“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Монголын нэрт соён гэгээрүүлэгч, анхдугаар богд, өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойд зориулан түүний уран бүтээлээ туурвиж байсан Сарьдагийн хийдийн туурийн малтлагаас гарсан олдворууд, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд буй бүтээлүүдийг сурталчлан таниулах зорилгоор “Номын их хүрээг нээсэн нь” буюу “Сарьдагийн хийдийн судалгаа” үзэсгэлэн нээлтээ хийлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын их хурлын дарга З.Энхболд, Улсын их хурлын гишүүн Ц.Оюунгэрэл, Я.Содбаатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Б.Энхтүвшин болон бусад албаны төлөөлөл, лам хувраг, судлаач, иргэд оролцлоо.

Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Хийдийн Сарьдаг ууланд орших сүм сууринг Өндөр гэгээн Занабазар 1654 оноос бариулж эхлэн 1680-аад онд дуусгасан нь Халхын шарын шашны төв Төгс баясгалант Номын Их хүрээ мөн хэмээн түүхчид үздэг. Тус хийдин малтлага судалгааг 2 жилийн турш малтлага судалгааны явцад илрүүлсэн 1300 гаруй олдворуудаас дээжлэн 100 гаруй зүйлсийг дэлгэн үзүүлж буй юм.

Үзэсгэлэн 2015 оны 04 дүгээр сарын 28-наас 05 дугаар сарын 28-ны өдрүүдэд Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд болно.

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

Recommended Posts