Эх хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдрийг “Монгол хүүхдүүд” сэдвийн хүрээнд зохион байгуулахаар болсон талаар өнөөдөр нийслэлийн Засаг даргын Тамгын газар, болон Нийслэлийн Соёл урлагийн газар, Нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газар, Улаанбаатар хотын Замын цагдаагийн алба зэрэг холбогдох байгууллагаас мэдээлэл хийлээ.

Монгол хүүхдүүдийн оюун санаа, бие бялдар, бодох сэтгэх онцлогт нийцсэн уламжлалт 15 нэр төрлийн наадгайгаас хүүхэд багачуудын сайн мэддэг 6 төрлийг онцлон “Уламжлалт наадгайн баатрууд”-ыг хүүхэд багачуудад зориулан шинээр бүтээн гаргаж байгаа юм.

Эрт үеэс уламжлагдан ирсэн Монголын уламжлалт 15 төрлийн 3000 гаруй зүйлийн тоглоом наадгайг энэ цагийн хүүхэд багачууд, эцэг эхчүүдэд сурталчлан таниулах, хамтдаа тоглох, түгээн дэлгэрүүлэх, тухайн төрлийн Монгол контентийг бий болгох зорилготой аж.

Эх хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн арга хэмжээг найруулж буй УДЭТ-ын найруулагч С.Болд-Эрдэнэ “Хүүхдийн баяраар уламжлалт 15 төрлийн наадгайгаас сонгон хүүхэд багачуудын сайн мэдэх баатруудыг шинээр гаргаж “амилуулна”. Энэ нь 2017 оны хүүхдийн баярын хамгийн том онцлог бөгөөд хүүхэд багачуудад таалагдана гэдэгт итгэлтэй байна” гэв.

Хүүхдийн баяраар Д.Сүхбаатарын талбайн баруун, зүүн болон Амарын гудамжны автозамыг хааж, автомашины хөдөлгөөнийг хязгаарлан гэж Улаанбаатар хотын Замын цагдаагийн албанаас мэдээллээ. Тодруулбал, Д.Сүхбаатарын талбайн баруун, зүүн хэсгийн автозамыг тухайн өдрийн 10:00 цагаас хааж эхлэх бѳгѳѳд арга хэмжээ дуусах үeд замыг нээх юм байна. Амарын гудамжны автозамыг хүүхдийн баярын үйл ажиллагааны нэг болох “Явган парад”-ын үеэр түр хаах юм.

Мөн хүүхдийн баярын үеэр төв талбайд мэргэжлийн хяналтын байцаагч нар хяналт, шалгалт хийж, явуулын лаборатори ажиллуулах бөгөөд нийт 80 гаруй аж ахуйн нэгж, иргэд худалдаа үйлчилгээ явуулах зөвшөөрөл авчээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

Recommended Posts