Дэлхийн шилдэг хувцсаар тодорхойлогдсон монгол дээлээ гадаад, дотоодынхонд сурталчилах зорилготой “Дээлтэй Монгол наадам” эзэн нийслэлийн төв талбайд долоо дахь жилдээ амжилттай болж өндөрлөлөө.

Энэ жилийн “Дээлтэй Монгол наадам”-ын зохион байгуулагчаар ССАЖЯ, Нийслэлийн  Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Аялал жуулчлалын холбоо ажиллав. Харин хамтран зохион байгуулагчаар Нийслэлийн Соёл урлагийн газар,  Дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрууд, “Түмэн -Эх” чуулга,  ”, “Монгол костюмс”, “Шилмэл загвар “Торго”, “Sound of Mongolia” зэрэг компани ажилласан.
Төв талбайг Чингис хааны хэмээх нэрлэснээс хойш олныг хамарсан анхны томоохон арга хэмжээ нь  “Дээлтэй монгол” юм.

Монгол хүн бүрийн бахархал Монгол эх орон, өргөө цагаан гэр, монгол дээл  мөнөөс мөн.  Найман настай балчираас наян настай  буурлууд маань жил бүрийн “Дээлтэй монгол” наадмыг тэсэн хүлээдэг билээ.

Уг наадмын үндсэн хэсэг  монгол үндэсний хувцастай баярын жагсаал байдаг. Энэ жилийн хувьд мөн адил үндэсний хувцастай баярын жагсаалаар  эхэлсэн юм. Өнөөдрийн жагсаалд нийслэлийн  долоон дүүргийн төлөөлөл, загварын салон, урлаг соёлын байгууллагууд,  баатрууд, соёл, урлаг спортын алдартнууд, ахмад тамирчид, залуучууд,  хүүхэд багачууд нийлсэн 10 мянга гаруй хүн өөрсдийн идэвх санаачилгаар  оролцлоо.

Анх  100 гаруй хүнийг хамарч байсан тус наадамд энэ жил 10 мянган дээлтэй Монгол оролцсон нь наадамд хамрагдах иргэдийн тоо жил бүр нэмэгдэж байгааг илтгэж байна.  Баярын жагсаалын үеэр Сүхбаатар дүүргийн VII хорооны иргэд монгол гэрийн дурсгалыг харуулсан чимэглэлийг барьж гарч ирсэн нь цугласан олон түмэн, гадаадын зочдын анхаарлыг  маш ихээр татаж байлаа.

Бөмбөр хөгжмийн гайхамшгийг мэдрүүлдэг “Drum Stick” хамтлагийнхан наадмыг бөмбөрийн тоглолтоор нээлээ. Дараа нь ДБЭТ-ын уран бүтээлчид Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шаравын “Чингис хаан” дуурийн Чингис хааны ари болон олны хэсэг,  Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын жvжигчин, Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын “Хан бүргэд” дуурийн полонез бүжгээс хүргэв.  Урлагийн тоглолтын дараагаар “Монгол костюмс”-ын “Хүннү”, “Монголын олон үндэстэн ястан” загварын үзүүлбэрээс толиуллаа.

Монгол дээлээрээ бахархах, үндэсний хувцсаараа гоёх энэ өдөр  монгол үндэсний дээлтэй гадаадын зочдын шилдэг хос, үндэсний дээлтэй хамгийн бяцхан оролцогч, хамгийн сайхан дээлтэй хос, хамт олноороо идэвхтэй оролцсон байгууллага, сайн зохион байгуулалттай, идэвхтэй оролцсон  дүүрэг гээд зургаан төрлийн эздүүд  тодорлоо.

Монгол үндэсний дээлтэй хамгийн бяцхан оролцогч шалгаруулах номинацид 100 гаруй хүүхэд оролцов. Уг номинацийн ялагчаар ах дүү ихэр болох н.Содбаяр, н.Содбилэг нар шалгарлаа. Хамгийн гоё хувцастай 10 хүүхдэд  Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга Э.Баттулга медаль, мөнгөн шагнал, наадмын ивээн тэтгэгч АПУ компанийн нэрэмжит шагналыг гардууллаа.

 

Recommended Posts