Соёл, урлаг бол нийгмийг сайн сайхан байлгах, иргэдийг соёлжуулах, гэгээрүүлэх нийгмийн чухал салбар юм. Энэхүү салбарт хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа нэгэн эрхэм бол Монгол улсын Соёлын гавъяат зүтгэлтэн С.Цогтбаяр билээ.

Энэхүү эрхэмийн авъяас, үзэл бодол, туршлага, мэдлэг чадвар нь монголын соёл, урлагийн салбарт үнэлэгдэхүйц нэгэн. Тийм ч учраас шог зураач С.Цогтбаярыг Нийслэлийн Соёл урлагийн газрын зөвлөхөөр ажиллах хүсэлт гаргасныг тэрээр талархан хүлээн авсан юм.

Нийслэлийн Соёл урлагийн газар нь шинэчлэлийн Засгийн газрын болон Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хотыг хөгжүүлэх, хотын соёлыг төлөвшүүлэх, хүний хөгжлийг дээдлэн шинэлэг хэлбэрээр ажиллахаар төлөвлөж байгаа бөгөөд шог зураач С.Цогтбаярын зөвлөгөөгөөр амжилттай ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Самандарын Цогтбаяр нь 1964 онд Улаанбаатар хотод мэндэлсэн. Аж байдлын болон улс төр, уянгын болон хүүрнэл хошин хэлбэрээр уран бүтээлээ туурвидаг чөлөөт уран бүтээлч бөгөөд түүнийг шог зураач Цогтбаяр, “Тоншуул”-ын Цогтбаяр гэдгээр нь илүү нэрлэдэг билээ.

С.Цогтбаяр “Учиртай инээд”, “Төрийн төлөө оготно”, “Шог зургууд” зэрэг шог зургийн олон ном хэвлэн гаргаж нийтийн хүртээл болгожээ. С.Цогтбаяр 1980-аад оноос “Тоншуул” сэтгүүлийг эрхлэн гаргах болсон.

С.Цогтбаяр олон улсын томоохон уралдаан, тэмцээнүүдэд  байнга оролцож дэлхийд Монголын нэрийг дуурсгаж байгаа шог зураач юм.

Recommended Posts