НИТХ-ын хуралдаанаар энэ сарын 29-нд тохиох эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Монголчуудын тусгаар тогтнол, эв нэгдэл, төр шашны хөгжлийн төлөө тэмцэгч, VIII Богд Жавзундамба хутагтын хөшөөг бүтээж, Чингэлтэй дүүрийн V хорооны нутаг дэвсгэр дэх Тусгаар тогтнолын талбайд байршуулахаар төлөвлөжээ.
Энэхүү ажлыг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга, Улаанбаатар хотын ерөнхий архитектор Н.Нацагдорж нийслэлийн удирдлагуудад танилцуулжээ.
VIII Богд Жавзундамба хутагтыг (1867-1924) үндэсний эрх чөлөөний хувьсгалыг чиглүүлэн залж, ялалтад хүргэсэн, 1911 оны 12 сарын 29-нд Монголын Тусгаар тогтнолыг сэргээн, дэлхий дахинаа тунхагласан хэмээн түүхэнд тэмдэглэн үлдээсэн байдаг.
Тэрээр Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг удирдан манлайлж, Манжийн дарлалаас салгаж, тусгаар улс болгож чадсан,  Монголчуудын оюун ухааны их удирдагч байсан гэж түүх судлаачид үздэг.  1911 оны цагаагчин гахай жилд Монголчууд Үндэсний тусгаар тогтнолоо зарлаж, VIII Богдыг Монгол улсын шашин төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт хаант өргөмжилж өвлийн дунд сарын шиний есөн буюу аргын тооллын 1911 оны арванхоёр дугаар сарын 29-нд тусгаар тогтносон Богд хаант Монгол улсыг байгуулсан юм.

Recommended Posts