ЦЭВЭЭНДОРЖИЙН ДЭЛГЭР

(1956-2020)

Монгол Улсын Гавьяат багш, СУИС-ийн Хүндэт профессор, сурган хүмүүжүүлэгч,  Монгол уртын дууны дэг сургалтыг өвлүүлэн уламжлуулагч, нэрт уртын дууч Цэвээндоржийн Дэлгэр 2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр таалал төгсч, бид бүхэнд хүнд гарз тохиолоо.

  Ц.Дэлгэр нь 1956 онд Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төржээ. Тэрээр 1985 онд Улсын багшийн дээд сургуулийн Дуулаачийн ангийг Зууны манлай уртын дуучин Н.Норовбанзадын удирдлага дор суралцаж төгссөн анхны дээд боловсролтой уртын дуучдын нэг байсан.

 Ц.Дэлгэр уртын дууны намба төрх, дуулах ур зүйг бүрэн эзэмшсэн, нандин цохилготой, уянгалаг нарийн цээл хоолойтой манлай дуучин байсан бөгөөд Төв халх аялгуугаар “Эртний сайхан”, “Өвгөн шувуу хоёр”,  Баянбараат аялгуугаар “Цэцэн хааны хүлэг”, Боржигон аялгуугаар “Жаргалтайн дэлгэр” зэрэг уртын дуунуудыг дуулж, радиогийн алтан сан хөмрөгт мөнхлөн үлджээ.

1985-1995 онд Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт гоцлол дуучнаар ажиллах хугацаандаа Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурьд 428 удаа дуулсан байдаг.

 Ц.Дэлгэр 1996 оноос өнөөг хүртэл Соёл урлагийн их сургуулийн Дуулах урлагийн тэнхимд багшлахдаа уртын дууны олон арга барилыг шавь нартаа эзэмшүүлж, өвлүүлэн үлдээсэн сурган хүмүүжүүлэгч байсан бөгөөд “Баянбараат дэг аялгуугаар дуулах арга барил”, “Боржигон найрын дэг”, “Багшийг шүтэх ёсон” зэрэг судалгааны өгүүллийг нийтлүүлэн, эрдэм шинжилгээний хуралд олон арван илтгэл хэлэлцүүлсэн юм.

Ц.Дэлгэрийн хөдөлмөр, бүтээлийг төр, засгаас өндрөөр үнэлж, 1998 онд “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдэг, 2001 онд “Хөдөлмөрийн хүндэт” медаль, 2004 онд “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдэг, 2012 онд “Монгол Улсын “Гавьяат багш” цол хүртжээ.

Ц.Дэлгэр багшийн эх орондоо хайртай, хүнлэг эрхэм чанар, ёс уламжлалаа дээдэлсэн эрхэмсэг намба төрх, уртын дуугаа өвлүүлэн үлдээсэн гавьяат үйлс  бидний сэтгэл зүрхэнд мөнхөд орших болно. 

МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ЯАМ

Recommended Posts