ЗАЙСАН ТОЛГОЙ ДАХЬ ЗӨВЛӨЛТИЙН ДАЙЧДЫН ХӨШӨӨТ ЦОГЦОЛБОРЫГ ЗАСАЖ ДУУСЛАА

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 61 дүгээр тогтоолоор Халхын голын 1939 оны дайны ялалтын 75 жилийн ойг улс орон даяар тэмдэглэхээр шийдвэрлэсэн.
Нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/532 тоот захирамжаар Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын хөшөө цогцолборыг сэргээн засварлах ажлыг 2014 оны 07 дугаар сарын 16 –ны өдрөөс 2014 оны 8 дугаар сар 20-ны өдөр хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэлээ. Гүйцэтгэгчээр “Уран холболт” ХХК.
Засварын ажлаар Зайсан толгойруу өгсөх шат, автомашины зогсоол, Зөвлөлтийн дайчдын алдрыг мөнхлөх хөшөө, хөшөөний дотор талын мазайкан чимэглэлийн засварын ажлыг хийж гүйцэтгээд байгаа бөгөөд хөшөөний урд хэсгийн эгц хадан ирмэгийг хамгаалсан хашааг барьж байгуулсан. Засварын ажлыг дуусгаад 08 дугаар сарын 21-нд албан ёсоор хүлээлгэн өглөө.

Хүрээ нүүдэл аялал амжилттай зохион байгуулагдаж дууслаа

Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 375 жилийн ойн хүрээнд “Их Хүрээ” нүүдэллэн суурьшиж байсан газруудад байгуулсан хөшөө дурсгалын хамгаалалтад үзлэг болон засвар хийх, танин мэдэхүй, түүхэн сэдэвт нэвтрүүлэг, баримтат киноны зураг авалт хийх, аялал жуулчлалын маршрут гаргах зорилгоор Нийслэлийн соёл урлагийн газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар хотын музей, Дүрс бичлэгийн студи гэсэн бүрэлдэхүүнтэйгээр 2013 оны 07 дугаар сарын 30- аас 08 дугаар сарын 08-ыг хүртэл 10 хоногийн хугацаанд амжилттай аялаад ирлээ. Аяллын явцад нийслэл хот суурьшиж байсан газруудад босгосон 16 хөшөөнд сэргээн засварлалт хийж 1 газарт хөшөө босгох шав тавьсан бөгөөд бүх хөшөөний байршлыг GPS-р тогтоож газрын зураг дээр тэмдэглэн аялал жуулчлалын маршрут гаргалаа.

UB Food Festival 2014 болох гэж байна

Дэлхийн томоохон хотуудын иргэдийн хүсэн хүлээдэг фестивалуудын тоонд хоолны фестивалууд байдаг ба гэр бүлүүд, найз нөхөд, хамт олонд зориулагдсан, Улаанбаатар хотын шилдэг ресторан кафенууд, нарийн боов, шингэн хүнс үйлдвэрлэгчид, уух зүйлсийн дистрибюторуудыг сурталчилах таниулах зорилготойгоор анх UB FOOD FESTIVAL-ийг 2013 онд Вива Сити хороолол, М-Си-Эс Пропертийз Холдинг, Грийн Катеринг ХХК-ууд санаачлан Нийслэлийн Соёл Урлагийн газрын дэмжлэгтэйгээр хамтран зохион байгуулж байсан.

Уг фестивальд гэр бүл, хамт олон, найз нөхдөөрөө хүрэлцэн ирсэн иргэдэд Улаанбаатар хотын шилдэг ресторануудын орон орны амтат хоолыг 1000-3000 төгрөгийн үнэтэйгээр амталж, дуу хөгжмийн аянд, цэвэр агаарт цагийг сайхан өнгөрөөж болох тийм л уур амьсгалыг энэхүү фестивалиас мэдрүүлэхийг зорьсон юм.

Өнгөрсөн жилийн фестиваль 2 өдрийн турш болж өнгөрсөн ба 40 гаруй ААН-үүд оролцож давхардсан тоогоор 20.000 хүн үйлчүүлсэн байдаг. Мөн “Facebook”-ийн Sweetkitchen (Buteelchbusguichuudiin group), групптэй хамтран Монголд рекорд тогтоохуйц хамгийн том буюу 3х1 метрийн хэмжээтэй бялууг хийж 1700 зочдод үнэгүй амтлуулсан нь онцлох үйл явдал байсан.
Энэ жил Нийслэлийн 375 жилийн ойд зориулсан “Найрсаг-Улаанбаатар” аянд бид нэгдэн Нийслэлийн Соёл Урлагийн Газар, Вива Сити хороолол, М-Си-Эс Проперти, Грийн Катеринг ХХК-ууд 08 дугаарсарын 16, 17-ны өдрүүдэд “UB Food Festival-2014” арга хэмжээг“ВиваСити” хороололд 2 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулахаар боллоо.

