Жил бүрийн 6 дугаар сарын эхний долоо хоногийн бямба гарагийг бүх нийтээр биеийн тамир, спортыг дэмжих, “Автомашингүй өдөр” болгон “Улаанбаатар-Марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай. Монгол Улсын Засгийн газрын Олон улсын спортын тэмцээн, наадам зохион байгуулах тухай 325 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын А/161 дугаар захирамжийн дагуу 06 дугаар сарын 07-ны өдөр “Автомашингүй өдөр ”, “Улаанбаатар-Марафон” олон улсын гүйлт болно. “Автомашингүй өдөр “-өөр Энхтайваны өргөн чөлөө буюу Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам, Гэсэр сүмийн уулзвараас Сансарын тунел дотогш 08-17 цагийн хооронд автомашингүй бүс болгох юм. Тусгай дуут болон гэрлэн дохиогоор тоноглогдсон албан үүргээ гүйцэтгэж яваа автомашинаас бусад тээврийн хэрэгсэлд энэ бүсчлэл хамаарагдана. Нийслэлийн Соёл урлагийн газрын явуулын тайзтай автомашин Чингис хааны нэрэмжит талбайд ажиллана.

Recommended Posts