Улаанбаатар хотын түүх соёлын өвийг хамгаалах, сэргээх, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгож эдийн засгийн  эргэлтэнд оруулах, дотоод гадаадын жуулчдыг Улаанбаатар хотод зохион байгуулагдаж буй соёл урлагийн арга хэмжээний талаарх мэдээллээр хангах, гадаад дотоодын жуулчдын сонирхол татсан арга хэмжээнүүдийг хамтран зохион байгуулах зорилгоор санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа. Санамж бичигт Нийслэлийн Соёл урлагийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Батцэнгэл, Нийслэлийн аялал жуулчлалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Баттулга нар гарын үсэг зурав.

Соёл, урлагийг хөгжүүлэх асуудлаар:

  • Нийслэл хотод орших соёлын өвийг хамгаалах, үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, их дээд сургуулийн оюутан залуусын дунд явган болон тойрон аялалыг хамтран зохион байгуулах,
  • Гар урлалыг хөгжүүлэх, дэмжих ажлыг нэмэгдүүлэх, үзэсгэлэн зохион байгуулах
  • Музей, үзвэрийн газраар  жуулчид тав тухтай үйлчлүүлэх нөхцлийг хангаж ажиллах /гадна дотно тохижилт, жуулчны тээврийн хэрэгслийн тусгай зогсоол, мэдээллийн  технологийн шинэ арга хэлбэр, тоног төхөөрөмжийг нэвтрүүлэх/-д дэмжлэг үзүүлэх
  • Талуудын зохион байгуулах арга хэмжээнд соёл, урлагийн болон аялал жуулчлалын байгууллагуудыг татан оролцуулах,
  • Нийслэлийн Аялал жуулчлалын газрын мэдэлд байгаа сурталчилгааны самбарт Нийслэлийн Соёл урлагийн газраас зохион байгуулж байгаа үйл ажиллагааны сурталчилгааг үнэ төлбөргүй байрлуулах,

Aялал жуулчлалыг хөгжүүлэх талаар:

  • Улаанбаатар хот түүний орчмын аялал жуулчлалын нөөц, байгаль, соёлын онцлог, дэд бүтцэд тулгуурлан аялал жуулчлалын тусгай сонирхлын төрөл, чиглэлийг /түүх соёлын, байгалийн, шашны гэх мэт/  тогтоон нийслэлийн соёлын аялал жуулчлалын газрын зургийг гаргах
  • Музейн хөтөч, аяллын тайлбарлагч бэлтгэх сургалтыг музейдэд зохион байгуулах, хамтран ажиллах гурвалсан гэрээ байгуулах
  • Музей, үзвэрийн газруудад мэргэжлийн зүгээс зөвлөгөө өгч, удирдамжаар хангах, ажилтнуудыг мэргэжлийн сургалтанд хамруулах
  • Улаанбаатар хотод зохион байгуулагдах соёл урлагийн  арга хэмжээ, үзвэр үйлчилгээ болон түүний хуваарийг Аялал жуулчлалын мэдээлэл, сурталчилгааны төв, цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд түгээх
  • Соёл урлагийн болон хувийн хэвшлийн байгууллагуудыг хооронд нь холбож, хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэх
  • Жуулчны улиралд нийслэл хотод болон хот орчмын аялал жуулчлалын бүсэд жуулчдад зориулсан урлаг соёлын томоохон эвентийг хамтран зохион байгуулах зэрэг асуудлууд санамж бичигт тусгав.