Соёлын яам, НЗДТГ-тай хамтран иргэдэд соёл, урлагийн үйлчилгээг ойртуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, соёл, урлагийн байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлах, уран бүтээлчдээр дамжуулан цар тахлаас урьдчилан сэргийлэх уриалгыг иргэдэд хүргүүлэх зорилгоор “Соёлын цаг” аяныг хэрэгжүүлж байгаа. Тус аяны нээлтэд Соёлын сайд С.Чулуун, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Ц.Нацагдолгор, Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Ч.Бат-Эрдэнэ нар болон холбогдох албаны хүмүүс, урлагийн байгууллагуудын удирдлагууд, уран бүтээлчид оролцсон.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан хэлэхдээ, “Иргэдийн соёл урлагийн хэрэгцээг хангах шаардлагын хүрээнд номын сан, кино театр зэргийг үе шаттай нээж байгаа ч томоохон урлагийн үйл ажиллагаа хаалттай хэвээр байна. Иймээс олон хүн цуглуулахгүйгээр иргэдэд соёлын үйлчилгээг үзүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Мөн дүүрэг бүрт нийтийн биеийн тамирыг дэмжих хөдөлгөөн өрнөж байгаа. “Соёлын цаг” аянаараа дамжуулж иргэддээ соёл, урлагийн үзвэр үйлчилгээ тоглолтуудаа хүргэхээр зорьж байна” гэв. “Соёлын цаг” аяны хүрээнд нийслэлийн 9 дүүргийн 21 байршилд 21 мэргэжлийн урлагийн байгууллагууд урлагийн тоглолт, музей, нүүдлийн номын сан зэрэг үзвэр үйлчилгээг иргэдэд үнэ төлбөргүйгээр толилуулахын зэрэгцээ дэлхийн олон улсад тархаад буй цар тахлаас урьдчилан сэргийлэх уриалгыг иргэдэд хүргэх юм.

Recommended Posts