Үзэсгэлэнгийн тухай:

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн “Хөтөлбөр батлах тухай” 19/24 дугаар тогтоолоор батлагдсан “Найрсаг Улаанбаатар”  хөтөлбөрийн хүрээнд Монголын нэрт соён гэгээрүүлэгч, анхдугаар богд, өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойд зориулан түүний уран бүтээлээ туурвиж байсан Сарьдагийн хийдийн туурийн малтлагаас гарсан олдворууд, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд буй Занбазарын урласан хосгүй бүтээлүүдийг сурталчлан таниулах зорилгоор үзэсгэлэн зохион байгуулж байна. Үзэсгэлэн 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 12 цагт Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээлтээ хийнэ.

Сарьдагийн хийдийн тухай:

Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Хийдийн Сарьдаг ууланд орших сүм сууринг Өндөр гэгээн Занабазар 1654 оноос бариулж эхлэн 1680-аад онд дуусгасан нь Халхын шарын шашны төв Төгс баясгалант Номын Их хүрээ мөн хэмээн түүхчид үздэг.

Өндөр гэгээн Занабазар бурхны шашныг дэлгэрүүлэхээр Монгол нутагт Баруун Хүрээ, Төвхөн, Номын Их Хүрээ, Зүүн Хүрээ зэрэг сүм хийдийг байгуулж байсан байна. Тус үзэсгэлэнд Сарьдагийн хийдэд хийсэн 2 жилийн малтлага судалгааны явцад илрүүлсэн 1300 гаруй олдворуудаас дээжлэн 100 гаруй зүйлсийг дэлгэн үзүүлж буй юм.

Мөн үзэсгэлэнгийн үеэр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Шинжлэх ухааны академийн хооронд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ёслол болно. Үзэсгэлэн 2015 оны 04 дүгээр сарын 28-наас 05 дугаар сарын 28-ны өдрүүдэд Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд болно.

Занабазарын амьдрал, уран бүтээлийн талаар:

Монголын төр, шашин, соёлын нэрт зүтгэлтгэн, бурхны шашны тэргүүн анхдугаар Богд Жибзундамба хутагт буюу Өндөр гэгээн Занабазар нийтийн тооллын 1635 онд, билгийн тооллын насан төгөлдөр хэмээх хөхөгчин гахай жилийн 9-р сарын 25-нд Түшээт ханы нутаг Есөн зүйл хэмээх газарт (одоогийн Өвөрхангай аймгийн Зүйл сумын нутаг) Түшээт хан Гомбодоржийн хатан Ханджамцын хоёрдугаар хөвгүүн болон мэндэлжээ. 1639 онд Түшээт хан Гомбодорж, Сэцэн хан Шолой тэргүүтэй Халхын ноёд Ширээт цагаан нуурт чуулж, түүнийг 5 настай байхад нь Халхын бурхны шашны тэргүүнээр өргөмжилж, өөрсдийн харьяатаас 108 бандийг шавь болгон өргөжээ. Өндөр гэгээн нь Чингис хааны алтан ургийн язгууртан бөгөөд XVII зууны үеийн улс төр, шашны нөлөө бүхий зүтгэлтэн байжээ. Тэрээр ном эрдэмд гэгээрсэн хуврага төдийгүй уран баримал, зураг, уран барилга, яруу найраг зэрэг урлагийн төрлөөр мэргэшсэн уран бүтээлч хүн юм. Занабазарын урласан бүтээлээс “Хорин нэгэн дара эх”, “Цагаан, ногоон дара эх”, “Язгуурын таван бурхан” зэрэг бурхны баримлууд нь Монголд төдийгүй дэлхийд “Занабазарын хийц” гэдгээр алдаршжээ.

 

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

Recommended Posts