НИЙСЛЭЛИЙН СОЁЛ УРЛАГИЙН ГАЗРЫН
ТАНИЛЦУУЛГА
БНМАУ-ын Бага хурлын Сайд нарын Зөвлөлийн 1937 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 12 дугаар хурлаар Улаанбаатар хотыг захирах яамны дүрмийг шинэчлэн баталж, дүрмийн 4 дүгээр бүлэгт тус яамны зохион байгуулалт, бүтцийг батлахдаа Ардын соёл, боловсролын хэлтэс байхаар тогтоож, уг хэлтэст урлагийн төлөөлөгч гэсэн орон тоог баталсанаар тус газрын анхны эх үүсвэр нь тавигдсан юм.
Сайд нарын Зөвлөлийн 1958 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 36 дугаар тогтоолоор Соёлын хэлтсийг байгуулж мөн Сайд нарын Зөвлөлийн 1961 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 601 дүгээр тогтоолоор Соёлын хэлтсийг татан буулгаж, Сайд нарын Зөвлөлийн 1962 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 301 дүгээр тогтоолоор хотын захиргаанд Соёлын хэлтсийг дахин байгуулсан.
Соёлын хэлтэс нь соёлын хоёр мэргэжилтэнтэйгээр үйл ажиллагаагаа тасралтгүй үргэлжлүүлж байгаад 1989 онд 5 хүний орон тоотой ажиллаж байгаад,1996 оноос Монгол Улсын Засгийн газрын 263 дугаар тогтоолыг үндэслэн Нийслэлийн Засаг Даргын 1997 оны 1 дүгээр сарын Б/18 тоот захирамжийн дагуу Нийслэлийн хүн амд үзүүлэх соёлын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, уран сайхны боловсролыг нь дээшлүүлэх, соёл урлагийг хөгжүүлэх, үндэсний уламжлалт соёлыг өвлүүлэн эзэмшүүлэх соёлын олон талт үйл ажиллагаа явуулах үүрэг бүхий Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Соёлын газар болон шинэчлэгдэн зохион байгуулагдсан юм.
2005 онд Монгол Улсын Засгийн газрын 15 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2005 оны 22 дугаар захирамжаар Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар болон өөрчлөгдөж 7 орон тоо, бүтэцтэйгээр үйл ажиллагаа явуулах болсон.
Соёл урлагийн газар нь 2011 – 2013 он хүртэл 12 орон тоотой ажиллаж байгаад Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захиалагчийн ажлын албаны бүтэц батлах тухай Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 190 дүгээр тогтоолоор Нийслэлийн Засаг дарга эрхлэх асуудлынхаа хүрээнд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Соёл урлагийн газар гэж дахин энэ нэрээр батлагдсан юм.
Соёл, урлагийн газар нь Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагийн статустайгаар нийслэлийн хэмжээнд иргэдэд соёл урлагаар үйлчлэх бүхий л талын харилцааг зохицуулах, орон нутгийн хэмжээнд соёл урлагийн удирдлага, зохион байгуулалтыг хангах, соёл, урлагийн үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, тус салбарын хүрээнд мөрдөж ажиллах эрх зүйн болон зохицуулалтын шинж чанартай баримт бичгүүдийг боловсруулах, хэрэгжүүлэх үндсэн үйл ажиллагааг эрхэлдэг.
Тус газар нь өдгөө Захиргаа удирдлагын хэлтэс, Соёлын хэлтэс, Урлагийн хэлтэс гэсэн нэгжтэй 14 хүний бүрэлдэхүүнтэй, харьяа 11 байгууллагатайгаар үйл ажиллагаа явуулж байна.