Нийслэлийн Соёл, урлагийн газрын харьяа байгууллагуудын удирдах ажилтнууд болон дүүргүүдийн соёлын асуудал хариуцсан мэргэжилтнүүдийн ээлжит шуурхай хурал өнөөдөр буюу 11 дүгээр сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн соёлын ордонд боллоо.

Шуурхай зөвлөгөөнөөр НСУГ-аас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, аян болон зохион байгуулж буй үйл ажиллагааны мэдээллээ хийж, харьяа байгууллагууд 2019 оны 11 дүгээр сар хүртэл хийж, хэрэгжүүлсэн ажлууд болон цаашид шийдвэрлэх шаардлагатай тулгамдсан асуудлуудын тухай танилцууллаа.

2019 оны хувьд Нийслэлийн Соёл, урлагийн газраас их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн их засвар, номын сангийн үйлчилгээний RFID технологийн хөрөнгө оруулалт, Улаанбаатар хотын музейн барилгыг сэргээн засварлах зураг төсөв, Соёлын төв өргөөний барилгын дээврийн их засвар болон хөгжим техникийг шинэчлэх ажил, Багануур, Сонгинохайрхан дүүргүүд дэх Соёлын ордны шинэ барилгын ажил, Чингэлтэй дүүргийн Соёлын ордны газрыг шийдвэрлэн ажиллаж байгаагийн зэрэгцээ “Соёлын үйлдвэрлэл”, “Соёлын өвд ээлтэй Улаанбаатар” зэрэг дэд хөтөлбөр, “Хотын соёл”, “Оюуны өмчийг дээдлэгч Улаанбаатар хот” зэрэг аяныг хэрэгжүүлэн ажиллаж байгаа талаар НСУГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ч.Бат-Эрдэнэ болон тус газрын Урлагийн хэлтсийн дарга Э.Цэнд-Аюуш нар мэдээлэл хийлээ.

Зөвлөгөөний үеэр Нийслэлийн Соёл, урлагийн байгууллагуудын жилийн ажлын тайлант өдөрлөгийг зохион байгуулах болон цаг үеийн холбогдолтой бусад ажлуудыг шуурхай шийдвэрлэж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Recommended Posts