Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүрээнд иргэд, наадамчин олондоо зориулан жанжин Д.Сүхбаатарын талбайд урлагийн томоохон үйл ажиллагаануудыг зохион байгуулдаг уламжлалтай билээ. Иргэд наадамчин олондоо зориулан жил бүр уламжлал болгон толилуулдаг “Улаанбаатарын үдэш” роп, попын нэгдсэн тоглолтыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газраас 2017 оны 07 дугаар сарын 11-ний өдөр жанжин Д.Сүхбаатарын талбайд ёслол төгөлдөр зохион байгууллаа.
Энэ удаагийн “Улаанбаатарын үдэш” хүндэтгэлийн тоглолтын найруулагчаар “Фантастик Продакшн”-ы продюсер Ж.Алтаншагай ажилласан бөгөөд 2017 оны youtube дэх хандалтаараа тэргүүлсэн уран бүтээлүүд, тухайлбал “Аьяаслаг монголчууд 2017” шоуны оролцогч Б.Шижирбат, О.Энх-Эрдэнэ, Дуучин Хашигдалай, Зоригт, Баярцэнгэл, Камертон хамтлагийн дуучин Мээдээ, “Киви” хамтлагийн дуучин Ука, Люмино хамтлаг, Харанга хамтлагийн дуучин, МУГЖ Х.Лхагвасүрэн, Aim4r продакшн, “Яг түүн шиг” шоуны шилдэг оролцогч С.Гантогоо зэрэг олон арван уран бүтээлчдийг оролцууллаа.
Тоглолтыг нээж Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга М.Отгонбаяр нээж үг хэлсэн бөгөөд тайзны зохион байгуулалтын багт “Д лайт” ХХК, “Лед” ХХК зэрэг байгууллагууд хамтран ажиллалаа.
Дашрамд дуулгахад залуу уран бүтээлчид маань хамтран Үндэсний их баяр наадмын хүрээнд зохион байгуулагдаж буй энэхүү цэнгүүнээр уламжлан “Улаанбаатар минь” шинэ уран бүтээлээ нийслэлчүүддээ зориулан бүтээсанд талархал илэрхийлье.
НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР
//