Нийслэл Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дэх түүхэн дурсгалт барилга болох Дамбадаржаалин хийдийг Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хүрээнд сэргээн засварлах, шаардагдах зураг төсвийг боловсруулах талаар холбогдох албаны хүмүүс ажиллалаа.

Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 1.1.2 дахь “Нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа түүх, соёлын дурсгалт зүйлсийг хамгаалалтад авч сэргээн засварласан байна” заалт, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.6.7 дахь “Улс, нийслэл, дүүргийн хамгаалалтад байх түүх, соёлын дурсгалт газар, барилга байгууламжийг бүсчлэн хувааж аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгоно” гэж тусгасны дагуу Сүхбаатар дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Энхболд, Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн, Нийслэлийн Засаг даргын дэргэдэх соёлын өвийн зөвлөлийн гишүүн, Доктор, Архитектор З.Оюунбилэг, Соёлын өвийн үндэсний төвийн мэргэжилтэн болон бусад албаны төлөөлөл өнөөдөр Дамбадаржаалин хийдэд ажиллалаа.

Тус хийд нь Богдын Хүрээнээс үлдсэн хамгийн эртний архитектурын дурсгал бөгөөд тус хийдийг Манжийн хааны зарлигаар II Богд Жавзандамба хутагтын дурсгалд зориулан 1761-1765 онд баруун, зүүн Сэлбэ голын уулзварт байгуулжээ. Хийд нь ерөнхий төлөвлөлт, хийц, өнгө будаг, чимэглэлийн хувьд Амарбаясгалант хийдтэй адил бөгөөд боржин чулуу, хөх тоосго, хөх ваар, мод зэрэг нь барилгын үндсэн материал болдогоороо онцлогтой.

Сүхбаатар дүүргийн зүгээс Зонхов уулыг тахих, орчны тохижилт үйлчилгээг сайжруулах, Нийслэлийн зүгээс сэргээн засварлах зураг, төсвийг гаргуулах, өмчлөл болон хамгаалалтын бүс, газрын асуудлыг шийдэх тал дээр хамтран ажиллахаар ярилцлаа.

Recommended Posts