“Улаанбаатарын мөнгөн шөнө ” Нийслэлийн шинэ жилийн баярын цэнгүүн амжилттай болж өндөрлөлөө .  Энэхүү цэнгүүнд урлаг соёлын 50 гаруй уран бүтээлчид ая дуугаа өргөж, он солигдох мөчийг нийслэлийн удирдлагууд,  иргэд хамтдаа угтсан юм.  Харин энэ үеэр галын аюулгүй байдлыг хангах зорилгоор Чингисийн талбайд галын автомашин байрлан ажилласан бол нийслэлийн Замын цагдаагийн газраас цэнгүүнд ирэх иргэдийн автомашинуудыг байрлуулах талбайг зохицуулж,  зам чөлөөлөх, хөдөлгөөний нягтралыг сааруулах зэрэг ажлыг зохион байгуулж байлаа. Шинэ жилийн цэнгүүнд ирсэн иргэд автомашинаа Улсын драмын эрдмийн театрын урд талбайд болоод Спортын төв ордон болон Хангарьд ордны зогсоолд үнэ төлбөргүй тавьсан юм. Цэнгүүний үеэр  төв талбайд цугласан иргэддээ зориулан Чингисийн талбайгаас  20 чиглэлд 23 нийтийн тээвэр 00.30 цагаас эхлэн иргэдэд үйлчилж тус автобуснууд нь Чингисийн талбайн баруун талд, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын урд буюу А зогсоол, Чингисийн талбайн урд В зогсоол, Чингисийн талбайн зүүн талд буюу Соёлын төв өргөөний урд С зогсоолоос  иргэдэд үйлчилсэн бөгөөд  талбайн 6 хэсэгт төвийн 6 дүүргээс хариуцан иргэдэд халуун аарц, ундаагаар үйлчлэх цэгүүдийг тус тус ажиллуулсан юм. Ийнхүү нийслэлчүүд хуучин оноо үдэж шинэ оноо угтах баярын цэнгүүн сайхан болж өндөрлөлөө.

Recommended Posts