Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, Улсын драмын эрдмийн театр, Соёл, урлагийн их сургууль, Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз хамтран Нийслэлийн 9-н дүүргийн ЕБС-ийн сурагчдын дунд театрын ирээдүйн үзэгчдийг бэлтгэх, үзэгчийн соёлыг төлөвшүүлэх, соёл, урлагийн боловсрол олгох зорилго бүхий “Бидний театр” жүжгийн уралдааныг зарлалаа.

“Бидний театр” жүжгийн уралдааны хүрээнд УДЭТ-аас 9-н найруулагч ажиллаж, нийслэлийн дүүргүүдийн ЕБС-ийн ахлах ангийн авьяаслаг сурагчдаас жүжгийн багаа бүрдүүлж, жүжгүүдээ тайзнаа амилуулах юм.

Дүүрэг бүрийн хамгийн шилдэг гэсэн авьяаслаг сурагчдаас бүрдсэн жүжгийн баг дүүргээ төлөөлөн бусад дүүргүүдтэй өрсөлдөх бөгөөд жүжгийн уралдаан 2 үе шаттай явагдаж, нэгдүгээр шатанд дүүргүүдийн ЕБС-ийн сурагчдад жүжгээ үзүүлэх үзлэгийн шатыг зохион байгуулах бол хоёрдугаар шат Нийслэлийн Улаанбаатар чуулгад 2018 оны 05 дугаар сарын 8,9-ний өдрүүдэд явагдаж, театрын урлагийн нэрт зүтгэлтнүүд жүжиг тус бүрт үнэлгээ өгч шүүн явуулна. Тус уралдаанаар шилдэг жүжиг 1,2,3 дугаар байр, шилдэг эрэгтэй, эмэгтэй гол болон туслах дүрүүд, шилдэг найруулагчийг тус тус тодруулах юм.

Энэ дашрамд дуулгахад Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевиз уралдаанд оролцож буй жүжгүүдийг телевизийн контент болгохоос гадна театрын урлаг, үзэгчийн соёлын асуудлаар нэвтрүүлгүүдийг бэлтгэн үзэгчдийн хүртээл болгон ажиллана.

Ингээд та бүхэндээ нийслэлийн 9-н дүүрэгт ажиллах найруулагчид болон сонгогдсон жүжгүүдийн мэдээллийг хүргэе.

1. Хан-Уул дүүрэг
– Найруулагч Г.Алтангэрэл, В.Хюго “Парисын дарь эхийн сүм” жүжгээр
2. Баянзүрх дүүрэг
– Найруулагч Д.Сайнбуян, Б.Лхагвасүрэн “Тамгагүй төр” жүжгээр
3. Баянгол дүүрэг
– Найруулагч Б.Болдхүү, М.Сервантес “Кихот ноён” жүжгээр
4. Багахангай дүүрэг
– Найруулагч Н.Анхбаяр, Ж.Б.Моллер “Бэрд” жүжгээр
5. Багануур дүүрэг
– Найруулагч А.Нямцэрэн, У.Шекспир “Гамлет” жүжгээр
6. Сүхбаатар дүүрэг
– Найруулагч Б.Шинэбаяр, У.Шекспир “Ромео, жульетта” жүжгээр
7. Налайх дүүрэг
– Найруулагч Я.Билгүүнсар, У.Шекспир “III Ричард хаан”
8. Чингэлтэй дүүрэг
– Найруулагч Ц.Батнайрамдал, Ф.Шиллер “Хар санаа хайр сэтгэл” жүжгээр
9. Сонгинохайрхан дүүрэг
– Найруулагч У.Дэлгэрбуян, У.Шекспир “Зуны шөнийн зүүд” жүжгээр

Түүнчлэн дүүрэг тус бүрийн зохион байгуулалтыг Засаг даргын тамгын газрын Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, соёлын ордон, төвүүдтэйгээ хамтран зохион байгуулан ажиллаж байна.

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

Recommended Posts