Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2002 оны “Морин хуураа дээдлэн дэлгэрүүлэх тухай” 17 дугаар зарлигийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд “Морин хуурын олон улсын VI наадам – уралдаан 2018”-ыг 2018 оны 06 дугаар сарын 30-наас 07 дугаар сарын 05-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Нийслэлийн Соёл, урлагийн газраас анхлан санаачилсан “Дэлхийн морин хуурын холбоо” ТББ-тай хамтран зохион байгуулах гэж байна.

Энэ удаагийн наадам – уралдааны бэлтгэл ажлыг хангах зорилтын хүрээнд Нийслэлийн Соёл, урлагийн газрын даргын тушаалаар батлагдсан ажлын хэсгийн хурал 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр боллоо.

Хурлыг “Монгол туургатны соёл, эрдэм шинжилгээний сан”-ийн гүйцэтгэх захирал Ж.Баатарцогт удирдан, “Дэлхийн морин хуурын холбоо”-ны наадмын ерөнхий зохион байгуулагч, Морин хуурын чуулгын менежер Ж.Уугантуяа нэгдсэн ажлын төлөвлөгөө, зохион байгуулах үйл ажиллагааны хөтөлбөрийн талаарх мэдээллийг танилцууллаа.

Ажлын хэсгийн багийн гишүүд тус наадам – уралдааны хүрээнд зохион байгуулагдах шилдэг морин хуур сонирхогчид мөн морин хуур урлаачдыг шалгаруулах уралдааны саналыг дэмжихийн сацуу нэмэлтээр мэргэжлийн морин хуур судлаачид, эрдэмтэд, удирдаачид, хөгжимчид, сонирхогчдын дунд хэлэлцүүлэг зохион байгуулан ажиллах талаар санал гаргалаа.

Энэхүү наадам – уралдааныг зохион байгуулснаар Монголын соёл, урлагийг морин хуур хөгжмөөр дамжуулан дэлхий нийтэд сурталчлах, морин хуурыг сурч, судалж буй олон улсын сонирхогч, судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан суралцахад дэмжлэг үзүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Энэ жил зохион байгуулагдах “Морин хуурын олон улсын VI наадам – уралдаан 2018”-д Монгол, Япон, ОХУ, БНХАУ, АНУ, БНГУ, БНФУ-ын нийт 400 гаруй морин хуур суралцагч, сонирхогч, эрдэмтэн судлаачид оролцохоор саналаа ирүүлээд байна.

2 (3) 2 (4) 2 (1)

 

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

Recommended Posts