Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны “Номын баярын өдөр тэмдэглэх” тухай 158 дугаар зарлигийн дагуу “Номын баяр 2020” арга хэмжээг 09 дүгээр сарын 18-наас 09 дүгээр сарын 20-ний өдрүүдэд “Хязгаар үгүй-НОМ-сэтгэлгээний эрх чөлөө” уриан дор 28 дахь удаагаа Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдлаа.

Нээлтийн үйл ажиллагаанд Улсын их хурлын дарга Г.Занданшатар, Соёлын сайд С.Чулуун, ЗГХА, Соёл, урлагийн газрын дарга Ц.Нацагдолгор болон Ардын уран зохиолчид, МЗЭ-ийн шагналт, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолчид оролцлоо.

“Номын баяр”-т 100 гаруй аж ахуйн нэгж, 300 гаруй зохиолч, хэвлэн нийтлэгчид оролцсон бөгөөд өөрсдийн ном, бүтээлийг 20-50%-ийн хөнгөлөлттэй үнээр худалдаалснаас гадна ард иргэд, хүүхэд залуучуудыг номтой нөхөрлүүлэх, эерэг хандлагыг бий болгох, ном хэвлэлийн салбарын үйл ажиллагааг сурталчлах, нийтийн уншлагыг дэмжих зорилгоор ‘Ном бид хоёр’ бүх нийтийн хөдөлгөөн, ном солилцоо,  зохиолч уншигчдын уулзалт, сургалт лекц, хүүхдэд зориулсан хөтөлбөр, шинэ номын танилцуулга, уран уншлага, хуучин болон ховор номын худалдаа, номын баатруудын театрчилсан тоглолт, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан брайл номын үйлчилгээ, мөн ном, хэвлэлийн салбарын өнөөгийн байдал, ирээдүйн хөгжлийн асуудлаар болон утга, зохиол шүүмж судлалыг хөгжүүлэх чиглэлээр нэвтрүүлэг, хэлэлцүүлэг зэрэг олон талт үйл ажиллагаануудыг зохион байгууллаа.

Номын баярын ерөнхий зохион байгуулагчаар: Соёлын яам, ЗГХА, Соёл Урлагийн Газар, нийслэлийн Засаг даргын даргын Тамгын газар, Нийслэлийн соёл, урлагийн газар, “Номын соёлт ертөнц” ТББ, Хамтран зохион байгуулагчаар: Монгол улсын Үндэсний номын сан, Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, Монголын Зохиолчдын Эвлэл, Хүүхдийн төв номын сан, их дээд болон ерөнхий боловсрол, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, хэвлэх үйлдвэрүүдийн холбоо ажиллалаа.

Мөн Соёлын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулж буй “Соёлын цаг” аяны хүрээнд “Номын баяр-Танай дүүрэгт-Таны дэргэд” уриан дор нийслэлийн 9 дүүрэгт номын баярын үйл ажиллагаа 9 дүгээр  сарын 21, 22-ны  өдрүүдэд хуваарийн дагуу үргэлжилж байна.

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

Recommended Posts