Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу 6 дугаар сарын 1-нд Чингис хааны нэрэмжит талбайд “Хүүхдийн баяр” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. Арга хэмжээг Нийслэлийн Иргэдийн хурлын дарга Баттулга нээж, Монгол Улсын ерөнхий сайд Алтанхуяг хүүхэд багачуудад баяр хүргэн мэндчигээ дэвшүүлэв. Нээлтийн үйл ажиллагаанд Улсын их хурлын гишүүд болон Нийслэлийн удирдлагууд, НҮБ-ийн хүүхдийн сангийн суурин төлөөлөгч, “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын суурин төлөөлөгч, “Save children” олон улсын байгууллагын захирал нар хүрэлцэн ирэв.

Энэ жилийн баяр  нь тайз засал, декораци, талбайн чимэглэлийн хувьд онцлогтойгоор зохион байгуулагдлаа. Чингис хааны талбайг тойруулан 12 жилийн амьтдыг байрлуулсан бөгөөд тэдгээрт өртөө удирдагч багш болон чиглүүлэгчид ажиллаж, уралдаан тэмцээн зохион байгуулах, талбайд цугласан хүүхэд багачуудыг баярлуулах идэвхжүүлэлтийн ажлыг гүйцэтгэж ажиллав.

Төв тайзан дээр урлагийн тоглолт 11 цагаас 16 хүртэл тоглогдсон бөгөөд тоглолтонд МУГЖ В.Долгор болон Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид, Монголын Хүүхдийн ордон, Хөгжим бүжгийн коллеж, Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлагууд /5,84,39 –р сургууль/, БЗД-ийн Соёлын ордны “Гэгээн алсын одод” уралдаанд амжилттай оролцсон сурагчид, Бонгын найзууд, Диснейн найзууд, нийт 350 гаруй уран бүтээлчид болон авъяаслаг багачууд оролцож, талбайд цулгарсан хүүхэд багачууд, иргэдээ баярлууллаа.

Мөн талбайн урд хэсгээр асаруудыг нэгдсэн журмаар  байрлуулан, худалдаа үйлчилгээг явуулж, талбайн 2 талын автомашины хөдөлгөөний урсгалыг хаан хүүхэд багачууд, иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллаа.

Энэ удаагийн хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн нэгдсэн арга хэмжээ нь төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлж ажилласнаараа онцлог байлаа.

 

 

 

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ УРЛАГИЙН ГАЗАР

Recommended Posts