СОЁЛЫН ӨВИЙГ НЭЭЛТТЭЙ ТАНИЛЦУУЛЛАА

Өнөөдөр 12-15 цагийн хооронд УДЭТ-ийн арын талбайд Чингис хааны өв, соёлын хүрээлэн, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн судлаачид хамтран Чингис хаан музей, дундад зууны үеийн археологийн чухал олворуудыг танилцууллаа. Тус арга хэмжээг Монгол Улсын Соёлын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хэрэгжүүлж буй “Соёлын цаг” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулав.

Тус арга хэмжээнд соёл урлаг, судалгааны байгууллагын төлөөлөл, олон нийт өргөнөөр оролцсон бөгөөд Монгол Улсын Соёлын дэд сайд М.Батбаяр, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал, доктор Г.Эрэгзэн нар баяр хүргэж мэндчилгээ дэвшүүлсний дараа доктор, профессор Б.Цогтбаатар: “Түүх соёлын хосгүй өв-Рашаан хадны дурсгал” доктор, дэд профессор Э.Пүрэвжав: “Монголын нууц товчооны Монгол хөрвүүлэг, гадаад орчуулгын тухай”, доктор, профессор Ж.Базарсүрэн: “Их Монгол улсын цэрэг”, доктор Д.Болдхуяг: “Дундад зууны Монголчуудын хот суурин”, доктор С.Хүрэлсүх: “Нүүдэлчдийн өвөрмөц оршуулгын дурсгал XIII-XIV зуун” сэдвээр танилцуулга лекц хийсэн нь хурсан олны анхаарал сонирхлыг татаж байлаа.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 142 дугаар тогтоолоор байгуулагдсан Чингис хааны өв, соёлын хүрээлэнгийн үйл ажиллагаа, Чингис хаан музейн бүтээн байгуулалтын үйл явц, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн сан хөмрөг дэх ШУА-ийн Археологийн хүрээлэнгээс Сүхбаатар аймгийн Онгон сумын Таван толгойгоос олдсон XIII-XIV зууны үед холбогдох 19 төрлийн 64 ширхэг олдвороор бичил үзэсгэлэн гаргаж, 2020 онд эрхлэн хэвлүүлсэн 10 судалгааны бүтээлийг дэлгэн үзүүлсэн нь түүх соёлоо эрхэмлэн дээдэлдэг ард иргэдийн талархлыг хүлээсэн бүтээлч бөгөөд шинэлэг арга хэмжээ боллоо хэмээн хүмүүс ам сайтай байсныг дурдалтай.

Шинэ тутам байгуулагдсан Соёлын яамнаас зохион байгуулж буй “Соёлын цаг” хөтөлбөр бол урлаг уран сайхан төдийгүй өв соёл, судалгааны ололт амжилтаа олон нийтэд нээлттэй танилцуулж, ард иргэд, оюутан залуусын мэдлэгт зохих хувь нэмэр болж, соён гэгээрүүлэхийн төлөө хийж буй шинэлэг, бүтээлч арга хэмжээ болсон гэж үзэж байна.

Чингис хааны өв, соёлын хүрээлэн Монголын болон дэлхийн түүхэнд гүйцэтгэсэн Чингис хааны үүрэг, үлдээсэн өв соёл, их эзэн хааны залгамжлагчдын түүхийг гүнзгийрүүлэн судлах, сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилготой соёл, шинжлэх ухааны байгууллага бөгөөд БСШУС-ын сайдын тушаалаар Чингис хаан музейн ашиглалтын өмнөх захиргааны чиг үүргийг хариуцан ажиллаж байна. Чингис хаан музейн барилгыг олон улсын стандартад нийцсэн, орчин үеийн шийдэлтэй, 9 давхар, 20500 ам дөрвөлжин метр талбайтай байхаар төлөвлөсөн бөгөөд одоо 8 дугаар давхрын барилга угсралтын ажил төгсгөлийн шатандаа явж байна.  

