Нийсэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр Нийслэлийн Соёл, урлагийн газар, ШУА-ийн археологийн хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлж буй “Туулын хар түнэ” археологийн судалгааны төслийн явцтай Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ж.Сандагсүрэн, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү, Хан-уул дүүргийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин нийслэлийн Соёл, урлагийн газрын Соёлын хэлтсийн дарга С.Дэлгэрмаа, НЗДТГ, НСУГ-ын мэрэгжилтнүүд 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр газар дээр нь очиж танилцлаа.

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт орших түргэний голын киданы үеийн балгас буюу судлаачдын үзэж буйгаар “Ван хааны туулын хар түнийн орд” нь дундад зууны үеийн археологийн дурсгал бөгөөд уг дурсгалыг малтан судалснаар архитектурын онцлог, он цаг, хамрах хүрээг тогтоон, хамгаалах арга зүйг боловсруулж, соёлын өв, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох олон талт ажлыг хэрэгжүүлэх зорилготой юм.  Тус судалгааны ажил 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр эхэлсэн бөгөөд одоогоор 70 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байна.

            Судалгааны үр дүнд дурсгалын агаарын зургийг авч, нарийвчилсан хэмжилт, хотын туурийн хэрэм болон түүний дотор орших төв барилга, жижиг барилга байгууламжуудын бүтэц, рельефийг харуулсан дэвсгэр зургийг хийж, хотын хэрэмний хэсэгт бүтэц, он цагийг тодорхойлох зорилгоор 2 х 26 м сувгийн малтлага гүйцэтгэж, 4 м өргөн, 70 см өндөр шавар үелэн дагтаршуулсан шороон хэрэм, түүний гадна талаар 4 м өргөн, 60 см гүн сувагтай байгааг тогтоосон байна. Уг сувгийг ус нэвчихээс сэргийлэн улаан өнгийн шавраар нямбайлан доторлосон нь хэрмийн гадуур ус зайлуулах суваг зориуд хийсэн инженерийн байгууламж болохыг илтгэж байна. Хэрмийн дотор талд мал, амьтны ясны хаягдал бүхий нүх илэрсэн нь лабораторийн нарийвчилсан шинжилгээ хийх, хэрмийн он цагийг баттай тогтоох чухал хэрэглэгдэхүүн болж байна .

Уг ордны туурь нь шороон хэрэмний ерөнхий тэг, чиглэлтэй давхцахгүй байгаа нь өөр цаг үед холбогдохыг шууд илэрхийлж байна.

 Ордныг байгуулсан шороон суурь нь 34 х 18.5 м хэмжээтэй, тэгш өнцөгт хэлбэртэй бөгөөд цайвар өнгийн шавар дагтаршуулан дэлдэж 2.5 м өндөр шороон тавцан үүсгэн, шатаасан тоосгоор нямбайлан шалласан болохыг тодорхойлсон байна.

Шалны тоосгон өрлөгөөс үзэхэд уг барилга нь үүдний угтах хэсэг болон хэд хэдэн томоохон тасалгаанаас бүрдэх бөгөөд барилгын материал болох дээврийн ваар, нүүр ваар, тоосго, барилгын гоёл чимэглэл багагүй илэрч байгаа нь нарийн мэргэжлийн урчуудын оролцоотой, инженерийн хэмжилт тооцоо, төлөвлөлтийн дагуу баригдсан архитекторын уран тансаг шийдэлтэй, гоёмсог хийцтэй ордон байсныг илэрхийлж байна.

 Малтлагын явцад ордны шалыг тоосгоор шахаж хийснээс гадна хээ чимэглэл бүхий шигтгэмэл (мозаика) шалны арга зүйгээр үйлдсэн болохыг анх удаа илрүүлсэн нь эрдэм шинжилгээний хувьд ховор тохиолдох баримт хэрэглэгдэхүүн болж байна. Мөн ордны суурийн зүсэлтийн малтлагаар он цаг тогтоох модон байгууламжийн үлдэгдэл илэрч, олдоод байна.

Ордны туурийн орчимд барилгын материалын үлдэгдэл ихээр илэрч буй бөгөөд тэдгээрийн дотор 1000° дээш хэмд хэт шатаасан тоосго, дээврийн ваар зэрэг үйлдвэрлэлийн хаягдал цөөнгүй олдож байгаа нь ордноос холгүй, туул голын савд орон нутгийн түүхий эд ашиглан барилгын материалын үйлдвэрлэл явуулж байсныг шууд гэрчилж байна хэмээн ШУА-ын Археологийн хүрээлэнгийн удирдлага,  судалгааны ажлын багийн зүгээс танилцууллаа.

  Судалгааны ажлын үр дүн ач холбогдолтой танилцсан Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэнгийн зүгээс түүхэн ач холбогдол бүхий тус дурсгалын судалгааны ажлыг цаашид үргэлжлүүлэн хийх, нийслэл орчмын түүх соёлын дурсгалуудыг мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллагын судалгаа шинжилгээн дээр үндэслэн сэргээн засварлаж, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгож эдийн засгийн эргэлтэд оруулах талаар онцгойлон анхаарч, ажлын хэсэг байгуулан нарийвчилсан төлөвлөлт бүхий төслийг ойрын хугацаанд хийж нийслэлийн төсөв болон гадаад, дотоодын төсөл арга хэмжээний  хүрээнд шийдвэрлэх боломжийг судлах талаар холбогдох байгууллагуудад чиглэл өглөө.

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

Recommended Posts