Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Оросын Армийн А.В.Александровын нэрэмжит дуу, бүжгийн эрдмийн чуулга 08 дугаар сарын 27,28-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод бүрэн хэмжээний тоглолтоо хийх болсон тухай бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл ОХУ-ын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Хойд Осетын Ардын жүжигчин, Уран сайхны удирдаач, Хурандаа Геннадий Саченкюкээр ахлуулсан 132 хүний бүрэлдэхүүнтэй баг хоёр өдрийн турш Соёлын төв өргөө болон Д.Сүхбаатарын талбайд амжилттай тоглолоо.

Тэртээх 1928 оны 10 дугаар сарын 12-нд байгуулагдсан тус чуулгын найрал дуу нь дэлхийн шилдэг найрал дууны нэгээр тэмдэглэгдсэн бөгөөд найрал дууны жигдрэл, академик хоолойн тод сэтгэл хөдөлгөсөн цэвэр дуугаралт нь ардын уран бүтээлийн онцлогийг харуулж өндөр чадамжийг илэрхийлж байдаг бөгөөд нийт 2000 гаруй урын сантай, дэлхийд алдартай чуулгын зохион байгуулагч болон анхны хөгжмийн удирдаач нь найрал дууны агуу удирдаач, хөгжмийн зохиолч, Москвагийн Консерваторын профессор, ЗХУ-ын Ардын жүжигчин, ЗХУ-ын урлагийн гавьяат зүтгэлтэн, орчин цагийн Орос болон ЗХУ-ын төрийн дууллын хөгжмийн зохиолч хошууч генерал Александр Васильевич Александр юм. Ийнхүү дэлхийд алдартай эрдмийн чуулгын тоглолтуудыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулах ажлыг нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Батлан Хамгаалах Яамтай хамтран нийслэлийн Соёл, урлагийн газрын хамт олон бид амжилттай зохион байгууллаа.

Та бүхэндээ Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн мэнд дэвшүүлье.

Recommended Posts