Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/409 захирамжийн дагуу Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг удирдан “Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг 67 дахь жилдээ амжилттай тэмдэглэн өнгөрүүллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 60 дугаар зарлигийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас Хүүхдийн эрх аюулгүй байдлыг хангах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор “2019-2020 оныг Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарласны хүрээнд тус баярын өдөр хүүхдийн эрхийг хүндэтгэх, хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлээр тайзны зүүн талд засагдсан асрууд Төрийн болон төрийн бус байгууллагууд мэдээлэл сурталчилгааг олон нийтэд хүргэсэн.

Тус өдрийн төв талбайн үйл ажиллагааг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Гэр бүл, Хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монгол Улсын Хүүхэлдэйн театр хамтран “Монгол хүүхдүүд” сэдвийн хүрээнд 11:00-17:00 цагийн хооронд зохион байгууллаа.

Баярын нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх, УИХ, Засгийн газрын гишүүд, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Р.Дагва, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн С.Амарсайхан болон нийслэлийн иргэдийн хурлын Тэргүүлэгч, Төлөөлөгчид, нийслэлийн төр захиргааны байгууллагуудын удирдлагууд, хүүхэд, гэр бүлийн чиглэлээр үйл ажиллагаагаа эрхэлдэг төрийн болон төрийн бус байгууллагууд, олон улсын байгууллагуудын удирдлагууд, төлөөлөл, иргэд, хүүхэд багачууд оролцлоо.

Энэ жилийн хүүхдийн баярын нэгдсэн үйл ажиллагааны тоглолтонд нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, байгууллагуудын 1500 орчим уран бүтээлчид, авьяаслаг хүүхэд багачууд оролцож тайзнаа уран бүтээлээ үзүүллээ. Мөн Д.Сүхбаатарын хөшөөний баруун болон зүүн талуудад байрласан асруудад Монголын үндэсний үйлдвэрлэгчид өөрсдийн үзэсгэлэн худалдаагаа гаргаж, төрийн болон олон нийт, хувийн хэвшлийн байгууллагуудаас хүүхдийн өөрийн оролцоонд суурилсан уралдаан наадам, хөгжөөнт тоглоом, хүүхдийн эрхийн талаарх мэдээлэл, сурталчилгаа хийж үйл ажиллагаа явуулсан юм. Түүнчлэн баярын нэгдсэн үйл ажиллагаа, хүндэтгэлийн тоглолтыг Монголын Үндэсний Олон Нийтийн телевиз, UBS телевиз орон даяар шууд дамжуулж үзэгчдэд хүргэсэн билээ.

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

IMG_4666

1 3 2 4 54

Recommended Posts