Тайванийн Вандана хийдийн хамба лам яруу найрагч Уй Сигийн санаачлагаар Тайпей дахь Улаанбаатарын Худалдаа эдийн засгийн төлөөлөгчийн газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл урлагийн газартай хамтран “Улаанбаатар хотын соёлын өдрүүд”-ийг Тайванийн Хуалень, Тайпэй хотуудад 2015 оны 01 дүгээр сарын 22-ноос 29-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Соёлын өдрүүдийн үйл ажиллагааны нээлтийг 01 дүгээр сарын 24-ний өдөр Хуалень хотын Вандана хийдэд “Монгол гэр” –ийн нээлтээр эхлүүлж морин хуур, хөөмийн түрлэг өргөж, гэрийн ерөөл айлдав. Нээлтэд Вандана хийдийн хамба лам Уй Си, Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн асуудал хариуцсан зөвлөх Ц.Алтанцэцэг, НЗДТГ-ын НХБХ-ийн дарга М.Отгонбаяр, Тайпэй дахь Улаанбаатар хотын худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газрын тэргүүн С.Элбэг болон бусад албаны төлөөлөл оролцож үг хэлсэн.

Соёлын өдрүүдийн хүрээнд Монгол Улсын Төрийн соёрхолт зураач Ц.Цэгмидийн уран бүтээлийн үзэсгэлэнг Тайваны Хуалень хотын Вандана хийдийн Соёл, урлагийн төв дэлгэн, Вандана хийдийн хамба лам Уй Си болон Төрийн соёрхолт зураач Ц.Цэгмид нар нээж үг хэлэв.
Хуалень хот дахь концертыг Вандана хийдийн хамба лам Уй Си, Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Б.Батцэнгэл нар нээж үг хэлэн, Улаанбаатар чуулгын уран бүтээлчид, Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын опера эмэгтэй дуучдын бүрэлдэхүүнтэй урлагийн багийнхан Хуалень хотын иргэдэд Монголын уламжлалт урлаг болох морин хуур, хөөмий, уртын дуу, бүжиг, цохивор болон үлээвэр хөгжим болон дэлхийн сонгодог бүтээлүүдээс толилуулсан.

01 дүгээр сарын 26-ны өдөр Тайпэй хот дахь Жун Сань хэмээх мэргэжлийн урлагийн тоглолотын ордны тайзнаа зохион байгуулсан Улаанбаатар чуулгын уран бүтээлийн тоглолтын найруулга, уран бүтээлчдийн ур чадвар, нүүдэлчдийн соёлын давтагдашгүй хосгүйг Тайвны ард иргэд биширсэн. Тэр дундаа цамын бүжиг, морин хуур, хөөмий, лимбэний битүү амьсгаа зэргийг бахдан биширч, манай уран бүтээлчдийг 2015 оны намар Тайпэй хотод урьж, хамтарсан тоглолт зохион байгуулах санал ирсэн.

Recommended Posts