Мөн энэ жилийн арга хэмжээнд Монголын тогооч нарын холбоо, “Facebook”-ийн Sweet kitchen (Buteelchbusguichuudiin group), Гоё Хоолтой Газар Хаана Байна, Taste it. Энийг хар даа! групп, байгууллагууд дэмжин оролцож байна.

“UB Food Festival-2014”хоолны фестивальд Улаанбаатар хотыншилдэг 40 гаруй ресторанууд өөрийн нэрийн хоолыг 1000-3000 төгрөгөөр амтлуулж, ахлах тогооч нарын хоол хийх үзүүлбэр, урлагийн тоглолтууд, бартендер шоу, хөгжөөнт тэмцээнүүд,шилдэг оролцогч рестораныг тодруулах зэрэг олон үйл ажиллагааг хийхээр төлөвлөөд байна.

Зайсан толгой дахь хөшөө дурсгалыг сэргээн засварлана

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 61 дүгээр тогтоолоор Халхын голын 1939 оны дайны ялалтын 75 жилийн ойг улс орон даяар тэмдэглэхээр шийдвэрлэсэн. Ойн ажлын хүрээнд ОХУ-аас хүндэт зочид төлөөлөгчид Улаанбаатар хотноо хүрэлцэн ирэх юм. Тиймээс ойг угтаж халхын голын дайны холбогдолтой хөшөө, дурсгалт газруудыг сэргээн засварлах тохижилтийн ажил нийслэлд өрөж байна. Тохижлтын ажилтай холбоотойгоор Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын хөшөө цогцолборыг сэргээн засварлаж байгаа бөгөөд 2014 оны 8 дугаар сарын 12, 13-ны өдрүүдэд Зайсан толгой орчмын хөдөлгөөнийг түр хугацаанд хаахаар боллоо.

Хүүхдийн найрал дууны бүтээлийн уралдаан зарлагдлаа

Тус газраас Хүүхдийн найрал дууны уламжлал, сургалтыг сайжруулах, хөгжүүлэх, дэмжих, хөгжмийн зохиолчид, уран бүтээлчдийн идэвхи сонирхолыг өрнүүлэх зорилгоор Соёл, Спорт, Аялал жуулчлалын яамны дэмжлэгтэйгээр Монголын хөгжмийн зохиолчид, уран бүтээлчдийн дунд “Хүүхдийн найрал дуунд зориулсан бүтээл”-ийн уралдааныг 06 дугаар сарын 09-нөөс 09 дүгээр сарын 01-ныг хүртэл зарлаад байна.

Уг уралдааныг 9 дүгээр сард дүгнэх бөгөөд шалгарсан  бүтээлийг Нийслэлийн ойн өдрөөр зохион байгууллагддаг Монгол улсын хөдөлмөрийн баатар,Төрийн шагналт, Ардын жүжигчин Дагвын Лувсаншаравын нэрэмжит хүүхдийн найрал дууны уралдааны заавал дуулах дуугаар сонгох юм.

Удирдамж татах

Нийслэлийн соёл урлагийн газрын харьяа байгууллагуудын ажилтан албан хаагчдыг шагнаж урамшууллаа

Өнөөдөр Тулгар төрийн 2223, Их Монгол улсын 808, ардын хувьсгалын 93 жилийн ой, үндэсний их баяр наадмыг угтаж нийслэлийн соёл урлагийн газрын харьяа байгууллагуудын ажилтан албан хаагчдыг шагнаж урамшууллаа. Нийслэлийн Соёл урлагийн газрын Урлаг уран сайхны хэлтсийн дарга М.Мөнхсайханыг Нийслэлийн жуух бичгээр, ССАЖЯ-ны Жуух бичгээр Улаанбаатар хотын төв номын сангийн каталогч Н.Одхүү, Баянзүрх дэх салбарын номын санч Б.Цэцэгмаа, Улаанбаатар чуулгийн дуучин Ж.Буянтогтох, Улаанбаатар чуулгийн кранист Р.Сийлэгмаа, МУЗГ-ын шагнал СТА цол тэмдгээр МШУ-ны хялбаршуулсан баримтат кино бүтээгчдийн нийгэмлэгийн Б.Гантөмөр, Дуу хөгжимийн багш С.Бэрдамба нарыг шагнж урамшууллаа. Цаашдын ажил хөдөлмөрт нь өндөрөөс өндөр амжилтыг хүсье.

