Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, нэрт хөгжмийн зохиолч Дагвын Лувсаншарав 87 насандаа таалал төгсчээ. Тэрээр 2014 оны тавдугаар сарын 25-ны өдөр таалал төгслөө.

Түүний амьдрал уран бүтээл нь Монголын соёл урлагийн түүхийг өгүүлэх билээ.

Дагвын Лувсаншарав 1927 оны зургадугаар сарын 1-нд Хэнтий аймгийн Баянхутаг сумын нутаг Зүүн хашаатын яндаг худаг гэдэг газар төржээ. Д.Лувсаншарав бичиг үсгийн багш, жолоочийн ажил хийж яваад 1942 онд Хэнтий аймгийн клубт орж хөгжимчин, жүжигчин, найруулагчаар ажиллав. Энэ бүхэн түүний авьяас хөгжих сургууль болжээ.

Тэрээр “Хан бүргэд”, Шивээ хиагт, “Нүцгэн ноён”, “Ард Аюуш” дууриуд, “Бөртэ чоно”, “Нарны домог” бүжгэн жүжиг, “Цэцэг нуурын хөвөөнд”, “Алдагдсан тамга”, “Их авхай” тэргүүт жүжгүүд, “Аман хуур”, “Нүгэл буян”, “Төөрсөөр төрөлдөө” зэрэг 20 гаруй кино, “Үйлсийн сайхан Улаанбаатар”, “Хурдан зээрд”, “Дурлал хайрыг минь дамжуулаарай” зэрэг 200 гаруй дууны аялгуугаар Монголын урлагийн түүхийн хуудсыг нэмсэн төдийгүй Монгол улсад найрал дууг хөгжүүлэх үндэс суурийг тавьсан гавьяатан юм.  Хүүхдийн “Сүлд” дуу болтлоо дуулагдаж буй “Маамуу нааш ир”-ийг Монголын багачууд хэлд орсон цагаасаа дуулж эхэлснээс хойш 57 оныг үджээ,  Тиймээс нийслэлийн Засаг даргын ивээл дор жил бүр зохион байгуулдаг “Хүүхдийн найрал дууны наадам”-ыг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин хөгжмийн зохиолч  Дагвын Лувсаншаравын нэрэмжит болгон тэмдэглэж ирсэн юм. Хөгжмийн нэрт зохиолч, найрал дууны удирдаач Д.Лувсаншаравын монголын хөгжмийн урлагт оруулсан хувь нэмрийг үнэлж түүнд 1953 онд Улсын гавьяат жүжигчин, 1963 онд Төрийн шагнал /”Хэрлэн” дуу, “Эх орон бат оршиг” магтуу зохиосон тул/, 1981 онд Ардын жүжигчин цол, 2000 онд Хөдөлмөрийн баатар цол хүртээсэн байна.

Д.Лувсаншарав агсны гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд  нь гүн эмгэнэл илэрхийлье.

 

Recommended Posts