаан тэмцээн, урлагийн тоглолтууд гэх мэт арга хэмжээнүүдийг зохион байгуулж иргэд хүүхэд залуучууд, албан байгууллага хамт олон аж ахуйн нэгжид хүрч хамтран ажиллаж байна.

Соёлын ордны дэргэд бүжгийн дугуйлан насны ангилалаар дуу, уртын дуу, морин хуур, үндэсний болон даралтад, цахилгаан хөгжмийн дугуйлан, драм, кино сонирхогчдын клуб хичээллэж нийт 68 хүүхэд залуучууд хамрагдаж байна. Дугуйланд суралцагчид жилд 3 удаа, 2-р сар, 6-р сар, 10-р сард тайлан тоглолтоо хийж хэвшлээ.

Иргэдийн үйлчлүүлэх тав тухтай эрүүл орчин бүрдүүлж бүх өрөө тасалгаанд засвар үйлчилгээ, тохижилтын ажил хийж гүйцэтгэсэн.  Үйл ажиллагаа явуулахад зайлшгүй шаардлагатай техник хэрэгсэл, хөгжим авч тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан. Тус ордны хамт олон нь соёлын бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх иргэдэд үйлчлэх тав тухтай орчинг бүрдүүлэх үндсэн үүргээ амжилттай хэрэгжүүлж байна.

Цаашид тавьж буй зорилт

v  Иргэдийн нийтийн соёлыг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлэх

v  Үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлж, шалгуур үзүүлэлтүүдийг хангаж ажиллах

v  Дугуйлангийн үйл ажиллагааг чанаржуулж, суралцагчдын тоог нэмэгдүүлэх

v  Номын сангийн фонд бүрдүүлэлтийг сайжруулах, жил бүр шинэ номоор баяжуулах

v  Мэргэжлийн түвшинд чанартай уран бүтээл хийх

v   Иргэдийн таашаалд нийцсэн уралдаан тэмцээн зохион байгуулах

v  Улс, бүс, нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдах уралдаан тэмцээнд ардын авъяастнууд, дугуйлангийн сурагчдыг тогтмол оролцуулж амжилт гаргах

 

Соёлын ордны  авсан шагнал урамшил

 

  1. Дүүргийн “Соёлч байгууллага”
  2. Хүүхдэд ээлтэй соёл урлагийн байгууллага
  3. Улаан загалмайч Хүмүүнлэг байгууллага
  4. Чингэсийн алтан гэрэгэ “ Буянт үйлстэн байгууллага”

 

Улс хот бүсийн уралдаанаас

Бүжгийн хамтлаг улс, хот, бүсийн чанартай уралдаанд 11 удаа оролцож “Дэлбээ” бүжгийн хамтлаг 2 алт, 12 мөнгө, 24 хүрэл медаль, тусгай шагнал 8 ыг тус тус хүртсэн.

”Хууртай мөнхөрөх аялгуу” уралдаанаас грапри 1, мөнгөн медаль 1,

“Хос уянга” бүсийн уралдаанаас гранпри 2, хүрэл медаль 1,

“Цэргийн дуу” бүсийн уралдаанаас алт 1, тусгай шагнал 1,

“Play” хамтлаг “60,70,80” оны Эстрад дууг хэн сайн дуулах вэ? уралдааны Мөнгөн медаль тус тус хүртсэн.