PLAYTIME наадмын талаарх мэдээллийг www.playtime.mn цахим хуудаснаас аваарай

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот байгуулагдсаны 375 жилийн ойн хөтөлбөрийн хүрээнд PLAYTIME 2014 амьд хөгжмийн наадам “Найрсаг Улаанбаатар биднээс эхлэнэ!” уриан дор 2014 оны 7-р сарын 19, 20-нд Монгол Шилтгээнд зохион байгуулагдах гэж байна.
PLAYTIME 2014 наадмын хүрээнд Амеркийн “The Pains of Being Pure at Heart”, ОХУ-ын “Мумий Тролль”, Японы “Envy” зэрэг дэлхийн алдарт амьд хөгжмийн хамтлагууд болон  Монголын алдарт “Хонх”, “Нисванис”, “The Lemons”, “Моханик”, “The Colors”, “Vatame”, “The Compass”, “Rec On” зэрэг шинэ, шилдэг 40 гаруй хамтлаг дуучид, DJ оролцож, өөрсдийн уран бүтээлээ толилуулна.
Энэ жилээс эхлэн тус наадам нь “Соёл-Эрдэнэ”, “Давалгаа”, “Нааглихац” гэсэн гурван тайзаар дамжуулан дэлхийн болон Монголын амьд хөгжмийн уран бүтээлчдийг таницуулах юм.
Мөн наадмын талаарх бүхий л мэдээллийг авах боломжтой анхны цахим хуудас www.playtime.mn ашиглалтад орлоо. Цахим хуудсыг “Greensoft” компани боловсруулсан байна.
PLAYTIME 2014 наадам анх удаа VIP zone-ийг оролцогчиддоо санал болгож байгаа бөгөөд тус үйлчилгээгээр дамжуулан оролцогч залуус дэлхийн болон Монголын шилдэг амьд хөгжмийн уран бүтээлчидтэй танилцаж, тэдэнтэй хамт нэгэн оройг ая тухтай орчинд өнгөрүүлэх боломжтой. VIP Zone 1 өдрийн 100,000₮, 2 өдрийн 160,000₮ худалдаалагдах бөгөөд тасалбарын үнэнд өдөр, оройн хоол болон төрөл бүрийн уух зүйлс, тав тухтай орчин, уран бүтээлчидтэй хамт зураг авахуулах үйлчилгээ багтсан.

Үүнээс гадна “REPLAY” буюу наадмын үеэр хотын залуус хог хаягдалаа хэрхэн багасгаж, зөв зохистой ашиглаж, өөрсдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх урлагийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. REPLAY яармаг нь “PlayArt”, “PlayCraft”, “PlayFocus”, “PlayBody”, “PlayKids”, “PlayMerchandise” зэрэг өртөөнөөс бүрдэнэ. Тус яармаг нь наадмын үеэр байгаль орчинг бохирдуулахаас зайлсхийж, хотын залуус болон хамтран ажиллаж буй байгууллага хамт олны Улаанбаатар хотын өнгө үзэмж, төрхийг найрсаг хот болгон хөгжүүлэхэд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилготой.

Наадмын тасалбарыг 2014 оны 7-р сарын 9-ний дотор www.easyticket.mn, Хай-Фай Рекордз салбаруудаар нэг өдрийн тасалбарыг 30,000₮, хоёр өдрийн тасалбарыг 45,000₮, 2014 оны 7-р сарын 18-ны өдөр дотор тасалбар худалдан авсан залуус нэг өдрийн тасалбарыг 35,000₮, хоёр өдрийн тасалбарыг 55,000₮ авах боломжтой. Наадмын үеэр нэг өдрийн тасалбарыг 40,000₮, хоёр өдрийн тасалбарыг 60,000₮ худалдаалана. Бүх тасалбарыг 1900-1199 утасаар үнэгүй хүргэнэ.

Playtime 2014 наадмын албан ёсны ивээн тэтгэгчээр Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, “Боргио” Брэнд, Силк Роуд Базаар, Монхорус, Pepsi, UFC, Interpress, Юнителийн Sons Aппликейшн, G-mobile, наадмын албан ёсны видео хамтрагчаар Green Wizard Entertainment, хөгжмийн техник дугаралтыг Өмнөд Солонгосын ITC solution, Total Music, ShowTech зэрэг компаниуд хариуцаж, мөн Монгол Шилтгээн, Төр Хурах, Easyticket.mn, 1900-1199 утас хамтран ажиллаж байна. Түүнчлэн Hi-Fi Records, Anima Mundi Entertainment болон Palladin ХXК наадмын зохион байгуулагчаар ажиллаж байна

Их хотын залуусын хамгийн том бүжгийн цэнгүүн болно

 

Мянга мянган залуус нэгэн үдэш цагаан хувцасаар жигдэрдэг “Silence white” шоу энэ сарын 12-нд Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнд болох гэж байна. Жилдээ ганцхан удаа болдог энэхүү шоу нь Монголын орчин үеийн хөгжим сонирхогчдын дунд зохиогддог  хамгийн том арга хэмжээ юм.