СОЁЛЫН ӨВИЙГ НЭЭЛТТЭЙ ТАНИЛЦУУЛНА

Маргааш буюу 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 12:00-15:00 цагийн хооронд УДЭТ-ийн өмнөх талбайд Чингис хааны өв, соёлын хүрээлэн, ШУА-ийн Археологийн хүрээлэн, Соёлын өвийн үндэсний төвийн судлаачид хамтран Чингис хаан музей, дундад зууны үеийн археологийн чухал олдворуудыг танилцуулна.

Соёлын өвийг нээлттэй танилцуулах тус үйл ажиллагааг Монгол Улсын Соёлын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хэрэгжүүлж буй “Соёлын цаг” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд Соёлын дэд сайд М.Батбаяр, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал, доктор Г.Эрэгзэн нар нээж оролцоно. Мөн доктор, дэд профессор Б.Цогтбаатар “Түүх соёлын хосгүй өв-Рашаан хадны дурсгал” сэдвээр, доктор, дэд профессор Э.Пүрэвжав “Монголын нууц товчооны Монгол хөрвүүлэг, гадаад орчуулгын тухай”, доктор, профессор Ж.Базарсүрэн “Их Монгол улсын цэрэг”, доктор Д.Болдхуяг “Дундад зууны Монголчуудын хот суурин”, доктор С.Хүрэлсүх “Нүүдэлчдийн өвөрмөц оршуулгын дурсгал XIII-XIV зуун” сэдвээр тус тус танилцуулга мэдээлэл хийнэ.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 142 дугаар тогтоолоор байгуулагдсан Чингис хааны өв, соёлын хүрээлэнгийн үйл ажиллагаа, Чингис хаан музейн бүтээн байгуулалтын үйл явц, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн сан хөмрөг дэх дундад зууны үеийн археологийн чухал олдворуудаар бэсрэг үзэсгэлэн гаргаж, тайлбар танилцуулга хийх тул иргэд та бүхнийг урьж байна.

“СОЁЛЫН ЦАГ” АЯНЫ НЭЭЛТИЙН ВИДЕО

Соёлын яам, НЗДТГ-тай хамтран иргэдэд соёл, урлагийн үйлчилгээг ойртуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, соёл, урлагийн байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлах, уран бүтээлчдээр дамжуулан цар тахлаас урьдчилан сэргийлэх уриалгыг иргэдэд хүргүүлэх зорилгоор “Соёлын цаг” аяныг хэрэгжүүлж байгаа. Тус аяны нээлтэд Соёлын сайд С.Чулуун, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Ц.Нацагдолгор, Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Ч.Бат-Эрдэнэ нар болон холбогдох албаны хүмүүс, урлагийн байгууллагуудын удирдлагууд, уран бүтээлчид оролцсон.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан хэлэхдээ, “Иргэдийн соёл урлагийн хэрэгцээг хангах шаардлагын хүрээнд номын сан, кино театр зэргийг үе шаттай нээж байгаа ч томоохон урлагийн үйл ажиллагаа хаалттай хэвээр байна. Иймээс олон хүн цуглуулахгүйгээр иргэдэд соёлын үйлчилгээг үзүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Мөн дүүрэг бүрт нийтийн биеийн тамирыг дэмжих хөдөлгөөн өрнөж байгаа. “Соёлын цаг” аянаараа дамжуулж иргэддээ соёл, урлагийн үзвэр үйлчилгээ тоглолтуудаа хүргэхээр зорьж байна” гэв. “Соёлын цаг” аяны хүрээнд нийслэлийн 9 дүүргийн 21 байршилд 21 мэргэжлийн урлагийн байгууллагууд урлагийн тоглолт, музей, нүүдлийн номын сан зэрэг үзвэр үйлчилгээг иргэдэд үнэ төлбөргүйгээр толилуулахын зэрэгцээ дэлхийн олон улсад тархаад буй цар тахлаас урьдчилан сэргийлэх уриалгыг иргэдэд хүргэх юм.