Хүүхдийн найрал дууны уралдаант наадмын тухай мэдээлэл

 

“Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах уралдаан”- ыг анх 1993 оноос Нийслэлийн Соёл урлагийн газрын санаачлагаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн.

Хүүхдийн найрал дууны уралдааныг Монголын Урлагийн ажилтны холбооны санаачлагаар 2005 оноос эхлэн Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, Хөгжмийн зохиолч, нэрт хормейстер Д.Лувсаншаравын нэрэмжит болгосон. Уралдаануудад нийслэлийн дүүргүүдийн ерөнхий боловсролын сургуулиудаас гадна Дархан, Эрдэнэт хотуудаас, мөн ОХУ-ын Буриад улсын Улан-Үд, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын хүүхдийн найрал дууны хамтлагууд ач холбогдол өгч оролцдог нь энэхүү уралдааны хүрээ жилээс жилд өргөжин тэлж буйтай холбоотой.

Нийслэл хот үүсгэн байгуулагдсаны 374 жилийн ойд зориулан 21 дэх жилийнхээ ойг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор “Хүүхдийн найрал дууны уралдаант наадам” болгон зохион байгуулж 9 дүүргийн ЕБС-дын дуу хөгжмийн багш нар, 90 гаруй сургуулийн найрал дууны 6000 гаруй хүүхдүүд болон Хөгжим бүжгийн коллеж, Монголын Хүүхдийн ордон, Орос Монголын хамтарсан 3-р сургууль, 116-р тусгай дунд сургууль, Нийслэлийн 42-р цэцэрлэгийн багачууд, зэрэг найрал дуучид наадамд оролцож найрал дууны гайхамшгийг мэдрүүлэх болно.

Энэ жилийн зохион байгуулалтын хувьд 10 дугаар сарын 09-11 ний өдрүүдэд дүүргүүдэд анхан шатны шалгаруулалтыг зохион байгуулж буй бөгөөд, дүүрэг бүрээс тус бүр 3 шилдэг хамтлаг шалгарч төгсгөлийн шатны шалгаруулалтад оролцоно. Төгсөлийн шатны шалгаруулалтыг 10 дугаар сарын 23-ны өдөр Монголын Хүүхдийн ордонд зохион байгуулж, шилдэг хамтлаг, номерыг Нийслэлийн 374 жилийн ойн өдөр буюу 10 дугаар сарын 29-ний өдөр Соёлын төв өргөөнд болох Хүүхдийн найрал дууны наадмын үйл ажиллагаанд оролцуулах болно. Найрул дууны уралдааны хувьд өмнөх жилүүдийг бодвол шагналын сан өссөн байгаа. Тухайлбал Нэгдүгээр байр 2 сая төгрөг, 2 байр 1.5 сая, 3 байр 1 сая төгрөг болж өссөн. Өмнөх жилүүдэд нэгдүгээр байрны шагнал 600.000 байсан.

Энэ удаагийн уралдаанд ОХУ-ын Буриад улсын Улан-Үд хотын Чайковскигийн нэрэмжит Хөгжмийн коллежийн Найрал дууны удирдаачийн тэнхимийн эрхлэгч хатагтай Полякова Ольга Николаевна урилгаар шүүгчийн бүрэлдэхүүнд орж ажиллаж байгаа.

Наадмын үеэр МУ-ын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, Хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравт хүндэтгэл үзүүлэх ба хүүхдийн дуу дуулаач МУГЖ В.Долгор болон бусад уран бүтээлчид найрал дуучин хүүхдүүд, бусад уран бүтээлчид хүүхдүүдийн хамт 1950-аад оноос хойш зохиогдсон хүүхдийн шилдэг дуунуудаар ая дуугаа өргөх болно.

2012.10.29-ний өдөр Соёлын төв өргөөний тайзнаа найрал дууны гайхамшгаар нийслэл хотын 374 жилийн төрсөн өдөрт зориулсан хүндэтгэлийн концерт болох бөгөөд хүүхдүүдийн цангинасан хоолойгоор найрал дууны гайхамшигийг мэдрүүлэн нийслэлийнхээ ойд бэлэг барих болно.

Нийслэлийн удирдлагуудаас хүүхэд бүрийн авъяасыг хөгжүүлэх тал дээр ихээхэн анхаарч буй бөгөөд найрал дууны наадмыг жил бүрийн нийслэлийн ойн өдрийн хамгийн чухал үйл ажиллагаа хэмээн тооцож буй нь соёл, урлагийн салбар, тэр дундаа хүүхдүүдийн урлагийн авъяасыг дэмжиж буй ач холбогдолтой гэж үзэж байна.

Тайзан дээрхи найрал дуучид хүүхдүүдээс гадна үзэгчидтэйгээ хамтаар найрал дууг дуулж, найрал дуугаар амьсгалсан нийслэл хотын төсрсөн өдрийг хамтдаа өнгөрүүлэхийг урьж байна.

Найрал дууны уралдаан нь зөвхөн уралдаан төдийхнөөр үр дүн нь хэмжигддэгүй. ЕБС- иудын хөгжмийн хичээлийн сургалтын түвшин, багшийн ур чадварыг сорьж байдгаараа нэг ёсны хөгжмийн хичээлийн олимпиад болдог. Энэ ч утгаараа багш нарын ур чадварыг сорьдог онцлогтой. Найрал дуу нь хүүхэд багачуудыг хамт олноор ажиллах чадварт сургах, гоо зүй, урлагийн боловсролыг нь дээшлэх, урлагаар дамжуулан хүүхдүүдийг хүмүүжүүлэхэд чухал үүрэгтэй урлагийн төрөл билээ.

Хамтран зохион байгуулагчаар: Нийслэлийн Боловсролын газар, Хөгжим бүжгийн коллеж, Монголын хүүхдийн ордон.

Recommended Posts