“Амар байна уу 2024” үзэсгэлэн, худалдаа “Шинэ 100 айл” төвд 2024 оны 01 дүгээр сарын 15 наас 02 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл зохион байгуулагдаж байна.

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор Сар шинийн баярыг угтан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Амар байна уу 2024” өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа “Шинэ 100 айл” төвд 2024 оны 01 дүгээр сарын 15 наас 02 дугаар сарын 9 хүртэл өдөр бүр 09:00-20:00 цагийн хооронд үргэлжлэх юм.

Тус үзэсгэлэн худалдаанд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн 2000 гаруй жижиг, дунд бизнес эрхлэгч түрээсийн ямар нэгэн төлбөргүйгээр оролцож, үндэсний хувцас, гоёл чимэглэл, хүнсний бүтээгдэхүүн, цагаан идээ зэрэг 15-20 мянган нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр борлуулж байна.

МАЗААЛАЙ ОЛОН УЛСЫН ЦАС МӨСНИЙ НААДАМ НЭЭЛТЭЭ ХИЙЖ ГИННЕСИЙН ДЭЭД АМЖИЛТЫГ ТОГТООЛОО.

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, дэлхийд ердөө 50 ширхэг үлдсэн мазаалай баавгайг хамгаалах зорилтын хүрээнд “Мазаалай” олон улсын цас мөсний наадмын нээлтээ хийлээ.

“Мазаалай” цас мөсний олон улсын наадам нь нэг дор 400-500 хүн хүлээн хүчин чадалтай бөгөөд 4000 м.кв талбайг хамарсан өвлийн шинэлэг наадам юм. Энэхүү наадмын гол үзмэр нь эх мазаалай ба бамбаруушуудыг дүрсэлсэн 5 метр өндөр мөсөн баримал, 50 метрийн урттай мөсөн гулгуур болон нэг дор хамгийн олон хүн гулсах мөсөн гулгуур зэргийг бүтээсэн юм.

Түүнчлэн 12 метр өргөнтэй, 18 метр урттай мөсөн гулгуураар 1 цагийн дотор 408 хүн гулгаснаар Гиннесийн дээд амжилтыг тогтоож, Монгол орны өвлийн аялал жуулчлал дэлхийн газрын зурагт тэмдэглэгдлээ.

Уг арга хэмжээг Гиннесийн албан ёсны шүүгч  Айрис Хоу, Соёлын яамны Лондон дахь Гиннес хариуцсан зөвлөх Элизабет Фокс шүүсэн бол, Гиннесийн рекордыг тогтоосон 408 хүнд талархал илэрхийлье.

“МОНГОЛЫН ЭРТНИЙ ХОТУУД АГААРЫН ЗУРАГТ” ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТ БОЛЛОО

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, ШУА-ийн Археологийн хүрээлэн хамтран 2021 онд хэрэгжүүлсэн “Бэлхийн амны хүннүгийн язгууртны булш”, “Туулын Хар Түнэ-ордон”-ны археологийн малтлага судалгааны урьдчилсан үр дүн, олдворын дээжис болон эртний хот суурины гэрэл зургаар “Монголын эртний хотууд агаарын зурагт” үзэсгэлэнгийн нээлт боллоо.

Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ж.Сандагсүрэн, Шинжлэх Ухааны Академийн дэд ерөнхийлөгч, Академич Г.Чулуунбаатар болон бусад албаны төлөөлөл, иргэд оролцлоо.

Тус үзэсгэлэн нь Монгол нутагт оршин байсан нүүдэлчдийн эртний хот, суурины талаарх мэдээлэл, агаарын зураглал бүхий гэрэл зургийн үзэсгэлэн болон “Бэлхийн амны хүннүгийн язгууртны булш”, “Туулын Хар Түнэ-ордон”-ны археологийн малтлагаас илрүүлсэн зарим олдврорыг дээжлэн хүргэж байгаагаараа онцлог юм.

Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн Соёл, урлагийн газар, Шинжлэх Ухааны Академийн Археологийн хүрээлэнтэй хамтран цаашид Улаанбаатар хот орчмын соёлын өвийн малтлага, судалгаа, түүх соёлын өвийн сэргээн засварлалтын асуудлаар хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар албаны төлөөлөл онцлон тэмдэглэсэн.

Тус үзэсгэлэнг Нийслэлийн 382 жилийн ойд зориулан 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг дуустал Монголын Үндэсний Музейд зохион байгуулагдана.  

НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТЫН АНХНЫ ШАВ ТАВЬСАН “МЭЛХИЙТ” ХӨШӨӨ, “МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО”-НД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ, “НИЙСЛЭЛИЙН СҮЛДЭТ ХУУР” ЦЭНГҮҮЛЭХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭЛЭЛ

Одоогоос 382 жилийн тэртээ 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Их Монголын шарын шашны тэргүүнд өргөмжлөн өргөө байгуулан өгснөөр Монгол улсын нийслэлийн үүслийг тавьсан түүхтэй. Тэр цагаас хойш 28 удаа бууриа сэлгэж, 1778 онд Богдхан уулын ар, хатан Туулын хөвөө, сэрүүн Сэлбийн дэнж, Хүн чулууны хонхорт суурьшихдаа нүүдэллэн ирсний тэмдэг болгож “Хүн чулуун хөшөө”-өөр шав тавьжээ. Энэхүү түүхэн үйл явдлыг мөнхжүүлэх, хойч үедээ таниулан сурталчлах зорилгоор тус шав тавьсан газрын хойд хэсэгт 1994 онд дурсгалын “Мэлхийт” хөшөөг босгож, Нийслэлийнхээ ойгоор хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай болсон юм. Нийслэл Улаанбаатар хотын 382 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн удирдлагууд, нийслэлийн иргэд 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр анхны шав тавьсан  “Мэлхийт хөшөө”-нд уламжлал ёсоор 10:30 цагт хүндэтгэл үзүүлж, Монголын нууц товчоог залж, нийслэлийн сүлдэт хуураа цэнгүүллээ. Тус ёслолын үйл ажиллагааг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Батбаясгалан нээж үг хэлж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар мэндчилгээ дэвшүүлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Морин хуур дээдлэн, Уртын дуугаа өвлөн дэлгэрүүлэх, “Монголын нууц товчоог мөнхөд эрхэмлэн дээдлэх тухай зарлиг буулгасны дагуу Нийслэлийн Төр захиргааны байгууллагаас “Нийслэлийн Сүлдэт хуур”, “Монголын нууц товчоо”-г хүндэтгэлтэйгээр залж жил бүр Нийслэл хотынхоо төрсөн өдрөөр хүндэтгэл үзүүлдэг уламжлалаар Энэ өдөр Нийслэлийн сүлдэт хуурыг Монгол Улсын Ардын жүжигчин Ч.Батсайхан цэнгүүлж, Монгол цамын хэсгээс бүжигчид бүжиглэн, Улаанбаатар чуулгын гоцлол дуучин Монгол Улсын Гавьяат жүжигчин С.Ганзориг “Миний Улаанбаатар” дууг дуулж, Улаанбаатар чуулгын бүжигчид цамын бүжгийн хэсгээс бүжиглэв. “Мэлхийт хөшөө”, Нийслэлийн “Сүлдэт хуур”, “Монголын нууц товчоо”нд Нийслэлийн төр захиргааны байгууллагын удирдлагууд, ажилтнууд, иргэдийн төлөөлөл тойрог хэлбэрээр явж Сүлдэт хуур, Нууц товчоонд хүндэтгэл үзүүлсэн юм.

Мөн Монгол Улсын Төрийн далбаа, нийслэлийн туг мандуулах ёслол, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж үйл ажиллагаануудад нийслэл, дүүргийн удирдлагууд, Цэргийн штабын бүрэлдэхүүн, Улаанбаатар цэргийн хүрээний Хүндэт харуул, Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын хамт олон оролцлоо.

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

“МОНГОЛЫН ЭРТНИЙ ХОТУУД АГААРЫН ЗУРАГТ” ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, ШУА-ийн Археологийн хүрээлэн 2021 онд хамтран хэрэгжүүлсэн “Бэлхийн амны хүннүгийн язгууртны булш”, “Туулын Хар Түнэ-ордон”-ны археологийн малтлага судалгааны урьдчилсан үр дүн, олдворын дээжис болон эртний хот суурины гэрэл зургаар “Монголын эртний хотууд агаарын зурагт” үзэсгэлэнг  Нийслэл Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны 382 жилийн  ойд зориулан зохион байгуулж байна. Та бүхнийг хүрэлцэн ирж сонирхохыг урьж байна.

“ХОТЫН СОЁЛ” АЯНЫ ХҮРЭЭНД ОЮУТАН, ЗАЛУУЧУУДЫН ДУНД ВИДЕО КОНТЕНТИЙН УРАЛДААН ЗАРЛАГДЛАА

Нийслэл хотоос соёлын талаар баримталж буй бодлогыг иргэд, олон нийтэд сурталчилж, иргэдийн нийтийн соёлыг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг бүх нийтийн хэрэг болгох зорилготой “Хотын соёл” аяны хүрээнд оюутан, залуучуудын дунд богино хэмжээний видео контентийн уралдааныг зарлаж байна.

Оюутан, залуучууд та бүхнийг уралдаанд идэвхтэй оролцохыг уриалж байна!

Соёлтой хотод хамтдаа амьдарцгаая!