Энх тайван, эрх чөлөө, эв нэгдэл” уриатай 9 дэх жилдээ зохион байгуулагдах гэж буй энэхүү шоу цэнгүүн нь үндэсний их баяр наадмын хоёр дахь өдөр буюу 07 дугаар сарын 12-нд “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж байна. Өнгөрсөн жил арав гаруй мянган залуус оролцож байсан бол энэ удаагийн үйл ажиллагаанд 15 мянга гаруй залуусыг хамруулахаар зохион байгуулагчид төлөвлөж байна.  Хөгжмийн дугаралтыг олон улсын стандартад нийцүүлэхийн тулд Герман улсаас дуу хөгжмийн болон гэрлийн инженерүүд урьж ажиллуулж байна. Энэ жилийн онцлогийн хувьд хөгжим, загварын хосолсон хөтөлбөртэй байгаагаараа онцлог бөгөөд их хотын залуучуудаас гадна жуулчдын сонирхон оролцодог томоохон шоу цэнгүүн юм.

Тус шоу цэнгүүнийг Нийслэлийн Соёл урлагийн газар, Үндэсний Соёл амралтын хүрээлэн, “Монгол микс прожект” ХХК нар хариуцан зохион байгуулж байна.

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ УРЛАГИЙН ГАЗАР

Сонгодог урлагийн үдшийн цэнгүүн амжилттай зохион байгуулагдлаа

Нийслэлийн 375 жилийн ойг тохиолдуулан, “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрйин хүрээнд Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, Саунд оф Монголиа ХХК хамтран 2014 оны 07 дугаар сарын 07-ны үдэш их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд “Сонгодог урлагийн үдэш” цэнгүүнийг зохион байгууллаа.

Монгол түмний үндэсний их баяр наадмыг угтсан нийслэлчүүддээ “Best Of Classic Open Air” тоглолтыг үнэ төлбөргүй тоглож сонгодог урлагийн гайхимшгийг мэдрүүллээ.

Тус арга хэмжээг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нээж хэлсэн үгэндээ цаашид энэхүү арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар болсон талаархи таатай мэдээллийг нийслэлчүүддээ дуулгасан. Тоглолтод Монголын болон гадаадын сонгодог урлагийн сор болсон бүтээлүүд тоглогдож, иргэдийн сонорыг мялаалаа.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд уран баримлууд баригдаж эхэллээ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн Соёл урлагийн газар, Монголын Дүрслэх урлагийн нэгдсэн холбоо хамтран “Улаанбаатар уран баримал 2014” наадмыг зохион байгуулж байгаа билээ. Тус наадмын эхний шатанд  ирүүлсэн 85 уран баримлаас сонгогдсон 30 бүтээлийг урлах ажлын нээлт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд  эхэллээ. Энэ үеэр уран баримлыг барих явцтай үзэгчид танилцаж саналаа хэлсэн юм. Уран барималч Н.Оргилын “Гэр бүл”, С.Бадралын “Хатан”, Ө.Батжаргалын “Хос хатан”, Ц.Амгалангийн “Морь”, Г.Галбадрахын  “Янгир ямаа 2”, Цогтоо “4 бэрх” зэрэг урлагийн ертөнц, монгол ёс заншил, хайр сэтгэл, эх нутгийн сэдэв бүхий 30 баримал баригдах юм. Мөн хүрдэн дээр ваар эргүүлэх үзүүлбэр, хүүхдийн элсэн баримлын уралдаан, Монголын урчуудын эвлэлийн уран бүтээлчдийн хөрөг зураг зурах тэмцээн, логос амьд хөгжмийн хамтлагийн тоглолт, элсэн дээрх шоу тэмцээн уралдаан 07 дугаар сарын 14-н хүртэл үргэлжилж  дүнгээ гаргана. Үзэгч олон баяр наадмын үеэр Үндэсний хүрээлэнг зорьж,  баримал дээр хүүхэд болон хосуудын гар хөлийн хээг авах, шаазан таваг дээр акрелик, паалангаар гарын хээг гаргах урлагийн үйлчилгээг аван, хонь ямаан дээр зураг зурах үзүүлбэрийг харж, элсэн дээрх тэмцээн уралдаанд оролцон, уран баримал барихыг харж, урлагийн сайхантай танилцан  нүд, сэтгэлээ баясгах боломжтой юм.