Монгол Улс, Бүгд найрамдах Турк улсын хооронд дипломат харилцаа тогтсоны 50 жилийн ой өчигдөр тохиов. Турк улсын ЭСЯ-аас энэ хугацаанд хоёр улсын хооронд явагдсан ажлуудыг танилцууллаа.

Соёлын харилцааны хүрээнд МУИС-д Түрэг судлалын хүрээлэн байгуулж соёл, түүхийн салбарын судалгаа шинжилгээг эрчимжүүлэх зорилготой байгаа аж. Мөн МУИС-ийн оюутнуудад бакалавр, магистрийн зэргийн тэтгэлэгт хөтөлбөрүүдийг зарлахаас гадна Турк судлалын ангид шинээр элсэх 15 оюутныг тус улсад үнэ төлбөргүй тэтгэлгээр сургахаар болжээ. Уг хөтөлбөр цаашид тогтмол хэрэгжих юм.

Туркийн Тика байгууллагаас өнгөрсөн хугацаанд Монгол Улсад 640 гаруй хөтөлбөр хэрэгжүүлсэн бөгөөд энэ жил 60 гаруй төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Төсөл хөтөлбөрөөс онцолбол, Налайхын мэргэн Тоньюкукийн гэрэлт хөшөөний орчимд музей байгуулахаар 2-3 сая ам.долларын санхүүжилт хийхээр тооцоолжээ. Түүнчлэн 2018 онд хоёр улсын гадаад худалдаа 43-44 сая ам доллар байсан. Үүний ихэнх хувь нь Турк улсаас Монгол улсад оруулж буй импорт эзэлжээ.

1

Recommended Posts