“УРЛАГИЙН ХОТ УЛААНБААТАР” АЯНЫГ ӨРНҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

Нийслэлийн Соёл, урлагийн газрaaс “Урлагийн хот Улаанбаатар” аяныг өрнүүлж олон нийтэд дүрслэх урлагийн бүтээл туурвидаг уран бүтээлчдийг таниулах, дэмжин ажиллах зорилгоор Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Энх тайвны өргөн чөлөө, нийтийн эзэмшлийн (хуучнаар Ахмадын холбооны) талбайд орчин үeийн контемпорари бүтээлүүдийг цувралаар байрлуулах юм.

Монголын Урчуудын эвлэлийн хорооны дэргэдэх “Бий Контемпорари” арт галларейн уран бүтээлчидтэй хамтран 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн МУЭ-ийн шагналт, МУУГЗ, Олон Улсын “Норд арт” фестивалийн Гран при шагналт, уран барималч Аюурзанын Очирболдын “Ухамсар” хэмээх бүтээлээр аяныг эхлүүлж байна.

Уран барималч А.Очирболд нь “Амур”, “Буур Жамьян”, “Дэмүүл Арслан”, “Хотгойдын ван Чингүнжав”, “Мандухай сэцэн хатан” зэрэг алдартай баримлуудыг бүтээсэн уран бүтээлч бөгөөд нарны гэрлийг дагаж хөдөлснөөр цаг хугацааг илэрхийлж буй “Ухамсар” нэртэй уг бүтээл нь дэлхийн 192 орны бүтээлүүдээс сонгогдон Нэгдсэн Үндэстний Байгууллага /НҮБ/-ын төв байрны цэцэрлэгт хүрээлэнд байрлуулагдсан бүтээл юм.

Иргэд та бүхнийг халдвар хамгааллын дэглэмээ баримтлан тус урлагийн бүтээлийг үзэж, сонирхохыг урьж байна.

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

ДАМБАДАРЖААЛИН ХИЙДИЙГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАХ АСУУДЛААР АЖИЛЛАЛАА

Нийслэл Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дэх түүхэн дурсгалт барилга болох Дамбадаржаалин хийдийг Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хүрээнд сэргээн засварлах, шаардагдах зураг төсвийг боловсруулах талаар холбогдох албаны хүмүүс ажиллалаа.

Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 1.1.2 дахь “Нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа түүх, соёлын дурсгалт зүйлсийг хамгаалалтад авч сэргээн засварласан байна” заалт, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.6.7 дахь “Улс, нийслэл, дүүргийн хамгаалалтад байх түүх, соёлын дурсгалт газар, барилга байгууламжийг бүсчлэн хувааж аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгоно” гэж тусгасны дагуу Сүхбаатар дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Энхболд, Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн, Нийслэлийн Засаг даргын дэргэдэх соёлын өвийн зөвлөлийн гишүүн, Доктор, Архитектор З.Оюунбилэг, Соёлын өвийн үндэсний төвийн мэргэжилтэн болон бусад албаны төлөөлөл өнөөдөр Дамбадаржаалин хийдэд ажиллалаа.

Тус хийд нь Богдын Хүрээнээс үлдсэн хамгийн эртний архитектурын дурсгал бөгөөд тус хийдийг Манжийн хааны зарлигаар II Богд Жавзандамба хутагтын дурсгалд зориулан 1761-1765 онд баруун, зүүн Сэлбэ голын уулзварт байгуулжээ. Хийд нь ерөнхий төлөвлөлт, хийц, өнгө будаг, чимэглэлийн хувьд Амарбаясгалант хийдтэй адил бөгөөд боржин чулуу, хөх тоосго, хөх ваар, мод зэрэг нь барилгын үндсэн материал болдогоороо онцлогтой.

Сүхбаатар дүүргийн зүгээс Зонхов уулыг тахих, орчны тохижилт үйлчилгээг сайжруулах, Нийслэлийн зүгээс сэргээн засварлах зураг, төсвийг гаргуулах, өмчлөл болон хамгаалалтын бүс, газрын асуудлыг шийдэх тал дээр хамтран ажиллахаар ярилцлаа.

УЛААНБААТАР ХОТЫН ХАМГИЙН АНХНЫ ХИЙД ДАНБАДАРЖАЙЛАН

Нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах 256 жилийн түүхт Данбадаржайлан хийдийн нөхцөл байдалтай Нийслэлийн Засаг даргын хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ж.Сандагсүрэн, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү, Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн, НЗДТГ, НСУГ-ын мэргэжилтнүүд 2021 оны 08 дугаар сарын 08-ны өдөр газар дээр нь очиж танилцлаа.

Улсын хамгаалалтын зэрэглэлтэй Дамбадаржаалан хийдийн хадгалалт хамгаалалт, цаашид сэргээн засварлах, орчин нөхцөлийг сайжруулах талаар төсөл боловсруулж нийслэлийн төсөв болон төсөл хөтөлбөрийн хүрээнд шийдвэрлэх боломжийг судлах чиглэлийг Нийслэлийн Засаг даргын орлогчийн зүгээс өглөө.

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР