Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын зааж байгаа хичээлийнхээ хүрээнд сурагчдыг зөв зан чанарт сургах, хотын соёлд суурь өөрчлөлт хийх боломжийг гаргах зорилгоор “Зөв зан чанар-Хотын соёл” илтгэлийн уралдааныг зарласан.
“Өөрчлөлтийг чиглүүлэгч төв” ТББ-аас санаачлан Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Боловсролын газрын дэмжлэгтэйгээр хамтран Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын дунд “Зөв зан чанар – Хотын соёл” илтгэлийн уралдааныг сургууль, дүүрэг, нийслэл гэсэн 3 үе шаттайгаар зохион байгуулав.
Уг уралдаанд нийт 202 илтгэл ирсэн бөгөөд гурав дахь шатны шалгаруулалт буюу нийслэлийн хэмжээний шалгаруулалтыг 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулж шалгарсан 26 илтгэл хэлэлцэгдсэнээс 76 дугаар сургуулийн физикийн багш Н.Дүүрэнхундага нэгдүгээр байр, Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн химийн багш Б.Мөнхтуяа хоёрдугаар байр, 11 дүгээр сургуулийн монгол хэл уран зохиолын багш Ц.Март гуравдугаар байр эзэлж, өргөмжлөл, мөнгөн шагнал хүртсэн.
Шагналт байр эзэлсэн багш нарын туршлага, хичээлийн агуулгаар ирэх хичээлийн жилээс эхлэн сургалтын хөтөлбөрт оруулах талаар судалж хэрэгжүүлэхээр зохион байгуулагчид тохиролцов. Багш нарын дундахх илтгэлийн уралдааны санхүүгийн асуудлыг шийдвэрлэж, их хотын соёлд хувь нэмрээ оруулсан “Өөрчлөлтийг чиглүүлэгч төв” ТББ-ын хамт олондоо цаашдын нь ажил, хөдөлмөрт өндөр амжилт хүсэн ерөөе.
НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР
//