Нийслэлийн Соёл урлагийн газраас “Хүүхдийн найрал дуунд зориулсан бүтээлийн уралдаан”-ыг 2014 оны 06 дугаар сарын 09-ны өдрөөс эхлэн зарлаж 09 дүгээр сарын 06-09-ны өдрүүдэд шалгаруулалтыг явуулан дүнгээ гаргалаа.

Тус уралдаанд нийт 30 гаруй бүтээл ирсэн бөгөөд хөгжимтэй найрал дууны төрөлд “Эх ороноо хайрлацгаая найзуудаа” дуугаар хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр тэргүүн байр, “Миний жаахан сургууль” дуугаар хөгжмийн зохиолч С.Тараа дэд байр, “Хүүхэд амьтай дэлхий” дуугаар 116-р сургуулийн хөгжмийн багш Б.Батболд 3-р байр, “Бамбарууш” дуугаар хөгжмийн зохиолч Г.Эрдэнэбаатар тусгай байр, дан найрал дуу буюу a capella  төрөлд “Ирээдүйн үүдийг нээсэн сурагч нас” дуугаар хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр мөн тэргүүн байр, “Би зугаалж явна” дуугаар Сүлд чуулгын хормейстр багш У.Мөнхжаргал 2-р байр, “Уриа” дуугаар мөн Сүлд чуулгын хормейстр У.Мөнхжаргал 3-р байр, “Азийн сувдан сондор” дуугаар Баянзүрх дүүргийн 44-р сургуулийн хөгжмийн багш Д.Алтангэрэл тусгай байрыг тус тус эзэллээ.

Уралдааны ерөнхий шүүгчээр Хөгжим бүжгийн коллежийн хормейстр багш Т.Тельман, шүүгчээр урлаг судлаач Ч.Буянхишиг, Боловсролын Их сургуулийн багш, хормейстр Ш.Баттогоо нар ажиллаа.

Уралдаанд шалгарсан бүтээлүүдээс Б.Батболдын “Хүүхэд амьтай дэлхий” дууг Монгол улсын хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Дагвын Лувсаншаравын нэрэмжит “Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг “ шалгаруулах XII уралдааны заавал дуулах дуугаар сонголоо. Бусад шалгарсан бүтээлүүдийг нь Нийслэлийн өдөр Найрал дууны наадамд Хөгжим бүжгийн коллежи, Монголын хүүхдийн ордон, “Улаан бүч” чуулгын авъяаслаг багачууд дуулах юм.

Энэхүү уралдаан нь хамгийн дутагдаж буй хүүхдэд зориулсан найрал дууны урын санг нэмэгдүүлж, шинэ уран бүтээлээр баяжуулсан өндөр ач холбогдолтой уралдаан болж өндөрлөлөө.

Recommended Posts